МАН-ын сонгуульд зориулан "машиндсан" Малчны тухай хууль малчдаасаа холдов
Аливаа хуулийг хэрэгжиж эхэлснээс хойш 10 жилийн дараа үнэлэлт дүгнэлт өгдөг. Харин Малчны тухай хуулийг ердөө хоёр жилийн дараа эргэж харах шаардлага үүсжээ. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос тус хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр эхлүүлэв.
Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх гэсэн том амбицтай хуулийг 2024-оны УИХ-ын сонгуулийн өмнө ум хумгүй баталсан. Гэвч өдгөө "эвдрэл" гарчихаад буй нь энэ.
Бичвэрийн агуулгыг илтгэх тоо буюу цаглавар:
- 2024.04.19 | Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.
- 2024.05.14| УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийг төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжив.
- 2024.06.02| УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэв.
- 2024.06.05| Хуулийн төслийг нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн батлав.
- 2024.06.28| УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар явагдав.
- 2025.01.01| Малчны тухай хууль хэрэгжиж эхлэв.
Тус хуулийн зорилго, үндэслэлийг уншвал малчдын хөгжлийг дэмжсэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тэлсэн урт хугацааны зорилготой мэт харагдана. Харин хууль "үйлдвэрлэсэн" хугацаа, он цагийн дарааллыг ажваас сонгуульд зориулсан улс төрийн шийдэл болох нь анзаарагдаж буй.
Ерөөс МАН-ынхан сонгууль дөхмөгц орон нутаг руу ойр ойрхон давхиж, иргэд малчдаас оноо цуглуулах аргаа боловсруулдаг. 2024 оны сонгуулийн амлалт нь Малчны тухай хууль байсан гэдгийг нэр бүхий гишүүд өөрсдөө дурдаж буй.
Өдгөө баталсан хуулиа эргэж харъя, хянаж сайжруулъя гэж буй нь сонгуулийн жил угтсан “тактик”’. Сонсгол санаачлагчдын дийлэнх нь орон нутгаас сонгогдсон. Эрх баригчдаас гадна Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар нарын сөрөн хүчнийхэн нэгдсэн. Мөн л тойргийн гишүүд. Өөрөөр хэлбэл, зовлон нэгтэй нөхөд гэсэн үг.
Учир нь, тойрогтоо ажиллах бүрт уулзсан малчид сонгуулийн амлалтыг нь сануулж, хууль нь хөрсөнд бууж хэрэгжихгүй байгаа талаар шавдуулсаар хүлээж суугаа. Тиймээс ахин сонгогдох нүүрээ бодож, бэлтгэлээ базааж байгаа нь энэ. Наана нь Ерөнхийлөгчийн сонгууль гэж том ажил бий тул тэд ийн “эвсэж буй”. О.Амгаланбаатар мэтийн ойворгон нөхөд сонсголд орж ирэн, микрофон булаацалдаж байгаа нь ч малчдад харагдаж үзэгдэх зорилготой.
Хоёр жилийн өмнө баталсан хууль яагаад “гацав”
Хуулийн хүрээнд тодорхой зохицуулалтуудыг хийхдээ Засгийн газрын журмаар батлах байжээ. Тодруулбал, Засгийн газраас 11 журам гаргаснаар хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм. Үүний ихэнх нь батлагдаагүй, эхнээсээ журам батлах хуулийн хугацаа нь дуусчихаад байгаа аж.
Гэхдээ баталсан хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж, үүрэг чиглэл өгөх УИХ-д МАН олонх, Засгийн газрын эрх ч тэдэнд байна. Тэгэхээр сонгуулиар малчдын саналыг авах зорилгодоо хүрсэнээс хойш энэ хуулийг “мартчихсан” хэрэг.
Одоогоор хоёр журам батлагдсаны нэг нь 10-аас дээш мал маллаж байгаа малчин иргэдийн хүүхдүүдийг мал аж ахуй бэлчээр, тэжээлийн чиглэлээр сургах юм байна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч сурах мэргэжлийн чиглэлийг нь мал аж ахуй, бэлчээр хамгаалалаар “хайрцагласан” нь амьдралд нийцэхгүй, хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг нь хязгаарлаж байгааг малчдын төлөөлө хэлж байв. Угтаа малын эмч, зоотехникч зэрэг малчдад хэрэгтэй, улсад дутагдалтай нарийн мэргэжлүүдийг тусгах хэрэгтэйг сануулсан юм.
НДШ нөхөн төлүүлэх журам батлах хуулийн хугацаа дуусчээ
Энэ хуулиас малчдын хамгийн өндөр хүлээлт тавьсаэ заалт нь НДШ -ийг нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх байв. Учир нь, малчид тогтмол орлогогүй тул сар бүр нийгмийн даатгал төлөх боломж хомс. Энэ нь эргээд тэтгэврээ тогтоолгоход хүндрэл учруулдаг. Улс төрчид ч үүнийг овжин ашиглаж, нөхөн төлөх хууль баталлаа гэж рекламдсан, сонгуулийн өмнө. Тодруулбал,
Малчны тухай хуулийн 4.2.9. хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх
Уг заалтыг Засгийн газраас журам батлан, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх байв. Өнөөг хүртэл журам батлагдаагүй төдийгүй хуулийн хугацаа нь дууссан байна. ХХААХҮЯ-ны газрын дарга эн талаар “Журмаа боловсруулаад, холбогдох яамдаас санал аваад явж байсан ч санхүүгийн эх үүсвэрийн асуудал гараад ажил зогссон. Одоо хуулийн хугацаа нь дууссаэ тул журмаар зохицуулах боломжгүй. Хуульд нэмэлт, өөрлчлөлт оруулах шийдэл бий” гэх тайлбар өгч байгаа юм.
Энэ хэрэгжиж эхлээгүй заалтаас болж малчид НДШ-аа төрөөр төлүүлдэг, ажилгүйгээрээ нэг хэсэг “цоллуулсан” Угтаа улсаас авахаас илүү нөхөн төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал юм. Ер нь малчид төрөөс эрх зүйн орчныг тодорхой болгоод өгвөл ажиллаж амьдрахад, мал аж ахуйгаа хөгжүүлэхэд нэмэртэй байна. Түүнээс хэрэгждэггүй, тодорхойгүй олон хууль батлах нь эргэлзээтэй байдал үүсгэж, улам “чөдөрлөдөг” гэдгийг сонсголын үеэр хэлж байсан юм.
Хоёр жил хэрэгжсэн тус хуулийн хуулийн бусад заалтын хэрэгжилтээс дурдвал, хоёр малчин ипотезийн зээлд хамрагдсан, 50 орчим хүүхэд ХААИС-д суралцаж байгаа аж. Хуулийн гол агуулгуудын нэг Малчны хөгжлийн сан байгуулах асуудал огт урагшлаагүй.
Монгол Улс 300 мянган малчин өрхтэй. Тэдэнд зориулсан нэртэй сонгуульд зориулж “машиндсан” хуулийн хэрэгжилт иймэрхүү. Ийм байдалтайгаар хөдөөг хөгжүүлж, эзэнтэй болгоно гэвэл “мянгуужингийн үлгэр” болох биз.
Малчны тухай хуулийн автор нь Г.Тэмүүлэн. Тэрбээр “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 937 хууль байгаа. Бид анх удаа хуулиар сонсгол зохион байгуулж байгаа нь онцлог” хэмээн гайхуулах шахам ярим юм. Үнэн хэрэгтээ хэчнээн муу хууль баталж, сонгуулийн PR хийснийх нь илрэл.
Өдгөө Р.Сэддорж гишүүн малчны хүүхдийг нэг, хоёрдугаар ангид нь гэртээ буюу цахимаар сургаж, гуравдугаар ангиас нь үргэлжлүүлэн танхимаар сургах агуулга бүхий хуулийн төсөл ярьж яваа. Энэ ч мөн малчдын эмзэг сэдэв дээр дөрөөлж сонгуулийн оноо түүх л зам. Түүнээс биш эцэг эхчүүд “Малчдын хүүхдийг хичээлийн хоцрогдол, үе тэнгийн гадуурхалтад оруулна” гэдгийг хэлж байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуулийн өмнө гоё ярьдаг, дараа нь мартдаг жишээний нэг болж дээ
Malchid sanalaa ogson, harin huuli ni heregjsen uu gedeg hamgiin chuhal
НДШ нөхөн төлөх асуудлыг шийднэ гэж амлаад орхисон юм байна
Songuuli duhuhuur l malchdaa sanadag boljee
Хууль батлах амархан, хэрэгжүүлэх нь хэцүү гэдэг үнэн юм даа
Malchdiin huuhduudiig songoson mergejleer ni hyazgaarlah ni zuv bish
Малчдын амьдрал дээр бодит өөрчлөлт гарсан нь хаана байна