АН-ын залуус нэг тойрогт өрсөлдвөл МАН-ын "Хууччуулд өгөөш” болно

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр товлогдоод байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр 2020-2024 оны парламентад Улаанбаатар хотын иргэдийг 24 гишүүн төлөөлөх бол, хөдөө орон нутгийн иргэдийг 52 гишүүн төлөөлөх тойрог, мандатын хуваарь батлагдаад байна. Мөн нэг тойрог олон мандат буюу томсгосон можаритор системээр сонгуулийг явуулахаар хуульчилсан. Энэ нь нэг намаас нэр дэвшигчдийн дунд ч өрсөлдөөн явагдана гэсэн үг юм. Иймд МАН болоод АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогсод эхнээсээ тодорч эхлээд байна.
-ЗАЛУУ ЛИДЕРҮҮД НЭГ ТОЙРОГТ ӨРСӨЛДВӨЛ САНАЛ ТЭНЦҮҮ ХУВААГДАЖ, ХЭН НЬ Ч ЯЛАЛТ БАЙГУУЛАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР-
Тухайлбал, УИХ-ын гурван мандаттай Сүхбаатар дүүрэгт АН-аас Боловсролын сайд асан Л.Гантөмөр, тус намын Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар нэр дэвшин өрсөлдөх бол, МАН-аас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар өрсөлдөнө гэсэн албан бус мэдээлэл байна.
МАН-ын дунд үеийн лидерүүдийн хувьд Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар өмнө нь тус дүүргээс УИХ-д хэдэнтээ сонгогдсон эрхмүүд. Тэдний сонгогчид болоод баг нь бэхэжсэн гэж хэлж болно. Харин АН-ын залуучуудын лидер Л.Гантөмөр, С.Эрдэнэболд нарын хувьд санал нь тэнцүү хоёр хуваагдаж, МАН-аас нэр дэвшин өрсөлдөх гуравдагч нэр дэвшигч тэдний голоор “од” шүүрч, УИХ-д сонгогдох магадлал өндөр байна.
МАН-д ч яг ийм нөхцөл зарим тойргууд дээр үүсээд байгаа аж. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын хоёр лидерээ нэг тойрогт буюу Хэнтий аймаг нэг дор өрсөлдүүлэхгүй байх зарчмыг тус намаас барьж байгаа ажээ. Учир нь тэдний санал хуваагдах, мөн өөр тойрогт аль нэг нь бусад нэр дэвшигчдээ манлайлан чирч орох нь үр дүнтэй байгаа ажээ.
Иймд МАН-ын хувьд сонгогдох магадлал өндөртэй лидерүүдээ нэг тойрогт нэр дэвшүүлэхгүй байх тактик барьж байгаа ажээ. Харин АН-ын хувьд нэр дэвшигчид нь тодорхой бус байна. Жишээ нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвших магадлалтай Л.Гантөмөр, С.Эрдэнэболд нар УИХ-д сонгогдох магадлалтай ч, тэд нэг тойрогт өрсөлдвөл санал тэнцүү хуваагдаж, хэн нь ч ялалт байгуулахгүй байх магадлалтай юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene ch unen shuu