УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын Засгийн газар Ноён уулын 6207.28 га-г дархан газрын бүсээс чөлөөлж байгаад алтыг нь "ухна"

Наадам дөхөж, олон нийтийн хяналт суларсан энэ үед парламент хуулийг ёстой л нэг “машиндах” шиг болж байна.  Шөнө дөл хүртэл сунаж хуралдан, хуулийн зүйл заалтыг түргэн хэллэг шиг дуржигнуулж, спикерийн алх чөлөөгүй дуугарсаар.

Энэ дүйвээн дунд Ж.Энхбаяр зүгээр суусангүй. Геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндэлийн улмаас гэдгээр халхавчлан Төрийн тахилгат, Дархан цаазат Ноён уулын тусгай хамгаалалтын бүсийг өөрчилж, алтыг нь ухах төсөл түлхчихлээ. Ноён уулын хэвлийд монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, түүхэн улбаа хадгалагдаж буй.

Зүгээр ч нэг өргөн мэдүүлэх бус Засгийн газрын сүр, Шадар сайдын давуу байдлаараа яаралтай горимын тохируулга хийчихсэн. Товчхондоо, долдугаар сарын 3-нд хаврын чуулган хаахаас өмнө батлуулах санаархалтай гэсэн үг.

Ж.Энхбаяр эдийн засаг хөгжлийн сайдын хувьд УИХ-д гардуулсан. Угтаа Н.Учралын Засгийн газрын ажил. Холбогдох хууль тогтоомжууддын хүрээнд хориглолтой, хөдөлгөж болохгүй байгаа тул УИХ-ын тогтоол батлуулж, өөрсдийн танхимдаа Дархан газрын хэвлийг төнхөх эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн МАН-ынхн сонгодог мэх.

Тогтоолын төслийн албан нэршил “Уул уурхайн зарим төсүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай”. Гарчиглаад өнгөрөхөд хүн цад хор холбогдлыг нь анзаарахгүй. Улсчөрчид ийм хоёр алхахгүй баригдах заль хэрэглэх нь ихсэв.

Саяхан гэхэд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлтийн төслөөр халхавчилан Дархан цаазат газрын тухай хуульд гар хүрч нэн эмзэг, өвөрмөц экосистем бүхий Нарансэвстэйн боомтыг нээж, Талын мэлтэсийн ардны ордод гар дүрэх чин хүслээ зүтгүүлсэн. Гэвч эх оронч, хэрсүү иргэдээс нууж чадаагүй тул ашиг сонирхлын зөрчилтэй дагалдах хуулиа татсан.

Одоо Н.Учралын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Ж.Энхбаярын зүтгүүлсэн тогтоолын төслийг задалж харъя.

Тогтоолын төслийн 2-т: Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг УИХ-ын 2016 оны хоёрдугаардугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолд нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.

Харин хавсралтын 1-т: УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 47 дугаар тогтоолын хавсралтаар баталсан улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас энэ тогтоолын хавсралтад заасан солбицол бүхий талбайг хассугай гэж тус тус тусгажээ.

dparliament.mn нээлттэй санд байршуулсан тогтоолын төсөл

Дархан цаазат газраас хасах нийт талбайн хэмжээ нь: 6207.28 га  Энэ нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур сумын нутгийг хамарч байна.

Ноён уул Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрладаг. Хүннүгийн булш тэргүүтэй монголчуудын язгуур өв соёл үнэт зүйл оршиж байдаг гэдгээр хүмүүс андахгүй. Тус хайрханыг 2020 онд Засгийн газраас Ноён уул орчмыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргаж, 2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед төрийн тахилгатай болгосон.

Уул уурхайн хөл, алтанд шунагчдаас хамгаалсан энэ. Гэвч Н.Учралын Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг гээж, гадаад валютын нөөцийг богино хугацаанд өсгөх гэх мэт ганган үгээр хаацайлан Дархан цаазат газрын хил хязгаар өөрчлөн дургих гэж байна.

Ноён уул дахь Гацууртын алтны үндсэн орд

Ерөөс Ноён уулын хэвлийн дэх алтны нөөцөд шунасан гадна дотнын эрх мэдэлтнүүд цагийн цагт байсан. Тийм ч учраас нэг хэсэг Ноён уулаа аваръя хөдөлгөөн өрнөж байв. Тогтоолын төсөлд дурдагдсан, эдийн засгийн эргэлтэд оруулна гэх Гацууртын ордыг анх 1991 онд нээсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог.

Гацууртын орд нь орон нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас таван км-ийн  зайд, харин Хүннүгийн булш олдсон Ноён уул нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 7.5 км-ийн зайд оршдог байна.

Нээснийх нь дараагаас буюу 1992 оноос хойш найман жил орчим Л.Чинбатын “Гацуурт” ХХК 2000 он хүртэл найман жил шороон ордод олборлолт хийж байжээ. Үүнээс хойш Түүний охин Ч.Номин өдгөөгийн Засгийн газар ЦХИХХ-ны сайдаар сууж буй.

Гацууртын ордын дараагийн эзэмшигч, ашиглагч нь Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд Монголия” ХХК. Энэ бол Бороогийн ордыг эзэмшигч "Cентерра гоулд"-ын охин компани. 2004 оноос тус компани ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн.

УИХ-аас  2015, 2016  онуудад  батлагдсан  бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу ордын 34 хувь нь төрд хамаарах ёстой ч Монголын төр ач холбогдол маруухан өгч ирсэн аж.

2018 оны үед тус компанийг дампуурах эрсдэлд орсон Бороо гоулд болон Гацууртын алтны уурхайн төслөө OZD ASIA компанид 35 сая ам.доллараар худалдсан гэх мэдээлэл байдаг. OZD ASIA компани Сингапурын уул уурхай, металийн ордуудыг худалдан авч санхүүжүүлдэг аж.

Гэхдээ нээлттэй мэдээллийн сангаас харвал өдгөө ч “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн нэр дээр Гацууртын орд дахь MV-000372, MV-000341 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн 2025 онд байгууллагын удирдлагад өөрчлөлт орж Австралийн Francis Hayes Alfred гэгч Гүйцэтгэх захиралаар бүртгэгджээ.

Албан тбус мэдээллээр “Сентерра гоулд”-ын лицензтэй талбайд “Сахал” Эрдэнэбилэг, Гацууртын Л.Чинбат нарын оролцоотойгоор алт ухах гэнэ. Далдаа ийм учиртай тул баяр наадам далимдуулан УИХ-аар тогторл гаргуулах зүтгэж байгаа нь аж.

Ж.Энхбаяр бол өөрт нь ашигтай гэж үзвэл төрийн яамыг өөрийнхөө бизнест ойртуулаад зөөчихдөг нөхөр. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр УИХ-ын асуулгын цагт оролцохдоо “Би 80 хоногт сайн ажиллаж байгаа. Наадмын дараа сюрприз барина” гэсэн. Гэнэтийн бэлэг нь наадмаас өмнө эхэлчихлээ.

Гацууртын алтны үндсэн ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар анх 2007 оны арванхоёрдугаар сард шинэчлэн баталжээ. Гацууртын орд нь эдийн засгийн үр ашигтай 17.1 сая тонн хүдэрт агуулагдах 50 тонн тодорхой нөөцөд үр ашигтай 10.6 сая тонн хүдэрт агуулагдах 26.1 тонн алтны нөөцтэй гэжээ.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Эрхэмсэг монголчуудаа энэ юу болоод байна хэлээд өгөх хүн амьтан байна уу? улс орны эрх ашиг гэхээсээ хувийн амбиц хязгааргүй шунал давамгайлсан шийдвэрүүд.гаргаж эхэллээ.Гачууртын Чинбатын санаархал ийнхүү хэрэгжиж эхлэх боллоо.Эцэг өвгөдийн минь ариун онгодыг агуулсан энэ газраа ухаж төнхдөг юм байж арыг нь даах болов уу? онгон дагшин Ноён уулын сахиус савдаг та нарыг хэдэн үеэр чинь цээрлүүлэхийн цагт мянгантаа гэмшээд ч баршгүй тийм аймшигт цээрлэлийн эхний шавыг ийнхүү амжилттай тавилаа шүү дээ.Эцэг өвгөдийн ариун сүнс өршөө нүгэлт хүмүүсийг эд мөнгөнд сохорсон эдгээр хүмүүс дараагийхаа шийтгэлийг ухаарахгүй өнөөдрийн хэдэн халтар төгрөгний төлөө бүхэл бүтэн үр удмаа сүйтгэхээр шийджээ.Ж,Энхбаяр та шуналаа татах болоогүй юу? аавыхаа үгээр амьдралын буруу хэвшлээр зөвхөн мөнгөний төлөө улс төрд морилсон Номинтой юу ч ярих вэ? та нар юу руу орж байгаагаа мэдэж байгаа гэж найдьяа

Бодит байдал
Бодит байдал

Ноён уулын Хүннүүгийн олдворуудыг оросууд бүгдийг нь ухаж аваад судлаад буцааж өгнө гэж гэрээгээр авч яваад одоо хүртэл буцааж өгөөгүй,Эрмитажийн музэйд жуулчдад үзүүлж мөнгө олж байгаа .Номин Соёлын сайд байхдаа жаахан хөөцөлдөөд бараагүй.Дандаа бусдын юмыг бохир аргаар хулгайлж сурсан өлөн оросууд.

Zochin
Zochin

Энэ үнэн бол энэ засгийн газар,ардын намыг далд оруулж,ард түмэн минь босох хэрэгтэй .Бүх юмаа гаднаас авдаг манай улс наадам гэж бх үеэр, эдийн засаг дэлхий даяар хэцүүдэж бхд, яах ийхээ шийдэхгүй, таарсан засаг төр юмааа

Зочин
Зочин

naadmaar hulgai hiigeed garshsan ene nam

Холбоотой мэдээ

Back to top button