Сурвалжилга, Нийтлэл

90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан ч портероор ачаа зөөж, өөртөө ажлын байр бий болгосон Д.Алтангэрэл, түүнийг хөл дээр нь бостол бууж өгөөгүй хань М.Хулан

Даралт харваж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан ханиа хөл дээр нь бостол амьдралд сөхрөөгүй, дөрвөн хүүхдийн ээж, алдарт эхийн хоёрдугаар одонт М.Хулан. Түүнтэй уулзмагц "Хүн яаж ийм их ачааг бөхийлгүй туулж явахдаа ер нулимсгүй, ийн инээж суудаг байна аа" гэж хэнд ч атугай бодогдмоор.

2020 онд "Одоо л амьдрал аятайхан болох гэж байна даа, хань аа. Одонгийнхоо хүүхдийг төрүүлье" гэж санасан залуу гэр бүл Д.Алтангэрэлийнд хүсэн хүлээсэн хоёр зураас, бас амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн харамсалтай мэдээ нэг өдөр дуулджээ.

-Видео-


М.Хулан: Тэр өдөр би нөхрөө ажилд нь хүргэж өгчхөөд өөрөө ажил руугаа явсан юм. Хэзээнээсээ би жирэмсэн үедээ маш өлсгөлөн болчихдог юм л даа. Гэрээсээ хоолоо идээд гарсан хэр нь яг ажил дээр ирээд л өлсөх мэдрэмж төрөв. Болчихсон юм байх даа... гэж бодоод жирэмсний тест үзэхэд, хоёр зураас. Хармагцаа ханьдаа хэлэхээр утсаа шүүрч авчхаад, заа орой л хэлье гээд азнасан юм. Яагаад гэвэл хань минь өмнөх гурван хүүхдээ маш баяртайгаар хүлээж авсан учир тестээ л харуулж, баярласан төрхийг нь харъя гэж бодсон юм.

Гэтэл тэр мөчөөс удалгүй манай хадам эгч утасдав. "Нөхөр чинь харвачихлаа" гээд утсаа салгав. Ерөөс итгээгүй. Гэр рүүгээ чиглэн явж байх зуурт түргэний тэрэг дэргэдүүр өнгөрөв. Хүн гээч зөн совингоороо нэгнээ мэдэрдэг шүү дээ. Яг тэр дотор л манай хүн байгаа юм шиг санагдаад түргэний тэргийг даган эмнэлэгт хүрсэн юм. Тэгтэл хань минь юу ч болоогүй аятай бууж ирж, "зүгээрээ ханиа, битгий санаа зов" гэж хэлээд эмнэлэг рүү алхаад орчихдог юм байна. Нөхрийг минь авч ирсэн тэр эмч манай том охин шиг шавилхан биетэй, жаахан охин байсан. Түүнээс "даралт харвасан гэж дуулсан. Яагаад харвасан хүнийг алхуулаад оруулчхав аа" гэж асуухад "Харвалт биш. Тэглээ ч ийм том хүнийг чинь яаж өргөх юм бэ" гэж хэлээд эмнэлэг рүү гүйгээд орчхов оо. Араас нь орвол саях миний духыг үнэрлээд орсон хүн шалан дээр тэрийгээд хэвтчихсэн байх нь тэр. Томограф болон бусад шаардлагатай оношилгоонд хурдхан орууллаа. Яах аргагүй харвалт. "Тархинд нь атгасан гарын чинээ харвалт байна, амин цэгээс нь 1 мм л хол байна. Босох найдвар бараг л байхгүй. Хэвтрийн хүн болох нь дээ" гэх хариуг олон эмч дуулгав. Тэнгэр хөмрөх шиг л болчихдог юм билээ. Тэрхэн үедээ л их уйлснаа санадаг. Гэхдээ амьдралд бууж өгөөгүй, зүтгэсэн.

Тогоо шиг том гэдэстэй байхдаа нөхрийнхөө портерыг унаад ажлыг нь хийдэг байлаа. Тухайн үед ачсан ачаагаа буулгах бол жолоочийн л үүрэг. Жирэмсэн байна уу, үгүй юу хамаагүй, цалин хөлсөө авч байгаа л бол ажлаа хийх нь хууль. Дээр дурдсанчлан амьдрал яг л төвхнөж байхад хань минь өвдсөн. Өөрт буй бүх зүйлээ зарж, үрээд ч хамаагүй ханийгаа л амьд байлгах миний үүрэг болсон. Эрхэлж л амьдарч байсан би чихэн дэх ээмгээ хүртэл тайлж зарсан. Хувь хүн, зээлийн апп, банк гээд өр тавиагүй газар байхгүй. Өр зээл тавьсан нь үнэн л юм чинь би төлөх ёстой. Тэрний хүчинд миний хань одоо хөл дээрээ боссон. Зээлсэн газар нь нэхэж байгаа нь ч зөв, шүүхэд хандаж байгаа нь ч зөв байх. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд надад бүтэн нойртой хоносон шөнө байдаггүй, гэнэт өвдөнө, эм тариаг нь дөхүүлнэ, таталт өгөхөд нь булчинг нь суллана. Дан ганц даралт харваад зогсохгүй гурван жилийн өмнө түнхээ мулталж солиулсан, нүднийхээ болрыг ч мөн энэ хугацаанд солиулсан. Гэхдээ энэ бүгд зовлон биш, өвчтэй, зовлонтой, хэвтэрт байсан ч хамаагүй хань минь дэргэд амьд байсан нь миний жаргал байсан. Одоо нэг үеэ бодвол учиртай болчихсон, би харьцангуй нойртой хонох боломжтой Гэтэл нэг л өдөр шоронд хоригдох вий гэхээс айж байна. Хэрэв намайг явчихсан 90 хувийн хөдөлмөрийн чадваргүй энэ хүн, дэрсхэн дөрвөн үрс минь яах юм бэ.

Д.Алтангэрэлийнхээс хот ийн харагдана. Тэднийх Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наранд буй. Очих замдаа хашааг нь олохгүй будилахдаа "М.Хулан эгчээ, танайх яг хаан вэ. Тодорхой заагаад өгөөч" хэмээн хүсвэл нэгэн дэлгүүрийн хаяг хэлж, "Зүүн талаар нь өгсөөд яваад л байгаарай. Ганцхан л хашаа нь уначихсан айл бий, тэр манайх" хэмээн хэлэв. Яг энэ газартаа тэд арав гаруй жил амьдарч байгаа гэнэ. Нөхрөө өвдөх үед газраа нэг хэнд 3 сая төгрөгөөр заржээ. Хэсэг хугацааны дараа газрыг нь авсан хүн тэдэнтэй эргэн холбогдож, ядарч явааг нь ойлгож, авсан үнээрээ эргүүлэн өгсөн нь тэдэнд их нэмэр болсноо ярьж байсан юм. Учир нь тухайн үед газар үнэд орсон, мөн хүүхдүүдийнх нь ээнэгшин дассан чөлөө нь болохоор тэр аж.

-Би хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Зүүн тал маань тэр чигтээ мэдээгүй. Гэхдээ ер зүгээр сууж чаддаггүй, хүн учир заавал ажил хийж, миний төлөө зүтгэсэн хань, намайг тойрсон үрсийнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой болохоор өөртөө ажлын байр бий болгож, портероо унаж төмрийн зах дээрээ ажиллаж байна-

Нөхөр Д.Алтангэрэл: Хүн эмнэлэгт тогтмол үзүүлж баймаар юм билээ. Өдөр нь төмрийн үйлдвэр дээр ажиллаж, орой нь таксинд явдаг, барилгын ажилд ур дүйтэй мужаан хүн учир ажил ороод л ирвэл гараад давхичихдаг байсан. Өмөлзсөн үрсээ, намайг түшиж буй ханийнхаа төлөө ёстой л ажилласан шиг ажиллаж, амьдралаа залгуулна гэх залуу насны дэврүүн зан. Гэтэл өвчин хэлж бус хийсэж ирдэг юм билээ. Сахрын өвчинтэй гэдгээ ер мэдэхгүй л явсан минь даралт харвахад хүргэсэн байсан. Тэр үед яг надтай адил даралт харвасан гэх оноштойгоор миний хажуу оронд хэвтсэн залууг эмч үзээд "Та гам сайн бариад эмчилгээгээ хийлгэчихвэл долоо хоноод л зүгээр болчихно. Санаа зоволтгүй" гэж хэлчхээд надад "Та найдваргүй, хэвтрийн хүн болох нь дээ" гээд пал хийтэл хэлчихсэн. Залуу ч байсан, омголон ч байсан "Би заавал босно заа юу" гэж өндөр дуугаар эмчийг зандарснаа мартдаггүй.

Тэр ч сайн гэсэн бүрд очсон. Эмч, домч, бариач, сэргээн засалт, лам, бөө... Очоогүй хүн бараг үлдээгүй байлаа. Тэгж яваад Архангайд байдаг Догмид гуайн сургийг сонссон. Сурсаар явтал, гуравдугаар эмнэлэгт хамт хэвтсэн хүн "Ах нь чамайг Догмид гуайтай уулзуулж өгнө өө" гэсэн юм. Тэр ах надаас хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарсан. Биднийг эмнэлгээс гарахад тосох хүн байхгүй атал эргэлтийн цонх дээр хүн уулзахаар ирсэн байлаа. Очвол ер танихгүй хүн. "Би та хоёртой эмнэлэгт хамт хэвтсэн Ганболдын ах нь байгаа юм. Догмид ирсэн, та хоёрыг дуудаад ир гэлээ" хэмээсэн. Гудсан дээр өргүүлээд очоод нэг хатгууллаа. Тэгтэл "Миний дүү босно оо, эмчилгээтэй хүүхэд байна, дагаад яв" гээд л Архангай аваад явсан. Тав хоног Догмид гуайгаар хатгуулж, эмчлүүлээд таяг тулаад гараад явсан юм. Хүнд босох өдөр ирдэг л юм билээ.

Тэгж хөөрч яваад нэг цас орсон өдөр мөс байгааг анзааралгүй гараад түнхээ хугалж, гэмтлийн эмчээс хөлөө тайрахаас өөр аргагүй гэх мэдээг ч бас сонсож байсан. Мөн л бөөн эмчилгээ, эм тариа, сүүлд хагалгаанд орсон зардал гээд ханийгаа дахиад л зовоосон.

Би хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Зүүн тал маань тэр чигтээ мэдээгүй. Гэхдээ ер зүгээр сууж чаддаггүй, хүн учир заавал ажил хийж, миний төлөө зүтгэсэн хань, намайг тойрсон үрсийнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой болохоор өөртөө ажлын байр бий болгож, портероо унаж төмрийн зах дээрээ ажиллаж байна. Ямартай ч талхныхаа мөнгийг олж л байна. Гэвч амьдралд хүссэн ч хясах үе байх юм, эрүүл үеийнх шигээ ажиллаж, ачаалал дааж мэдээж чадахгүй. Хэт гүрийж яваад дахин харваж, энэ хэддээ дахин дараа болох вий гэж айдаг. Ер миний орчлонд амьдарч буй нь хажууд суугаа ханийн минь буян. Намайг харвахад, түнхээ хугалж хэвтэрт ороход хаяад явбал явах л байсан. Тэгэлгүй "Чи минь л амьд байхад бидний жаргал" гээд бүхнээ зарж үрээд, нэмж өчнөөн сая төгрөгийн өр зээл болчхоод сууж байгаа. Одоо миний чадах зүйл бол энэ хэддээ ядаж талхных нь мөнгийг залгуулж, эрүүл мэндийн байдлаа одоогийнхоосоо дордуулахгүй л байх юм.

-Хувь хүнээс авсан өрнийхөө хүүг зээлийн апп-аас аваад төлнө. Эргээд зээлийн апп-ийн хүү нэхэгдэхэд бас өөр аргаар зээл авч өгнө. Үүнийг хүмүүс сонсоод санхүүгийн мэдлэггүй юм бэ, тэгж их өрийн сүлжээ үүсгээд гэж бодох байх л даа. Гэхдээ надад хойд хормойгоороо урдхаа нөхөж амьдрахаас, тэгж ханийгаа амьд байлгахаас өөр сонголт байгаагүй. Одоо өрөө нимгэлж л яваа. Гэхдээ болоогүй ээ, бидэнд 40 орчим сая төгрөгийн өр бий-

М.Хулан: Хэвтрийн хүнтэй, нялх хүүхдүүдтэй, өр зээлээ төлөх ёстой ачаатай үедээ портер дээрээ майхан бариад голын эрэг бараадан амьдарч явсан ч үе надад бий.

Эмнэлэгт үзүүлэхэд ойр, хэвтрийн хүн бие засахад хялбар, гарч ороход гал түлээд байхгүй гэж санаж хэсэг түрээсийн байранд амьдарч байсан. Мөн л түрээсээ төлж чадахгүй байдал үүсэж, өвлөө арайхийн туулчхаад хүүхдүүдээ айлд хэсэг амьдруулсан. Хүүхдээ байлгаж байгаа нь хангалттай дараа болж буй учир өөрсдөө голын эрэг бараадаж, портер дээрээ майхнаа барьж, хоолоо хийж идээд хэсэг амьдарсан. Гаднаас бид хоёрыг харж буй хүмүүст энэ хоёр аялж, амарч яваа юм байна л гэж боддог байсан байх. Гэтэл бид хоёр очих оронгүй болчхоод л тэнд бүдчиж явсан хэрэг. Орой нь тэгж гол бараадан хоночхоод өдөр нь портероо унаж давхиад ажлаа хийнэ. Надад нөхөр өвдсөнөөс хойш зүгээр суух, ажил хийхгүй өнжих эрх байхгүй болсон. Нэг өдөр ханиад авч халуураад хэвтэхдээ, эмнэлэг бараадахдаа өнөөдөр олж болох мөнгөө бодно. Миний ажиллаагүй өдрийн тэр цалин дангаараа бус, зээл, зээлийн хүүтэйгээ хамт хэмжигддэг юм л даа.

Өнгөрсөн жил нэг хэсэг ухаан алдаж унадаг болчихсон. Эмчид үзүүлэхээр хэт их ачаалал, ядаргаанаас болсон байна гэдэг. Аргагүй биз, сүүлийн зургаан жилд би 3-4 цагийн л нойртой яваа. Нөхрөө асрахын сацуу, өр зээлтэй учир өр өвдөөд амарч чаддаггүй. Өвдөхөөрөө үхэх вий гэхээс хамгийн их айдаг. Дөрвөн хүүхдээ өртэй үлдээж болохгүй шүү дээ гэх бодол эргэлдэнэ. Тэр үед л хамгийн их шантарсан. Орондоо уйлаад л.

Хувь хүнээс авсан өрнийхөө хүүг зээлийн апп-аас аваад төлнө. Эргээд зээлийн апп-ийн хүү нэхэгдэхэд бас өөр аргаар зээл авч өгнө. Үүнийг хүмүүс сонсоод санхүүгийн мэдлэггүй юм бэ, тэгж их өрийн сүлжээ үүсгээд гэж бодох байх л даа. Гэхдээ надад хойд хормойгоороо урдхаа нөхөж амьдрахаас, тэгж ханийгаа амьд байлгахаас өөр сонголт байгаагүй. Одоо өрөө нимгэлж л яваа. Гэхдээ болоогүй ээ, бидэнд 40 орчим сая төгрөгийн өр бий. Бүх өр зээлээ дарчхаад уужуу амьсгаа авах өдөр ирэх байх гэж найддаг.

Нэрийг нь хэлээд яах вэ. Нэг зээлийн эдийн засагч их цухалдахдаа намайг "Чи ингэж амьдрахаар үхээч" гэж байсан. Тэр хүнийг ярьснаас хойш хэсэг хугацаа өнгөрч, би яаж ч хичээсэн тэр өрийг дарж чадахгүй явсаар байв. Дахиад ярихдаа "Чи үхээгүй л байгаа юм уу, үхнэ гэсэн яасан бэ" гээд л ярьж байсан. Ийм хүмүүстэй бишгүй л таарна, зарим нь хөөрхий миний байдлыг ойлгоод хугацаагаа сунгаж өгдөг юм. Гэхдээ би хүний төлөө амьдраагүй шүү дээ. Тэр хүмүүсийн ажилд саад болж, өр зээлээ хугацаандаа төлж чадахгүй байгаа нь өөрийгөө өмөөрөх үг яав ч биш. Юу ч гэж хэлүүлж, доромжлуулж байсан ч би төлөх л ёстой. Тэр хүмүүс нэхэх үүрэгтэй.

Хань дэргэд байхад болно гэх бүлээн бодлоор л өдөр хоног өнгөрдөг. Хүн ийм юм билээ. Жаргалтай үедээ би зовоод байна даа гэж бодоод байвал тэр хүн зовж л амьдардаг. Ямар ч асуудал тохиолдсон ч би жаргаад байна гэж бодох юм бол хэвтэрт орсон өвчтөнөө хараад жаргалтай амьдарч болдог юм билээ.

Анх гэгээн, гэгээн юм мөрөөддөг байлаа. Байранд орно, гадаад аялна, энэ газар дээрээ байшин барина гээд л. Одоо бол өр зээлээ цөмийг нь төлөөд юунд ч санаа зовохгүй амьдрах л бидний мөрөөдөл болчхоод байна.

Д.Алтангэрэлийн гэр бүл.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ гэр бүлийн тэвчээр, хайр үнэхээр биширмээр юм

Зочин
Зочин

Ийм хүмүүсийг төр, нийгэм илүү сайн дэмжих хэрэгтэй

Зочин
Зочин

Ханийгаа орхиогүй М.Хулан эгчид үнэхээр хүндэтгэл төрлөө

Зочин
Зочин

Амьдрал ямар хатуу сорьдгийг энэ түүх харуулж байна

Зочин
Зочин

Эрүүл мэндээ тогтмол шалгуулж байх ямар чухал вэ

Зочин
Зочин

Дахиж улам сайхан амьдрах өдөр ирнэ гэдэгт итгэж байна

Зочин
Зочин

Ийм сэтгэлийн хаттай хүмүүсийг бурхан ивээг

Зочин
Зочин

Үнэхээр нулимс гаргасан нийтлэл байлаа

Зочин
Зочин

Өргүй тайван амьдрах өдөр нь хурдан ирээсэй

Зочин
Зочин

Uneheer bishirch bn iim ger buld az jargal husey

Зочин
Зочин

Yamar ih tevcheer gargasan humuus ve

Зочин
Зочин

Huuhduuded ni saihan ireedui husej bn

Зочин
Зочин

Hicheesen hund bolomj zaaval irne

Зочин
Зочин

Iim tuuhiig unshaad setgel hudluhgui baih argagui

Зочин
Зочин

Ajil hiij amidarch baigaa ni baharhmaar

Холбоотой мэдээ

Back to top button