8–10 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна
8–10 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
- Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 8–10 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.
- Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авч ашиглана уу.
- Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор “Олон жилийн дундаж (ОЖД)” үзүүлэлтэд 1991–2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг болно.
- Улирлын төлөвтэй холбоотой нэмэлт мэдээллийг УЦУОСМХ-ийн ХОУТЗСХ-ээс болон 11–326606 дугаарын утсаар авах боломжтой.
8–10 дугаар саруудын уур амьсгалын тойм
Агаарын температур:
Наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8…+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20…+26°С, бусад нутгаар +12…+20°С байдаг (Зураг 1а). Есдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +2… +8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12… +18°С, бусад нутгаар +8… +12°С дулаан байдаг (Зураг 3а). Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0… +8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12… +18°С, бусад нутгаар +8… +12°С дулаан байдаг (Зураг 3а).
Хур тунадас:
Наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм (Зураг 2а), есдүгээр сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна (Зураг 4а), аравдугаар сард Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна (Зураг 6а)
2026 ОНЫ 8–10 САРУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Наймдугаар сар:
- Агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
- Нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна
Есдүгээр сар:
- Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
- Нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.
Аравдугаар сар:
- Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Өмнөговийн нутаг, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
- Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас төвийн бүс нутгаар ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаашдаа 9 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх хэдийн ч хур тунадас ихэнх нутгаар ОЖД–аас бага байх төлөвтэй байна. Харин 10 дугаар сард баруун болон говийн аймгуудын нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас баруун аймгуудын нутгаар ОЖД–бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.