Зүүн хүрээ Дашчойлин хийдэд “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
Шашин, гүн ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны огтлолцол, харилцан шүтэлцээ, холбогдолыг олон нийтэд таниулах зорилготой “БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН” үзэсгэлэнг 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингис хаан үндэсний музейд нээсэн билээ. 2026 оны 07 дугаар сарын 04-нд тус үзэсгэлэнг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд толилуулах ёслол болно.
Тус үзэсгэлэнг Дилав хутагт сан, МБШТ-Гандантэгчэнлин хийд, Чингис хаан үндэсний музей болон Энэтхэгийн Төвөд номын сан, архив, шинжлэх ухааны төв, Зүүн хүрээ Дашчойлин хийд хамтран зохион байгуулж, аялуулж буй юм.
Нээлтийн үйл ажиллагаанд
Дилав хутагт сангийн тэргүүн Дилав хутагт Данзанламэд, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, АНУ-ын Эмори Их Сургуулийн профессор, доктор Лувсан Тэнзин Нэги, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Гавьяат багш, физикч Л.Бямбажаргал, Өмнөд Энэтхэгийн Гандан Жанцэ хийдийн Шинжлэх ухааны боловсролын хөтөлбөр, Далай ламын нэрэмжит сургалт судалгааны санаачилга эрхэлсэн захирал гэвш Лодойсамбуу тэргүүтэй хүндэт зочид оролцож үг хэлэв.
Үзэсгэлэнгийн үеэр эрдэмтэн судлаачид, эрдмийн өндөр цолтой лам нар нар буддын философи ба шинжлэх ухааны мөн чанар, хүний танин мэдэхүй, орчлон ертөнцийн бүтэц зэрэг сонирхолтой сэдвээр танилцуулга хийлээ.
Үүнд:
“Мэдрэхүйн ертөнц” бүлгийн гүн утга, хүний танин мэдэхүй,
“Хумхын тоосны нууцад нэвтрэхүй” орчлонгийн үл үзэгдэх нарийн бүтэц,
“Эх дэлхий - миний хариуцлага” хүн, байгалийн шүтэлцээний тухай тайлбарлалаа.
Эл үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах тайлбарлагч нарыг бэлдэх сургалтад суусан хүмүүст батламж гардууллаа.
“БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН” үзэсгэлэн
“Мэдрэхүйн ертөнц”,
“Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”,
“Эх дэлхий, миний хариуцлага” хэмээх 3 хэсгээс бүрдэж буй агаад үзмэр нэг бүрийг эртний уламжлалт гар урлал танка зургийн аргаар цор ганц хувиар бүтээжээ. Эдгээр бүтээлийг АНУ-ын Эмори их сургууль, Энэтхэгийн Төвөдийн номын сан, архив, шинжлэх ухааны төвөөс хамтран бүтээжээ.
Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд англи, төвд тайлбартай, бас каталог нь монгол хэлний тайлбартай үзэгчдэд хүрч байна.
Үзэсгэлэн:
2026 оны долдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 3 долоо хоногийн хугацаатай. Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хүрээ Майдар дуганд гарна. Холбогдох утас: 88296648, 99008432.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТОВЧ АГУУЛГА
- ХҮРЭЛЦЭХ МЭДРЭХҮЙ
“Мэдрэхүйн ертөнц” үзэсгэлэнд сэрэл мэдрэхүйн талаарх буддын хийгээд орчин үеийн шинжлэх ухааны үзэл ойлголтуудыг зэрэгцүүлэн толилуулж байна. Эл үзэсгэлэнгийн тайлбар, агуулга, зураг чимэглэлийг Бон, Сажа, Гандан, Брайбүн, Сэра хийдийн сэтгэл зүтгэлтэй, эрдэм мэдлэгт тэмүүлсэн 30 гаруй эрдэмтэн лам хувраг сэдэн бүтээлээ.
- Энэ үзэсгэлэнгийн хүрээнд:
- Бидний нүд хэрхэн хардаг вэ?
- Сонсгол хэрхэн ажилладаг вэ?
- Хамар хэрхэн үнэртдэг вэ?
- Аливааг хэрхэн амталдаг вэ? Хэрхэн хүрэлцдэг вэ?
хэмээх асуултуудад хариулахыг зорьж буй. Түүнчлэн буддын гүн ухааны үүднээс 6 дахь мэдрэхүй гэж үздэг сэтгэл оюуныг багтаасан болно.
2009 оны 12 дугаар сард Өмнөд Энэтхэг дэх Бэрээвэн хийдэд Сэйжер Шинжлэх ухааны манлайллын хүрээлэнгийн 2 долоо хоногийн хугацаатай уулзалтын үеэр энэхүү үзэсгэлэнгийн бэлтгэл эхэлсэн түүхтэй. Сан-Францискогийн Эксплораториум төвийн багш нар судалгаанд суурилсан өртөөчилсөн сургалт зохион байгуулсан нь эл үзэсгэлэнг боловсруулахад үнэтэй туслалцаа үзүүлсэн юм. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь хүний 5 мэдрэхүйн талаарх ойлголт тус бүрээр өртөө байгуулж, лам нараар ахлуулан үзэгч сонирхогчдод бодитой тайлбарлаж өгдөгт оршдог.
- ХУМХЫН ТООСНЫ НУУЦАД НЭВТРЭХҮЙ
"Хумхын тоосны нууцад нэвтрэхүй" үзэсгэлэнг Төвөдийн Номын сан, архив (LTWA)-ын захирал гэвш Лхагдор 2022 оны 3-р сарын 14-ний өдөр нээсэн. Тэр цагаас хойш тус номын сангийн шинжлэх ухааны хэлтэс, Сүм, хийдэд зориулсан шинжлэх ухааны хөтөлбөрийн үзэсгэлэнгийн баг, эрдэмтэн хуврагууд хамтран уг үзэсгэлэнг олон газар, орон даяар толилуулаад байна.
Эл үзэсгэлэнд эгэл бөөмсийн квантын ертөнцийг дүрслэхдээ квантын механик дахь материйн шинж чанар болон буддын гүн ухааны шүтэн барилдлага, хоосон чанарын үзэл санааны хоорондох сонирхолтой ижилсэл, зүй тогтлыг хөндсөн байна. Орчин үеийн физик хийгээд буддын философийн огтлолцол дээр квантын механикийн үүднээс эгэл бөөмсийн төлөв байдал, харилцан үйлчлэлийг судлах нь бодит байдлын мөн чанарыг тайлах гүн гүнзгий аялал юм. Ийм судалгаа нь орчлон ертөнцийн бүтцийн нууцыг бага ч болов тайлах, улмаар өөрсдийгөө төдийгүй дэлхийнхээ талаар цоо шинээр танин мэдэхэд дөхөм болно.
- ЭХ ДЭЛХИЙ, МИНИЙ ХАРИУЦЛАГА,
Буддын үзлээр манай дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, дэлхийн дулаарал үүсэж байгаагийн гол шалтгаан нь бид бодит байдлыг ухаарахгүй, мунхаглаж, 5 мэдрэхүйн таашаалд дурлах, шунах, бага зүйлд ханах сэтгэлгүй байх, амин хувиа хичээсэн үзэл юм.
Шинжлэх ухааны үзлээр агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл ихэссэн явдал нь үйлдвэрүүдийн утаа, нүүрс, газрын тосны шаталтаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал ихэссэнтэй холбоотой. Эдгээр нь манай дэлхийн уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж байгаагийн гол шалтгаан юм.
Бид дэлхийд харьяалагддаг болохоос дэлхий бидэнд харьяалагддаггүй билээ. Энэ гараг дээрх бүх амьтан тэгш эрхтэй. Тийм учраас дэлхийгээ хамгаалах нь хувь хүн бүрийн зайлшгүй хүлээх үүрэг мөн. Буддизмд хүн төрөлхтний нийтлэг сөрөг зан үйлүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль орчны олон асуудлыг дагуулж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг ажвал үүний гол шалтгаан нь "гурван хор" болох бидний мунхаглал, шунал тачаал, болон уур хилэн юм.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.