УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Аймаг, нийслэлийн удирдлагуудыг хүнд суртлыг бууруулж, иргэд, ААН-ийн ачааг хэр хөнгөвчилснөөр дүгнэнэ

Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх хүрээнд аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ хүрээнд холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өгөв.

Үүнд: 

  • Аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг, аймгийн төв, суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны хэмжээг тогтоох,
  • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг бүрдүүлж, тусгай зориулалтын техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах,
  •  Улсын тусгай хэрэгцээний газарт малчдыг отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж ажиллах
  • Ургацын урьдчилсан балансыг 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, ургац хураалтад ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангах
  • Ургац хураалтын ажилд мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оролцуулах, үүнтэй холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тэдгээрийн цалин хөлс, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, хэрэгжилтэд хяналт тавих
  • Хүнсний улаанбуудайн стратегийн болон 2027 онд тариалах үрийн нөөц бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах чиглэлээр холбогдох арга хэмжээ авах
  • Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл бүхий хилийн боомтуудын хэвийн ажиллагааг хангаж ажиллах
  • 10 аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийн ажлыг эрчимжүүлэх, дулааны эх үүсвэрийн хомсдолд орсон зарим аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дулааны цахилгаан станц барих ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов.  

Мөн аймаг, сумын  өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээг шинэчлэн гаргаж, онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх бэлэн байдал болон түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн стратегийн нөөцийг бүрдүүлж, алслагдсан сумдад хүргэх тээвэр ложистикийн бэлтгэлийг хангах, аймгийн төв болон сум, суурин газрын дулааны станц, халаалтын зуухнуудын засвар үйлчилгээг есдүгээр сарын 01-нд бүрэн дуусгаж, хэрэгцээт түлш, нүүрсийг нөөцлөх арга хэмжээг зохион байгуулах, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг 2026-2027 оны галлагааны улиралд сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хангахад  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч онцгой анхаарч ажиллах чиглэл өгөв. 

Ерөнхий сайд нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ гэдгийг онцолсон байна. Мөн аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлүүлэх 2-3 асуудлаа албан бичгээр илгээж, маргааш Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэдгийг хэлэв.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг өөрсдийн тэргүүлэх зорилт болгон, долоо хоног бүр гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Ирэх оны төсвийн төслийг есдүгээр сард УИХ-д өргөн барих тул аймаг орон нутгийнхан олон жил хүлээгдсэн ажлуудаа дуусгахад анхаарч саналаа өгөх хэрэгтэйг хөндөв.

Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийн хэрэгжилтэд  Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавьж,  биечлэн очиж шалгах бөгөөд ирэх есдүгээр сарын 15-наас өмнө бэлэн байдлыг хангуулж ажиллана.  Мөн холбогдох сайд нар аймгуудад очиж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард

Сэлэнгэ аймагт Төрийн алба, дарга нарын хүнд суртал хэрээс хэтэрсэн. Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаа дарамтлахаас өөр хийж байгаа, хийж чадах ажил гэж үнэндээ алга.

Холбоотой мэдээ

Back to top button