Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНХАУ-ын үйлдвэрийн ашиг өмнөх оноос сэргэсэн ч хоёр сар дараалж саарлаа

БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын даваа гарагт /2026.07.27/ нийтэлсэн мэдээллээр бол үйлдвэрлэлийн ашиг зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсжээ.  Тавдугаар сард үйлдвэрлэлийн ашиг 21.1 хувиар өссөн нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойших анхны бууралт байсан юм. Тэгвэл зургаадугаар сарын үзүүлэлтийг харвал удаашрал хоёр сар дараалан үргэлжиллээ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг экспорт болон аж үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тэтгэж ирсэн. Гэвч дотоодын хэрэглээ болон үл хөдлөх хөрөнгийн салбарын сунжирсан хямрал нь хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлтийг сүүлийн гурван жилд үзэгдсэн хамгийн доод түвшинд хүргэж сааруулжээ. Ийм учир шинжээчид эдийн засгийн тэнцвэргүй байдлыг арилгахын тулд төрөөс бодлогын нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Энэ оны эхний хагасын байдлаар аж үйлдвэрийн салбарын ашиг 18.7 хувиар өссөн нь нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд бүртгэгдсэн 18.8 хувийн өсөлтөөс бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ.

Аж үйлдвэрийн компаниудын ашиг энэ онд мэдэгдэхүйц сэргэсэн байна. Тухайлбал ашиг 2025 онд бараг өсөлтгүй байсан түвшнээс хоёр оронтой хувийн өсөлтөд хүрчээ. Хиймэл оюун ухааны улмаас хагас дамжуулагч болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эрэлт огцом өссөн үүнд нөлөөлсөн байна. Мөн сүүлийн гурав гаруй жилийн турш үргэлжилсэн үйлдвэрийн үнийн дефляц дууссан нь үйлдвэрийн компаниудын ашиг сэргэхэд тусалсан аж.

Өнгөрсөн жилийн суурь үзүүлэлт харьцангуй муу байсан нь статистик эерэг үзүүлэлттэй гарахад дэмжлэг болсон байна. Тодруулбал өнгөрсөн жилийн зургаадугаар сард аж үйлдвэрийн ашиг 3.6 хувиар буурч, 2025 оны эхний хагасын дүнгээр 2.8 хувиар агшсан юм.

Зургийн эх сурвалж: China Briefing

“ING” фирмийн Хятадын эдийн засаг судлаач Лин Сон “Энэ сэргэлтээ хадгалж чадвал эдийн засгийн хувьд сайн шинж тэмдэг болно. Ашгийн хэмжээ нэмэгдсэнээр компаниуд цалингаа үргэлжлүүлж нэмэх боломж нь бүрдэнэ” гэж хэлсэн байна.

БНХАУ-ын үйлдвэрийн үнэ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн байна. Энэ нь 2022 оны сүүлээс хойш үйлдвэрийн үнэ өсөлттэй гарсан анхны тохиолдол болжээ.

Бараануудын үйлдвэрийн гарц дээрх үнэ өсөж, инфляц нэмэгдэж буй энэ хандлага тогтвортой эсэх нь эргэлзээтэй байна. Эдийн засагчдын үзэж буйгаар, үнийн сэргэлтийн ихэнх хэсгийг газрын тосны үнийн огцом өсөлт бүрдүүлжээ. Харин дотоодын эрэлт хангалттай хүчтэй сэргэж чадаагүй байгаа юм.

“LSEG”-ийн мэдээллээр, зургаадугаар сард үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 0.3 хувиар буурсан нь 2025 оны долоодугаар сараас хойших анхны сарын бууралт болов. Үүнд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тос тээвэр хэвийн түвшинд орсны улмаас газрын тос, шатахуун болон нефть-химийн бүтээгдэхүүний үнэ буурсан нь нөлөөлжээ.

Одоо хөрөнгө оруулагчдын анхаарал долоодугаар сарын сүүлээр болдог Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны хуралд төвлөрөөд байна. Тус хурлаар оны эхний хагасын эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, үлдсэн хугацаанд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлох юм.

Хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан учир эрх баригчид мөнгөний бодлогоо зөөлрүүлэх талаар илүү хүчтэй дохио өгнө гэж шинжээчид үзэж байна. Харин эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих томоохон арга хэмжээ зарлана гэсэн хүлээлт бага байгаа юм. Учир нь БНХАУ-ын экспортын үзүүлэлт харьцангуй тогтвортой хэвээр байна.

“Morgan Stanley”-гийн Хятадын эдийн засаг судлаач Робин Шиний хэлснээр, "Улс төрийн товчоо бодлогын дэмжлэгийг илүү яаравчлан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, төсвийн зарцуулалтыг хурдасгахыг тэргүүлэх чиглэл болгох магадлалтай" гэжээ.

Тэрбээр мөн "Нэг удаагийн том хэмжээтэй эдийн засгийг дэмжих сэргээх багц биш, харин бодлогын дэмжлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж бид хүлээж байна" гэсэн юм.

Дотоодын эрэлт сул хэвээр байгаа ч экспортын ачаар эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой үргэлжилнэ гэж тэр үзэж байгаа аж. Хиймэл оюун ухаанд зах зээл их хэмжээний хөрөнгө оруулсаар байгаа билээ. Тус технологийг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн гол нийлүүлэгч нь БНХАУ болсон учир экспорт сайн байх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNBC, Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятадын эдийн засаг дэлхийд нөлөөтэй учраас ийм өөрчлөлтийг анхааралтай ажиглах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Export sain baigaa ch dotood hereglee sul baival urt hugatsaand ersdeltei sanagdaj bn

Зочин
Зочин

Үйлдвэрлэлийн ашиг өссөн нь сайн ч өсөлтийн хурд саарч байгаа нь бодлогын сорилт хэвээр байна

Зочин
Зочин

Hyatad AI bolon hagas damjuulagchid ih hurungu oruulj baigaa ni ur dungee ugch ehlej bn

Зочин
Зочин

Эдийн засгийн тоон үзүүлэлт дангаараа хангалтгүй, иргэдийн хэрэглээ сэргэх нь илүү чухал

Зочин
Зочин

Ashig nemegdsen ni ajilchid tsalingaa nemuuleh bolomjtoi boloh dohio bj magadgui

Зочин
Зочин

Газрын тосны үнэ буурахад үйлдвэрийн үнийн өсөлт ч саарсан нь ойлгомжтой үзэгдэл байна

Зочин
Зочин

Хятадын зах зээл тогтвортой байвал Монголын экспортод ч эерэг нөлөө үзүүлэх байх

Зочин
Зочин

Өсөлт байгаа ч удаашрал давхар ажиглагдаж байгаа нь бодлогын өөрчлөлт шаардлагатайг харуулж байна

Зочин
Зочин

Хиймэл оюун ухааны салбарын эрэлт үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь сонирхолтой байна

Зочин
Зочин

Exportoor l tushaalj yavahad hetsuu dotood heregleegee bas demjih heregtei

Зочин
Зочин

Эдийн засгийн сэргэлтийг тогтвортой хадгалах нь богино хугацааны өсөлтөөс илүү чухал

Зочин
Зочин

2025 onii suuri uzuulelt muu baisan uchraas usult undur haragdaj baigaag bas tootsoh heregtei

Зочин
Зочин

Тоон үзүүлэлтээс гадна бодит эдийн засгийн идэвх хэр байгааг харах хэрэгтэй болов уу

Зочин
Зочин

Hyatadiin ediin zasag saarahad delhiin zah zeel deer shuud medregddeg

Зочин
Зочин

Бодлогын дэмжлэгээ шат дараатай нэмэгдүүлнэ гэсэн таамаг хамгийн бодитой сонсогдож байна

Холбоотой мэдээ

Back to top button