Нийгэм мэдээ

Хятад мисс Монгол Улсыг төлөөлж оролцсон хэвээр байна

Тайландын Бангкок хотод болж буй “Miss Grand International 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 18-нд эхэлж, аравдугаар сарын 10-нд финалын шалгаруулалтаар өндөрлөнө. Тэмцээнд оролцогчид есдүгээр сарын 18-19-нд Тайландад цугласан бөгөөд Монгол Улсыг төлөөлөн бүртгэгдсэн “Amber Yuhan” нэртэй оролцогч өнөөдрийн байдлаар “Mongolia” гэсэн тууз, Монгол Улсын төрийн далбаатайгаар тэмцээний хөтөлбөрт оролцож байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тодруулахад өнөөдрийн байдлаар Тайланд дахь Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд хандсан, салбарын сайд Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу одоогоор ирээгүй гэлээ.

Монгол Улсын нэрийн өмнөөс хэн оролцож байгаа, тухайн оролцогч Монгол Улсыг төлөөлөх ямар эрхтэй, уг эрхийг хэнд ямар журмаар олгосон нь тодорхойгүй хэвээр байна.

“Miss Grand International”-ийн албан ёсны бүртгэлд Amber Yuhan Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэгдсэн байна. Түүнийг 177 сантиметр өндөртэй, гоо сайхны салбарын бизнес эрхлэгч хэмээн танилцуулжээ. Харин цахим орчинд түүнийг БНХАУ-ын иргэн гэх мэдээлэл тархсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбоотойгоор Монгол Улсын холбогдох байгууллагууд иргэншил болон Монголыг төлөөлөх эрхийн үндэслэлийг тодруулж эхэлсэн юм.

-Төрийн бус байгууллага болон хувь хүн ч тухайн тэмцээнд оролцох лиценз авч болох бөгөөд олон улсын тэмцээнд бүртгүүлэхэд өндөр хэмжээний төлбөртэй-

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ энэ асуудлаар Тайланд дахь Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд хандсан, салбарын сайд Тайландын Гадаад хэргийн сайдад албан бичиг хүргүүлсэн. Мөн энэ төрлийн олон улсын тэмцээн лицензийн зарчмаар зохион байгуулагддаг бөгөөд оролцох эрхтэй холбоотой асуудлыг төрийн байгууллага шууд хянах боломж хязгаарлагдмал.  Монгол Улсаас “Miss Grand International 2026” тэмцээнд оролцох лицензтэй холбоотой мэдээлэл яаманд ирээгүй. Тухайн оролцогч ямар үндэслэлээр Монгол Улсын нэр, төрийн далбааг ашиглан оролцож байгааг тодруулж, шаардлагатай асуудлыг дипломат шугамаар тавьж байгаа гэлээ.

“Miss Grand International” нь Тайландад үүсгэн байгуулагдсан олон улсын гоо бүсгүй шалгаруулах байгууллага бөгөөд улс бүрийн төлөөлөгчийг “National Director”-ээр дамжуулан оролцуулах лицензийн тогтолцоотой аж. Харин энэ жилийн Монголын төлөөлөгчийг ямар байгууллага, хэн сонгосон, Монголын төлөөлөгчийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаарх мэдээлэл одоогоор нийтэд тодорхой бус байна.

ССАЖЗЯ-ны мэдээллээр төрийн бус байгууллага болон хувь хүн ч тухайн тэмцээнд оролцох лиценз авч болох бөгөөд олон улсын тэмцээнд бүртгүүлэхэд өндөр хэмжээний төлбөртэй байдаг аж.

Энэ талаар топ модель Х.Бадамгэрэл “Хятадад болсон ОУ-ын миссийн тэмцээнд Хятад улсын иргэн Монгол улсын нэр, төрийн далбааг ашигласан нь байж боломгүй үйлдэл. Энэ бол Монгол улсыг басамжилсан үйл явдал боллоо. Өмнө нь ОХУ-ын Якутын бүсгүй мөн л Монголын нэр дээрээс тэмцээнд орсон. Үүнд нь манай төр засаг ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ удаагийн үйлдэл хэрээс хэтэрсэн” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Басамжлуулж байхдаа , доромжлуулж байхдаа таарсан оркууд даа

Холбоотой мэдээ

Back to top button