Нийгмийн

Сонсгол | “БАНК, ӨР, ХҮҮХЭД” гэсэн түлхүүр үгтэй Ц.Элбэгдорж, Эпстейн нарын уулзалтын цаана юу болов

Жеффри Эпстэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг. Ж.Эпстейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсгол яг одоо төрийн ордонд үргэлжилж байна. Eguur News мэдээллийн агентлаг тус сонсголыг нэг дороос агуулгаар хүргэж байна.


Шууд дамжуулалт:


Насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулж, худалдаалсан хэргээр буруутгагдаж байсан Америкийн санхүүч Жеффри Эпстейн (1953-2019)-тэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдөр (2026.10.07) өглөө эхэлж, дөрвөн цаг үргэлжлээд завсарлав.  

Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа буюу 2013, 2015 онуудад НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үедээ Ж.Эпстэйнтэй хоёр удаа уулзжээ. “Банк, өр, хүүхэд” гэсэн түлхүүр үгтэй Ц.Элбэгдорж, Эпстейн нарын уулзалтын цаана яг юу болов.

Өнөөдрийн сонсголын үеэр “Ц.Элбэгдорж гуай анх манай асрамжийн газраас хоёр бүлгийн нийт 28 хүүхэд авч байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар хоёрыг нь мал ялгаж байгаа юм шиг буцааж байсан. Үлдсэн хүүхдүүдийн хувь заяа яасан бэ, би дүү нартайгаа уулзмаар байна” өнчин хүүхдүүдийн төлөөлөл төр засгаасаа асуусан ч тодорхой хариулт бүрхэг үлдлээ.  

Шинжээчийн дүгнэлтээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний гэргий Х.Болормаа нар хүүхдийн асрах байгууллагаа үүсгэн байгуулахаасаа нэг жилийн өмнө буюу 24 хүүхдийг хууль бусаар шилжүүлж авсан байна. Дээрх 24 хүүхдийн дөрөв нь хилээр гарсан, нэг хүүхдийн РД нь УБЕГ болон цагдаагийн бүртгэлд зөрүүтэй, нэг хүүхэд сураггүй алга болсон байна.

Харин ЦЕГ-ын төлөөллийн хэлсэн  мэдээллээр “Өнөр бүл” асрамжийн газраас шилжүүлж авсан 24 хүүхдээс гэмт хэргийн хохирогч болсон мэдээлэл бүртгэгдээгүй, тэдний нэг нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэнэ.

Түүнчлэн АНУ-ын Хууль зүйн яамны нийтэд ил болгосон мэдээллийн дунд Ж.Эпстэйний Монголтой холбоотой скайп сүлжээний цахим харилцаанд монгол эмэгтэйчүүд, охидын тухай дөрвөн удаа дурдагдсан нь тогтоогдсоныг шинжээч онцлов. Мөн Ж.Эпстэйнтэй 2018 онд захидлаар харилцсан Лоуренс Краус гэдэг хүний захидалд түүний бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбоотой гомдол гаргасан хохирогчдын дунд монгол бүсгүй байсныг тогтоожээ.

Сонголоор өрнөсөн үйл явдлыг нэг дороос агуулгаар хүргэж байна. |Шинэ нь эхэндээ|

13.30 цаг

Гишүүд сонсголын агуулгаар асуулт асууж хариулт авч үргэлжлэв.

Л.Мөнхбаясгалан: Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн 2010 онд 22 хүүхдийг хууль бусаар авчихжээ. Үүнээс нэг жилийн дараа асрамжийн газрын зөвшөөрлөө нэг жилээр авсан байна. "Өнөр бүл" яагаад ямар ч зөвшөөрөлгүй хүнд хүүхдүүдийг өгөв? Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор нь долигоноод өгчихдөг юм уу?

Ц.Элбэгдорж гэх хүн миний мэдэхээр гурван удаа монголоос зугтаачихлаа. Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохироод, Монгол Улсын Засгийн газраар улс төрийн наймаа хийчхээд ирсэн. Энэ сонсгол болохын өмнө гараад явчихлаа, дахиад тохироо хийсэн.

Ц.Элбэгдоржийг хэн ч барахгүй. Бид амьд байхдаа энэ хүнийг ял сонсох эсэхийг мэдэхгүй. Эх орныхоо эсрэг эрх ашгийг өөрийн пи-ар болгож, гадаад дотоодод олон юм ярьж явдаг юм. Ч.Сайханбилэг энэ хоёр яг адилхан

Видео:

С.Амарсайхан: Хувийн нууц, албаны нууцын нэрийдлээр хийгээгүй ажлаа далдалдаг нь хатиг, хачиг боллоо. Эх эцэггүй, өнчин өрөөсөн, ядарч зүдэрсэн, хэн нэгэн улстөрчийн хязгааргүй шуналын золиос болсон хүүхдүүдэд эзэнгүй бараа бүтээгдэхүүн шиг хандаж, тэдний асуудлыг хаацайлж байгаа та бүхнээс ичиж байна.

Видео:

М.Нарантуяа-Нара: Ц.Элбэгдорж дэлхийн түүхэнд хамгийн гутамшигтай ерөнхийлөгч болж байна. Өнчин хүүхдүүдээр пиар хийнэ гэдэг хамгийн адгийн сэтгэлгээ. Би 2028 оны сонгуульд бэлдээд 3-4 хүүхэд өргөж аваад, 2032 онд хүүхдүүдийг гудамжинд гаргаж хаявал хүнлэг ёс мөн үү?

Ц.Элбэгдорж дэлхийн ерөнхийлөгчдийн түүхэнд хамгийн олон хүүхэдтэй ерөнхийлөгч гэж пиар хийж байсан. Одоо хаана байгаа, амьд уу, үхсэн үү гэдгийг мэдэх юм алга. Хувийн нууцын нэрийдлээр мэдээллийг дарагдуулж байна.

Видео:

Х.Баасанжаргал: Сонгуулийн үйл ажиллагаанд хүүхдүүдийг ашигласан юм байна гэж харагдаж байна. Хүүхэд үрчилж авах нэг өөр, асрамжийн газарт шилжүүлэх ч өөр. Ц.Элбэгдорж үрчилж аваагүй, шилжүүлсэн юм байна. Энэ хугацаанд асрамжийн газрын зөвшөөрөлгүй байж

Видео:

Х.Баасанжаргал гишүүний асуултад "Өнөр бүл" төвөөс "2010 онд 24, 2012 онд хоёр хүүхэд "Болор сан"-ын байгуулсан асрамжийн газар руу 4-10 настай хүүхдүүд явсан. Бидэнтэй холбоогүй байдаг. Цагдаагийн байгууллага одоо хаана байгаа, хэний асрамжинд байгааг тогтоох биз"

ЦЕГ-аас "24 хүүхдээс гэмт хэргийн хохирогч болсон мэдээлэл бүртгэгдээгүй, тэдний нэг нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа"

Боловсролын яам "24 хүүхдийн 11 нь бүрэн дунд, 10 нь суурь боловсрол эзэмшсэн байна. Үлдсэн гурав нь насан туршийн суралцахуйн төвд бүртгэгдсэн боловч бүртгэл нь 2017 онд цуцлагдсан.Дээд боловсролын системд таван хүүхэд бүртгэлтэй байгаагаас |тав нь баклаврын түвшинд хамрагдсан бөгөөд| гурав нь одоо суралцаж байна.Мөн Боловсролын зээлийн сангаас гурван хүүхэд "бүтэн өнчин" ангилалаар нийт 29 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан байна. Тус хүүхдүүд 2001-2007 онд төрсөн гэсэн мэдээлэл байна" гэх мэдээллүүдийг өглөө.

12.30 цаг

Өнчин хүүхдүүдийн төлөөлөл Гантулга: Ц.Элбэгдорж гуай анх манай асрамжийн газраас хүүхдүүд авч байсан. Хоёрыг нь мал ялгаж байгаа юм шиг буцааж байсан

Үргэлжлүүлэн сонсголын оролцогчид байр сууриа илэрхийлж, гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авлаа.

ЦЕГ-ыг төлөөлж хурандаа Г.Пүрэвдэлгэр: Яригдаад асрамжийн төвтэй холбоотой 24 хүүхдийг бид судалж үзсэн. 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй хүүхэд байсан. Тэдний 15 нь тодорхой хугацаанд гадаад улс руу зорчиж байсан бүртгэлтэй. Ес нь Монгол Улсын хилээр нэвтрээгүй бүртгэлтэй. Хоёр нь 2022, 2026 онд Япон, Солонгос руу нэвтэрсэн бүртгэлтэй. Одоогоор 22 нь Монголд ажиллаж, амьдарч байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үрчилж авсан 24 хүүхэд дээр цагдаагийн байгууллагаас дахиж мэдээлэл өгмөөр байна. Яг "ШАРЖ ИДСЭН" юм уу, үгүй юм уу

Өнчин хүүхдүүдийн төлөөлөл Гантулга: Ц.Элбэгдорж гуай анх манай асрамжийн газраас хүүхдүүд авч байсан. Хоёрыг нь мал ялгаж байгаа юм шиг буцааж байсан. Үлдсэн хүүхдүүдийн хувь заяа яасан бэ, би дүү нартайгаа уулзмаар байна

12.00 цаг

Шинжээч: Монгол охид Эпштейний дэмжлэгээр АНУ руу явах төлөвлөгөөнд багтаж байсан нь, бэлгийн дарамтад өртсөн нь үнэн байна

Хуралдаан даргалагч танилцуулга хийж, ХЭҮК-оос статистик мэдээлэл, нөхцөл байдлын талаар хуралдаанд оролцогч болон олон нийтэд мэдээлэл өгсний дараа шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

Шинжээч хуралдааны үеэр,

-Ц.Элбэгдоржийн үрчилж авсан 24 хүүхдийн 4 нь хилээр гарсан байна. 24 хүүхдийн 11 нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, тав нь сургуулиас хасагдсан, долоо нь шилжсэн, нэгийнх нь боловсролын мэдээлэл байхгүй байна. Харин бүртгэл оршин суугаа байдлын тухайд, нэг хүүхдийн рд нь УБЕГ болон цагдаагийн бүртгэлд зөрүүтэй, нэг хүүхэд сураггүй алга болсон байна

-Монгол охид Эпштейний дэмжлэгээр АНУ руу явах төлөвлөгөөнд багтаж байсан нь, бэлгийн дарамтад өртсөн нь үнэн байна

-Эпстейн, Ц.Элбэгдорж нарын есөн хүний уулзалтын өрөөнд буй самбарт "хүүхэд, өр, банк" гэх үгс байна.

Эпстейн бол бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийг бэлгийн мөлжлөгт уруу татсан үйлдлээс болж хоригдож, ял эдэлж байсан. Мөн олон улс дамнасан санхүүгийн сүлжээ, тэр дундаа ядуу буурай орнуудын улс төр эдийн засагт нөлөөлөх байдлаар томоохон компаниудын эрх ашигт үйлчилдэг гэдгээрээ олны анхаарлыг татдаг гэх танилцуулгуудыг хийсэн.

Видео:

Улмаар дараах дүгнэлтийг танилцуулсан юм. Шинжээчийн дүгнэлт:

Шинжээчийн дүгнэлт:

  • Ц.Элбэгдорж Эпстейнтэй шууд болон хувийн харилцаатай байсан нь тогтоогдов,
  • Эпстений Монголтой холбоотой харилцаанд эмэгтэйчүүд, охид дөрвөн удаа дурдагдсан нь тогтоогдов,
  • Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулсан "Болор сан" асрамжийн зөвшөөрөлгүй үедээ хүүхэд хүлээн авсан нь тогтоогдов,
  • Лоуренс Крауссийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт гомдол гаргасан хохирогч нь Монгол хүн болох нь түүний өөрийнх нь бичсэнээр тогтоогдов

11.00 цаг

Ж.Хунан: Өнгөрсөн хугацаанд нийт 270 хүүхэд гадаадад үрчлэгдсэн байна. 2023 оноос хойш үрчлэгдээгүй. Үүнд тавигдаж байгаа хяналт хангалтгүй байна

Үргэлжлүүлэн ХЭҮК-оос хүүхэд үрчлэлтэй холбоотой дараах мэдээллийг танилцууллаа.

Манай улсад хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрх, хамгаалал, асрамж халамжийн хүртээмжтэй холбоотой асуудлууд анхаарал татсан хэвээр байна. 2022 оны байдлаар улсын хэмжээнд 21 байгууллагын дэргэдэх 30 асрамж, халамжийн төвд 924 хүүхэд, залуус амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь буюу 341 (36.9%) нь гэр бүлтэй, 334 (36.1%) нь хагас өнчин, 220 (23.8%) нь бүтэн өнчин, 29 (3.1%) нь олдмол хүүхдүүд эзэлж байгаа юм. 

Түүнчлэн улсын хэмжээнд бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өссөн дүнтэй байна:

  • 2021 онд 2,990 
  • 2022 онд энэ тоо 2,911 
  • 2023 онд 2,697 
  • 2024 онд 2,576 
  • Харин 2025 оны байдлаар 2,802 болж өсжээ.

Үрчлэгдсэн хүүхдийн тооны тухайд 2021 онд 1,261 хүүхэд үрчлэгдсэн бол 2022 онд 1,478, 2023 онд 1,421, харин 2024 онд 1,175 болж буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон, Дорнод, Өвөрхангай зэрэг 4 аймагт асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулж байна.

Видео:

Хуралдааны эхэнд хуралдаан даргалагч Б.Баярбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Эпстейн яагаад Монголыг сонирхох болов. Энэ хүний судлагдахуунаас харахад, улс төрийн тогтворгүй байдалтай, хөгжил буурай эсхүл хөгжиж байгаа, байгалийн баялаг ихтэй ийм улсад уул уурхайн компанийн лоббиг хийх зорилгоор нэвтэрдэг байх нь. Монгол Улс энэ хүний бай болсон үндсэн шалтгаан нь энэ

Видео:

Эхлэл | 10.00 цаг

Эпштейн сонсголоор Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нүүрийг улалзуулна гэгдэж байв. Гэтэл тэдний нэг нь хил даван оджээ

"Ц.Элбэгдоржид хуулийнхан хилийн хориг тавьж чадаагүй тул тэр хил давжээ" нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.

Ямартай ч Эпштейний хэрэг Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай ийн холбогдсон.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жирийн нэг танилын холбоотойгоос илүү нь Эпштэйнтэй харилцсан и-мэйлүүдээс нь харагддаг. Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Баракийн и-мэйл зардарсны дараа олон мянган хувийн зураг, захидал, шуудан ил болсон бөгөөд тэр Эпштэйнтэй тун ойр харилцаатай байсан нь үүгээр гэрчлэгдсэн юм.

Дээрх и-мэйлд Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржид Олон Улсын энх тайвны институт гэх байгууллагаас зөвлөгөө үзүүлэх баг гаргаж өгсөн бөгөөд гадаад дотоодын экспертүүд багтсан байжээ. Ингэхдээ уг зөвлөх багт Эпштэйн, Эхуд Барак нарын нөлөөлөл өндөр байсан байж болзошгүй.

2013 онд Барак Монголд айлчилж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсанаас гадна батлан хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнуудтай мөн уулзжээ. Ингээд энэ ондоо Барак Нью-Йорк хотноо Эпштэйний гэрт уулзалт зохион байгуулсныхаа дараа дээрх зөвлөх баг нь Монголын гол салбаруудад гадны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой талаар и-мэйлд бичигдсэн байв. Баракийг Монголд айлчлах үеэр Олон Улсын энх тайвны институт гээчийн ерөнхийлөгч Терье Рюп Ларсен мөн Монголд айлчилж таарсан бөгөөд Нью-Йорк дахь Эпштэйний гэрт уулзсан уулзалтад ч мөн байсан аж.

Баракийн хүсэлтээр Израилийн төрийн өмчит “Israel Weapon Industries” компанийн гүйцэтгэх захиралын зүгээс тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд "жерико" загварын гар буу хүртэл бэлэглэсэн нь задарсан файлууд дунд байв. Бууг дурсгахдаа хайрцаг дээр “Найрсаг нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үнэлсний илэрхийлэл болгож”  хэмээн бичсэн аж.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

Харин Х.Баттулгатай ингэж холбогддог.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпштэйнтэй и-мэйлээр тогтмол харилцдаг байсан бөгөөд төмөр замын авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр АНУ руу гарснаас хойш эргэн эх орондоо ирээгүй. Зарим эх сурвалжуудад түүнийг АНУ-ын иргэн болсон хэмээн бичсэн байдаг.

Ч.Ганбат нь Х.Баттулгын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн процессийг нэгд нэгэнгүй тайлагнахаас гадна улс төрийн албан шийдвэр, Монголд оффшор бүс нээх, криптовалют нэвтрүүлэх зэрэг асуудал ярьснаас гадна Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулдаг байсан нь тодорхой харагддаг. Хариуд нь Эпштэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм.

Эдгээр задарсан файл болон и-мэйл, гэрэл зургууд нь Эпштэйнтэй харилцаж байсан тэдний бүрэн мэдээлэл биш бөгөөд хэдий хэр хугацаанд ямар байдлаар хамтран ажиллаж, харилцаагаа ямар шатанд гүнзгийрүүлсэн зэрэг нь учир битүүлэг үлдэж буй.

Өөр бусад улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштэйнтэй холбоотой нь илчлэгдсэний дараа тэднийг тухайн улсынх нь хуулийг байгууллагууд шалгаж эхэлсэн билээ.

Монголд төрийн тэргүүнээс гадна бүхэл бүтэн улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлж ирсэн хоёр ч хүний нэр зартай Эпштэйнтэй холбогдлоо. Зүгээр ч нэг ажил хэргийн яриа бус системтэй хамтралын ердөө нэг хэсгээс хөвөрдсөн нь харагдаж буй. Бүрэн тусгаар улсын ямар мэдээллүүд Эпштэйн болон түүний хамсаатнуудын гарт орсон бол гэдэг асуулт ч эндээс урган гарч байна.

Асуултын хариуг сонсголоор тайлах уу, эсхүл зүгээр иргэдэд ийм файл байсан гээд мэдээлэгдээд өнгөрөх үү.

Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яг шараад идсэн юм бол тэрнийг нь батал. зоригийн хэрэг шиг үлгэр битгий яриад гөлөг төөрүүлээд бай өмхий үхэрүүд ээ.

Холбоотой мэдээ

Back to top button