НИЙГЭМ

Орон нутгийн зам ашигласны төлбөр ₮5000 болсныг бууруулах иргэний саналыг дэмжив

Иргэн Э.Батбаяр орон нутгийн автозамын хураамжийг ₮5000 болгож нэмэгдүүлснийг бууруулах тухай асуудлаар нийтийн өргөдлийн системд байршуулсан саналыг 33 015 иргэн дэмжсэн. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр (2026.10.07) хэлэлцээд олонх гишүүн дэмжсэнээр ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу орон нутгийн замаар зорчсон суудлын автомашин 5000, ачааны машин 20 мянган төгрөгийн төлбөр төлж байхаар хураамжийг нэмэгдүүлсэн юм. Энэ шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.

Дээрх шийдвэрийг гаргахаас өмнө суудлын тэрэг 1000, ачааны автомашин 10 мянган төгрөг төлж байсан юм. Иргэн Э.Батбаярын зүгээс орон нутгийн замын чанар муу, нөхцөл байдал хүнд байхад ачааны машины хураамжийг 20 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж үзжээ. Түүний санал байнгын хороонд дэмжигдсэнээр УИХ-аас ажлын хэсэг байгуулан, цаашид судлахаар боллоо.

Автозамаар зорчсоны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлэх шаардлага үүссэн шалтгаанаа албаны хүн автозамын засвар шинэчлэл хийхэд шаардлагатай түүхий эдийн үнэ өссөн, засвар үйлчилгээг хийдэг автозамын компанид ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг шалтгаантай холбов.

Монгол Улсын хэмжээнд 34 төлбөр авах цэг ажилладаг бөгөөд 30 байгууллага зам засвар, арчлалтыг хариуцан ажилладаг байна. Нийтдээ 14000 км замын засвар арчлалтыг хариуцаж гүйцэтгэдэг байна.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button