ЭМД-ын сангийн зарцуулалт, эмнэлгүүдийн санхүүжилтэд хяналт сайжруулахыг АТГ-аас зөвлөв

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, эмнэлгүүдэд олгож буй санхүүжилт, нэхэмжлэлийн хяналтад дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон холбогдох сайд нарт таван чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ.
Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн зөвлөмжид сангийн орлого, зарлагын тэнцвэрийг хангах, эмнэлгүүдийн нэхэмжлэлийн хяналтыг сайжруулах, санхүүжилтийн ялгааны үндэслэлийг үнэлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг тусгасан байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан орлого 2024-2026 онд 1.9 их наяд төгрөгөөс 2.7 их наяд төгрөг болж, 39.8 хувиар өсжээ.
Харин батлагдсан зарлага 1.9 их наяд төгрөгөөс 2.4 их наяд төгрөг болж, 27.2 хувиар нэмэгдсэн байна. Орлого хангалттай төвлөрөхгүй атлаа зарлага бүрэн гүйцэтгэлтэй байгаа нь сангийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж болзошгүйг АТГ-аас анхааруулжээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2025 оны нэгдүгээр сараас 2026 оны долоодугаар сарын хооронд ирсэн нэхэмжлэлийн 29.9-46.6 хувьд түүвэрчилсэн хяналт хийж, 3.9-8.4 хувьд нь хасалт хийсэн байна.
Иймд тусламж, үйлчилгээ бодитоор үзүүлсэн эсэх, эмнэлзүйн шаардлага хангасан эсэх, давхардсан эсэх болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зохистой хэрэглээг эрсдэлд суурилан хянах шаардлагатай гэж үзжээ.
Түүнчлэн 2024-2025 он болон 2026 оны эхний зургаан сарын санхүүжилтийн мэдээллийг судлахад улсын болон хувийн эмнэлгүүдэд олгосон санхүүжилт 4-12 дахин зөрүүтэй байжээ.
Тухайн хугацаанд 192 хувийн эмнэлэгт нийт 557.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 47 орчим хувийг нь 11 эмнэлэгт, үлдсэн 53 хувийг 181 эмнэлэгт олгосон байна.
Үүнтэй холбогдуулан эмнэлгүүдийн хүчин чадал, тусламж үйлчилгээний төрөл, хэмжээ, өртөг, чанар, гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан санхүүжилтийн үндэслэл, үр ашгийг үнэлэх, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоо бүрдүүлэхийг зөвлөжээ.
Үүнээс гадна нэхэмжлэлд эх олонлогийн хасалт хийх зохицуулалтыг хянан үзэж, холбогдох тогтоол, тушаалд өөрчлөлт оруулах, захиргааны хэм хэмжээний актын шинжтэй тогтоолуудыг хуульд заасан журмын дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатайг дурдсан байна. АТГ-аас дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, ажлын биелэлт, үр дүнгийн тайланг холбогдох нотлох баримтын хамт 2026 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.