Германы ерөнхийлөгч: Эрх чөлөө гэдэг зөвхөн өөрийнхөө дуу хоолойг өргөхийг хэлдэггүй, бусдыг нь бас дуу хоолойгоо сонсгох боломж олгохыг илэрхийлдэг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байгаа юм. Ерөнхийлөгч Хүрэлсүхийг ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан авч, хэлэлцээ хийсэн. Мөн Германы засгийн газар Ерөнхийлөгчийн айлчлалд зориулан төрийн хүндэтгэлийн зоог барьжээ. Тус зоог барих ёслол дээр Германы Ерөнхийлөгч Штайнмайэр ямар үг хэлснийг харцгаая.
"Өнөө орой та манайд хүрэлцэн ирсэнд би их баяртай байна. Хоёр жил хагасын өмнө Та намайг миний гэргийн хамт Улаанбаатар хотод хэзээ ч мартагдашгүйгээр халуун дотноор хүлээн авсан билээ. Бид энэ өдрүүдэд таны тэрхүү халуун дотно хандлагад тань бага ч боловч хариу барьж чадна хэмээн чин сэтгэлээсээ найдаж байна. Берлин хотод Тавтай морилно уу хэмээн дахин мэндчилье!
Манай хоёр орны харилцаа хичнээн ойр дотно болохыг бид өнөөдөр үдээс хойш хамтдаа харж чадлаа. Монгол, Германы эрдэмтэн судлаачид хорин таван жилийн турш Хархорум хотод мөр зэрэгцэн археологийн малтлага, судалгаа хийж байна. Берлин хотноо бид өнөөдөр нээсэн Чингис хааны тухай гайхалтай үзэсгэлэн нь Ази, Европын хоорондын харилцаа, тэр дундаа соёлын болон техникийн харилцаа, солилцоонд Монголын энх тайван буюу Pax Mongolica ямар чухал үүрэг гүйцэтгэснийг тод томруун харуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь соёлын салбарын эрчимтэй хамтын ажиллагааны үр дүн мөн юм.
Энэхүү ойр дотно харилцааны бас нэгэн илэрхийллийг бид өнөө орой энд, өөрсдийн нүдээр үзэж, чихээрээ сонсож байна. Тэр нь ямар гайхалтай гээч! Би жааз хөгжимд чин сэтгэлээсээ дуртай хүн гэдэг нь ер нууц биш ээ. Тиймээс өнөө орой манай хоёр орныг хөгжмөөрөө холбож буй уран бүтээлч, дуучин Энжи бидний үдшийг ая дууны аялгуугаар мялааж буйд би нэн их баярлаж байна.Учир нь эрхэм хатагтай, ноёд оо, Монголын уртын дуу жааз хөгжимтэй учирвал юу болно гэж та бүхэн бодож байна вэ?
Таны уудам тэнүүн нутгийн алс хязгааргүй орон зайг эгшиг аялгуундаа шингээсэн, олон зуун жилийн түүхтэй уртын дууны урлаг чөлөөт импровизацын хүсэл тэмүүлэлтэй нийлбэл чухам юу бий болох бол? Дэлхий ертөнц урьд өмнө сонсож байгаагүй нэгэн цоо шинэ зүйл төрөн гарна. Энэ нь зөвхөн монгол хөгжим ч биш, цэвэр өрнөдийн хөгжим ч биш, харин цоо шинэ, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй уран бүтээл байх юм.
Энжи Улаанбаатар хот дахь Гёте-Институтийн хөгжмийн лабор-той танилцсан нь ямар их аз завшаан байв аа! Тэрээр жааз хөгжимтэй тэнд танилцаж, улмаар хүүхэд наснаасаа сонсож өссөн уламжлалт хөгжмийн эгшиг аялгуутайгаа хослуулсан юм. Анхлан харахад хоорондоо асар хол зөрүүтэй мэт санагдах хөгжмийн энэ хоёр ертөнц Энжигийн уран бүтээлд бараг ямар ч бэрхшээлгүйгээр эвлэн нийлж, цоо шинэ өнгө төрхийг бий болгож чадаж байна. Тэрээр өнөөдөр энэ хөгжмөөрөө Монгол, Германы хил хязгаарыг даван, дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүсийн сэтгэлийг хөндөж байна. Тэр бүү хэл, бүр нэг ч монгол үг ойлгодоггүй хүмүүсийн сэтгэлд хүртэл хүрч чадаж байна.
Жааз хөгжим нь бие биенээ анхааралтай сонсох, бусдад өөрийгөө илэрхийлэх орон зайг олгох, цаашлаад урьдчилж мэдэх боломжгүй зүйлд мөн нээлттэй хандах зарчим дээр оршин тогтнодог. Энэ нь ардчилсан нийгэмд ч баримтлах учиртай соёл юм. Учир нь эрх чөлөө гэдэг бол зөвхөн өөрийнхөө дуу хоолойг өргөхийг хэлдэггүй, харин бусад нь бас дуу хоолойгоо сонсгох боломж олгохыг илэрхийлдэг.
Танай эх орны, Монголын ард түмэн 1990 онд тухайн үеийн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцлээс хэдхэн сарын дараа, эрх чөлөөгөө тайван замаар олж авсан билээ. Эрх чөлөөтэй болсноор танай улс өөрийн дуу хоолойгоо дахин олсон юм.
Монгол Улс тэгэхэд өөрийн гэсэн ардчиллын замыг сонгож, улс төрийн ирээдүйгээ өөрөө тодорхойлдог болсон. Герман улс энэхүү замд Монгол Улстай хамт байж, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрийг байгуулах, төрийн захиргааны байгууллыг хөгжүүлэх, мөн хоёр орны нийгэм хоорондын харилцаа, солилцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн юм.
Танай улс өөрийн сонгосон замдаа итгэл төгс байж, бие даасан байр сууриа хадгалан урагшилж байна. Биднийг зургаан мянга гаруй километрийн зай тусгаарладаг ч ойр дотнын түншлэлийн харилцаа холбож байдаг билээ.
Найдвартай түншүүд урьд өмнөхөөс илүү чухал болсон өнөө цаг үед бид эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс, дэлхийн улс орнуудын бие даасан байдал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтран ажиллаж байна.
Эдгээр үнэт зүйлсээ хамгаалахын төлөө бид Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад талбарт нягт, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг өрнүүлж байна. 2024 оны хоёрдугаар сард танай улсад хийсэн миний төрийн айлчлалын үеэр тохиролцсон стратегийн түншлэл маань ч энэхүү зорилтын илэрхийлэл юм.
Бид энэ түншлэлээ цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг зорьж байна. Үүнд шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагаа багтана. Чингис хааны үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бид энэхүү салбарын үр өгөөжтэй соёлын солилцооны нэгэн тод жишээг харлаа.
Түүнчлэн олон улсын дэг журам, олон талт хамтын ажиллагааны байгууллагуудыг бэхжүүлэхийн төлөөх хамтын хүчин чармайлт гарган технологи, эдийн засгийн салбар дахь улам нягт хамтын ажиллагаа, мөн уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх үйлс зэрэг нь бид түншүүдийн хувьд ирээдүйг цогцлоохыг зорьж буй гол чиглэлүүд юм. 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих Tаны санаачилга нь ирээдүйд итгэх итгэл, алсын харааны тод илэрхийлэл юм. Энэ санаачилга нь зөвхөн өнөөдрөөр хязгаарлагдахгүй, ирээдүй хойч үе рүүгээ чиглэж байна. Мөн байгаль дэлхийгээ хамгаалах үйлсийг хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагатай холбон өгч байна. Ингэж төлөвлөж буй хүн ирээдүйгээ төлөвлөж байдаг.
Эрхэм Ерөнхийлөгч өө,
Та миний нэгэн адил жааз хөгжимд дуртай эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ таныг өөрийн байгуулсан рок хамтлагт гитар тоглодог гэж сонссон. Энэ нь надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж байна. Таныг гэхдээ бүр костюмтайгаа штанг дээр зуун килограммыг дараалан хорин удаа өргөж чаддаг бөгөөд үүний тулд пиджакаа түр тайлахад л хангалттай байдаг гэж сонсоод бүр ч их гайхсан шүү. Би таныг дуурайж үзэх гэж одоо оролдохгүй ээ. Харин штанг өргөхийн оронд хундагаа өргөе!
Таны эрүүл энхийн төлөө, Монгол, Германы ард түмний төлөө, мөн бидний сайхан харилцаагаа хадгалан хамтдаа бүтээх бүхий л шинэ зүйлийн төлөө!
Герман, Монголын найрамдлын төлөө!"
Эх сурвалж: bundespraesident.de













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene odoo tosviin munguur zugaalahaa bolioch yamar ch ur dungui esvel baigaa hugatsaandaa olon oron uzeheer shiidsen uu?
Хүүкт ёстой янзын үг хэлждээ. Гeрманчууд толгой сайтай хүмүүс л дээ. Манай мангар хар харин ёонк хийж намайг хэллээ гэж хүлээн авч мэдэж байна уу үгүй юу, бас л мөн ч хөөрүү чиг зүггүй мангар хар хог доо
Гадаад улсуудын иргэд ерөнхийлөгчөөрөө яасан ч оюунлаг, ухаалаг, бусдыг хүндэтгэдэг, өөрөө судалгаа хийдэг, мэдлэгтэй, бахархмаар хүнээ сонгодог юм бэ, дээ.