Монголын байгалийн сэдэвт баримтат кино уран бүтээл олон улсаас өндөр үнэлгээ авсаар байна

Саяхан БНСУ-д болсон “Seoul Whistler Film Festival” буюу “Шүгэл үлээгч” олон улсын кино наадмаас “Last Stand” шагнал хүртсэн найруулагч Э.Ган-Очирын бүтээл “Их говийн манаач” баримтат кино ирэх сарын 20-24-нд Энэтхэг улсын Колката хотноо болох наадмын албан ёсны шалгаруулалтад тэнцэж, эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Эх байгалиа хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх, залуу үеийн оролцоог дэмжих зорилготой тус кино наадмын албан ёсны шалгаруулалтад дэлхийн 80 гаруй орны 647 кино өрсөлдсөн байна.
Кино наадам Энэтхэг улсын Соёлын яамны харьяа Антропологийн хүрээлэнгийн байранд болох бөгөөд сонгогдсон кинонуудыг Энэтхэгийн үзэгчдэд хүргэх аж. “Их говийн манаач” баримтат кино 11 сарын 22-ны Ням гарагийн 11:20 цагт гарах зар наадмын цахим хуудаснаа нийтлэгджээ. Үүний сацуу кино наадмын өдрүүдэд орон орны кино уран бүтээлчид, байгаль орчны судлаачид, кино сонирхогчдын дунд урлаг, соёлын томоохон хэлэлцүүлгүүд өрнөнө.
Монголын говь цөл нутгийн эмзэг экосистем, нэн ховор амьтдыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хамгаалагчдын амьдрал, байгаль эхтэйгээ зохицон орших уламжлалыг хөндсөн “Их говийн манаач” баримтат кино тус наадмын байгаль орчин болон баримтат киноны ангилалд өндөр үнэлэгдэж, ийнхүү финалд шалгарсанд уран бүтээлчид баяртай байна.
Ийнхүү Монголын Их говийг харуулсан залуу уран бүтээлчдийн бүтээл олон улсын хэмжээнд кино сонирхогчдын хүртээл болж, дэлхийн тавцанд манай байгаль хамгааллын дуу хоолойг улам тод томруунаар дуурсьгах нь ээ.
Р.БОЛОР









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.