Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, цахилгааны хөнгөлөлт энэ сарын 1-нээс хэрэгжинэ
Төсвийн тодотголд туссан тэтгэвэр, цалингийн нэмэгдлээс гадна улирлын шинж чанартай хэд хэдэн зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал,
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 477-903 мянган төгрөгөөр өснө
Эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг өнгөрсөн оны түвшингээс 50 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тус салбарын ажилтан, албан хаагчид нэмэгдсэн дүнгээр цалингаа бодуулж авна гэсэн үг. Энэ хүрээнд нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477-903 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Цалингийн нэмэгдэлд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан.
Суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Засгийн газрын зүгээс суурь тэтгэврийг олгох ажлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр товлосон. Улсын төсвийн тодотгол батлагдсанаар иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээс нь хамаарч ахмад настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэж буй. Эл шийдвэр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд нийт 419 мянган ахмад настан тэтгэврийн нэмэгдэл авахаар байгаа аж. Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээ болох 719 мянган төгрөг авдаг ахмад настны тэтгэвэр ажилласан жилээсээ хамааран 969 мянган төгрөг хүртэл өсөх боломж бүрджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчилсэн дүнгээр олгож эхэлнэ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан иргэн, одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 600 мянган төгрөг, асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж нэмэгдэх юм. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ 524 мянган төгрөг болж шинэчлэгдсэн байна.
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгоно
Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эцэг эхчүүдэд ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулахыг төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагад даалгасан. Хэвтэн эмчлүүлж буй болон үйлчлүүлж байгаа эмнэлэг, эмчээсээ өвдсөн хүүхдээ асарч байгаа талаарх магадалгаа гаргуулж, холбогдох байгууллагад хүсэлтээ хүргүүлэн шийдвэрлэнэ. Уг шийдвэр ханиад томууны халдварын эрсдэл өндөр үе буюу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт дээрх шийдвэрийг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг уриалж буй.
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт хэрэгжиж эхлээд есөн жил болж байна. Шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхлэн 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хоорон дахь 1500 квт.цаг хүртэлх хэрэглээнд тарифын хөнгөлөлт үзүүлэх юм. Мөн Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрхүүд хамрагдах журамтай.
А.ТЭНҮҮН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.