УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН, МАН-ынхны У.Хүрэлсүхийн эсрэг тэрссэн шийдвэрүүд

У.Хүрэлсүхийн "хоёр сонгуулийн өмнө мөнгө тараах" талаарх чиглэлийг Н.Учрал, З.Мэндсайхан нар дуугүй толгой дохин сонссон ч маргааш нь уг саналыг хүлээн авахгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, Ногдол ашгийг бэлнээр тараах зорилгоор Баялгийн сангийн хуульд гар дүрэхгүй, УИХ-д бүх эрх нь бий гэж Т.Доржханд, З.Мэндсайхан нар дуугарсан байдаг.

Ерөөс Төрийн тэргүүн Засгийн газарт чиглэл өгөх эрх үгүй, харин цаг үеийн асуудалд байр сууриа илэрхийлж болно. Гэтэл өчигдөр |2026.11.06| У.Хүрэлсүх Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр олгож, иргэдийн амьжиргааг дэмжихэд ОНЦГОЙ анхаарахыг ЗГ-т дахин санууллаа. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэрээ нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар ярилцаж, тохирсон. Үүнийг авах ажлыг л Засгийн газар хийж байгаа. Шаардлагатай гэвэл дахин ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлж, улс төрийн зорилгоор шатахуун тасалдуулах зохион байгуулалттай үйлдэл гарч байгаа эсэхийг яаралтай шалган, байнгын хяналт тавихыг чиглэл болгов.

Төрийн тэргүүн Засгийн газарт нэг долоо хоногийн дотор хоёр удаа чиглэл өгсөн нь энэ.

МАН-ын 80-аад оны лидерүүд ах нартаа хэдийн ялагдчихсан. Ялагдал дундаас "түгжилдэж" гарч ирээд ах нараа бараадан Засгийн газрын тэргүүний сэнтийд заларсан хүн бол Н.Учрал. Өнгөрсөн хугацаанд хий гэснийг нь хийж, дуугүй толгой дохиж ирсэн тэр У.Хүрэлсүхийн өөдөөс анх удаа тэрслээ. Ерөөс Засгийн газар унах хамгийн том шалтгаан нь Ерөнхийлөгчтэйгээ нийцгүй болсных байдгийг энд сануулъя.

Ердөө долоон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. МАН ч, АН ч дотроо төрийн тэргүүний өндөр эрх мэдлийн өмнө дотооддоо "Одоо нэг жил үлдлээ, 10 сар л тэсчихвэл..." гэхчлэн ярьсаар, цаг хугацаа нь наашилсаар ирэв. АН энэ цаг үед мөн л У.Хүрэлсүхийг сөрсөн шийдвэр гаргалаа.

Тухайлбал, өчигдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооноос ЕНБД С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болохоо илэрхийллээ. Эргэн сануулахад АН-ын ЕНБД-д О.Цогтгэрэл өөрийн хоёр хүнийг томилохоор завдсан ч чадаагүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний АН дахь жигүүрийн нөлөөллөөр С.Баярцогт АН-ын гал тогоог барих болсон билээ. Бүлгийн даргаар ч ялгаагүй О.Цогтгэрэлийн талын Х.Тэмүүжин бус Б.Түвшин томилогдсоноор АН дахь О.Цогтгэрэлийн нөлөө буурсан байдаг.

Ардчилсан намын ХЕХ-ноос С.Баярцогтыг ажлаас нь чөлөөлж буй шийдвэрээ дараах байдлаар тайлбарлалаа.

“Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будилааны улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБД-д чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно” гэв.

С.Баярцогт Солонгост яваа. Тодруулан хэлбэл, Сөүл хотод зохион байгуулагдаж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд оролцож байгаа юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button