Ерөнхийлөгчийн огцрох өргөдлийг хэлэлцэх “эцсийн зогсоол” дээр АН-ын бүлгийнхэн юу хэлэв

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэдгийг 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл өнөөдөр (2026.11.19) Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаараа дараах байр суурь, мэдээллийг өглөө.
АН-ын дарга О.Цогтгэрэл “Монгол Улсын ард иргэдийн шударга ёсны зүй ёсны шаардлага, авлигажсөн төр, авлигажсан албан тушаалтнуудыг шүүмжилсэн байр суурь, үүнийг илэрхийлсэн АН-ын шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоод төрийн өндөр албан тушаалтнууд хүлээн авч, чөлөөлөгдөх мэдэгдлээ хийж байгаа нь нэг алхам урагшилж байгаа талархууштай хэрэг. АН авлигын эсрэг эцсийн үр дүнд хүртэл тэмцэнэ. Арван жил угсарсан, арван жил үргэлжилсэн авлигын хана хэрэм, авлигажсан тогтолцооны жүжиг цаашид үргэлжлэх ёсгүй. Нэг хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, нэг хэсэг хуулийн байгууллага, АТГ, Прокурорын газар, шүүх байгууллага шалгасан нэр зүүж жүжгээ үргэлжлүүлнэ гэж байвал болохгүй шүү. Ийм зүйл байхгүй. Энэ бүхнийг таслан зогсоохын төлөө АН тууштай зогсох болно" хэмээв.
Мөн Монгол төрийн тогтолцоонд дүгнэлт хийх цаг нь иржээ. Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхийлөгч ажиллаж байх хугацаандаа дарангуйлагч болдог, ажлаас буусныхаа маргааш авлигач, хулгайч болдог жишиг тогтлоо. Ажиллаж байхдаа хонгил угсардаг, буугаад худалч, хулгайч болдог. Ажиллаж байхдаа Гүйцэтгэх засаглал парламенттайгаа зөрчилддөг. Энэ тогтолцоог цаашид яах ёстой юм бэ? Үүн дээр бас дүгнэлт хийх ёстой гэж АН үзэж байна. Мөн хуулийн олон өөрчлөлт хийх асуудал тулгарч байна. Намын дарга УИХ-ын дарга байх ёсгүй гэж Н.Учралд буух шаардлага тавьсан нь зөв зүйтэй шаардлага байсныг цаг хугацаа харуулж байна. Ерөнхийлөгч улс төрийн намаасаа түдгэлзсэн хүн байх ёстой байдаг. Гэтэл одоо нэг намын удирдах зөвлөлийн гишүүн, нэг намын эрх ашгийг баригч хэдхэн цагийн дараагаас төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх нь гэдгийг ч хөндөв.

Түүнчлэн тэрбээр "110 сая ам.долларын асуудлаар нэн даруй ажлын хэсэг гаргана гэнэ лээ. Битгий ингэж дүр эсгэ. Тэр олон оффтейк гэрээнүүд бүгд ҮАБЗ-ийн зөвлөмжтэй. Энэ гэрээг нууцад авах үндэслэл болсон ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болго. Энэ бол тусгаар тогтнол, аюулгүй байдлын тухай асуудал биш. Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал та тэр зөвлөмжийг ил болго. Үгүй бол ингэж битгий дүр эсгэ” хэмээн ярив.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Жоомоо алах гээд төрөө шатаав. Төрийн тогтвортой байдал чухал гэдгийг иргэд хэлж байна. Бурууг хэлсэн хүнийг буцаагаад буруутгадаг тал бий. Явсаар байгаад АН-ынхан сүүлдээ буруутай болчих вий гэдгийг хэлж байна. Ерөнхийлөгч шаардлагыг хүлээж авсан нь улс төрийн шинэ соёл. Нөгөө талаасаа энэ улс төрийн жүжиг байх вий. АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 100 хувь дэмжин саналаа хүлээж авсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл Үндсэн хуулиар олгогдоогүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах үзэл баримтлалтайгаар бичигдсэн. Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс нэг бүрэн эрхийн хугацаа буюу 6 жилийн дотор улс төрийн намын гишүүүнчлэлээ сэргээхгүй гэдэг зарчим байгаа. "Ерөнхийлөгчтэй намын зовлон" гэдэг үзэгдэл байдаг. Ерөнхийлөгч болсон хүн бүр эргээд намаа самардаг. Энэ үзэгдэл АН-д ч байсан, МАН-д ч байсан. Ерөнхийлөгч намаа буцааж гартаа авах гэдэг зорилгынхоо хүрээнд "хонгил" угсарч эхэлдэг. Өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэж оролдож эхэлдэг. Үүнийг зогсоохын тулд Ерөнхийлөгчийн институцыг "Тэхийн зогсоол" болгох ёстой. Энэ албан тушаалаас доошоо албан тушаалын шунал байж болохгүй.
Эрх мэдэлтэй байхдаа дарангуйлагч, эрх мэдлээсээ буугаад хулгайч болдог дөрвөн Ерөнхийлөгчийн хувь заяан дээр харууллаа. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа ард түмнийг хагалан бутаргадаг байж болохгүй. Тиймээс дотоодын сонгуульд нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн нэр төрд халддаг байдлыг хуулиар хязгаарлах ёстой. Төрийн алба руу зүтгэдэг шуналаа хязгаарлуулах ёстой. Ийм хуулийн зохицуулалт бүхий Ерөнхийлөгчийн тухай хуулийг өргөн барих товоо хүлээж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн УИХ дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ УИХ-ыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой, парламентын спикер баталсан хуульдаа хориг тавьж болохгүй, ноцтой асуудал үүсээгүй бол ҮАБЗ хуралдах боломжгүй байх ёстой гэдгийг ч тэрбээр онцолсон.
Р.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.