НийгмийнНИЙГЭМСПОРТ

“Dobu” Б.Ган-Эрдэнэ: Манай “Tiger” багийг Хятадын “Weibo” группийн охин компани ивээн тэтгэдэг

“Dota-2”, “Counter strike” гэхээр уншигч та хамгийн түрүүнд эцэг, эхчүүдийн “шүдний өвчин” болсон цахим тоглоомын төрлийн тухай бодох болов уу. Тэгвэл энэ бүхэн ард хоцорч, интернэт тоглоом өдгөө цахим спорт болон хүрээгээ тэлж, дэлхийн олон орон жүдо, чөлөөт бөхөөс дутахгүй хөгжүүлэхийн төлөө эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байгааг анзаарсан уу. Эл спорт дэлхийд хэрхэн хөгжиж, олны анхаарлыг татаж буйг 2022 онд Азийн наадмын хөтөлбөрт багтсанаас нь бэлхнээ харж болно.

Түүгээр ч үл барам олимпийн наадмын хөтөлбөрт багтахад тун ойрхон байгааг мэргэжилтнүүд онцолдог. Хэр баргийн юманд авьяастай, дүйтэй монголчууд цахим спортоор аль хэдийнэ амжилт гаргаад эхэлсэн. Дэлхийд алдартай, гадаадын томоохон багуудын анхаарлыг татдаг, Монголдоо төдийгүй дэлхийд онцгойрдог тамирчин манай улсад олон бий. Тэдний нэг нь Батболдын Ган-Эрдэнэ юм.

Спортын хүрээнийхэн “Dobu” гэдэг нэрээр андахгүй тэрбээр чансаагаараа Азид гурав, дэлхийд есдүгээрт эрэмбэтэй.

БНХАУ-ын “5 power Esport” клубт тоглодог байсан Б.Ган-Эрдэнэ өдгөө Монголынхоо “Tiger” багт хүчин зүтгэдэг.  “Dobu” хэдхэн хоногийн өмнө багийнхныхаа хамт Азийн АШТ-д түрүүлсэн. Тивийнхээ дэвжээнд төрийн дууллаа анх удаа эгшиглүүлж, Азийн аварга болсон Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.   

БИ БАГТАА ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР САРД НЭГДСЭН

-Юуны өмнө Азийн аварга болсонд нь баяр хүргэе. “Tiger” багийнхан Монголоосоо оролцсон уу?

-Баярлалаа. Бид энэ тэмцээнд бэлтгэлийнхээ байрнаас өрсөлдлөө. Азийн АШТ-д найман баг оролцсон. Монголоос гурав, Хятад, Тайландаас тус бүр хоёр, АНЭУ-аас нэг баг өрсөлдлөө.

-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хийв?

-Бид энэ удаа бэлтгэлээ арай өөрөөр хийсэн. Сэтгэл зүйн тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллалаа. Мөн тоглолтын хувьд маш жижиг зүйл дээр ч ач холбогдол өгч, шаргуу бэлтгэл хийсэн. Үүний үр дүн нь гарлаа.

-Аваргын төлөөх тоглолтод “Tyloo” багийг хожсон. Та бүхэн тэднээс юугаараа илүү байв?

-Бид өмнө нь тэдэнтэй хоёр удаа тоглосон. Шанхайд болсон тэмцээнд 2:0-ээр хожигдсон. Украинд зохион байгуулах байсан “Starladder” тэмцээний шалгаруулалтад 2:1-ээр дийлдсэн. Ерөнхрийдөө “Tyloo” багтай эн тэнцүү, ана манатай тоглодог. Энэ удаа Азийн аварга болохдоо хожлоо.

-Добу Азийн АШТ-д хэд дэх удаагаа оролцов?

-Гурав дахь удаагаа өрсөлдлөө.

“TIGER” БОЛ ХЯТАД ЭЗЭНТЭЙ МОНГОЛ БАГ

-Багтаа ямар үүрэг гүйцэтгэв?

-“Entry fragger” буюу багийнхныхаа урд орж, зай гаргах үүрэг гүйцэтгэдэг. Мөн хэрэгтэй үед тэгье, ингэе гэж шинэлэг санаа гаргадаг.

-“Tiger” багт хэзээ нэгдсэн бэ?

-Энэ оны хоёрдугаар сард.

-Танай багийг Хятадын “Weibo” группийн охин компани ивээн тэтгэдэг гэж дуулсан үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Бид Хятадын алдарт цахим “Weibo” группийн охин компанийн баг. Тэгэхээр хятад ивээн тэтгэгчтэй монгол баг гэсэн үг.

БНХАУ-ын “5 POWER ESPORT” БАГТ НЭГ ЖИЛ ТОГЛОСОН

-Хятад гэснээс та өмнө урд хөршийн “5 power Esport” багт тоглодог байсан. Гэрээгээ сунгах боломж байсан уу?

-Байсан. Гэхдээ тус багт тоглодог байсан “Kabal” бид хоёр Монголынхоо багт хүч сорих, улсынхаа багт тоглоод амжилт гаргахыг илүүд үзсэн юм. Тэгээд л “Tiger”-т нэгдсэн.

Намайг “5 power Esport”-т тоглодог байхад тус баг таван гишүүнтэй байсан.  Арын албанд ажилладаг дасгалжуулагч, менежер, захирал гээд олон хүн бий. Баг бүр тоглолтын өөр, өөр арга барилтай. Тухайн тоглолт ямар байрлалд өрнөхөөс шалтгаалж, түүнд нь тохируулан тактикаа өөрчилдөг. Үүний улмаас тамирчин бүр өөр, өөр үүрэг хүлээнэ. Бид ихэвчлэн багаараа хамт довтлохыг чухалчилдаг учраас би эхний өрсөлдөгчөө устган, бусаддаа давуу байдал үүсгэж, тоглолтыг найруулах үүрэгтэй байсан юм. Би “5 power Esport” багтай 2017 оны наймдугаар сард нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэгээд гэрээгээ дуусгаад эх орондоо ирсэн юм.

-Хятадад тоглох Монголд өрсөлдөхөөс юугаараа ялгаатай вэ. Тэд тамирчдаа хэр дэмждэг бол?

-Тэнгэр, газар шиг ялгаатай. Хамгийн наад зах нь цахим спортын талаарх хүмүүсийн ойлголт нь тэс өөр. Хятадууд PC-г цахим спорт талаас нь хардаг, тамирчдаа дэмждэг, дэлхийд тэргүүлэх хэмжээнд хөгжүүлж байна. Үүний зэрэгцээ тамирчдаа хангалттай хэмжээнд цалинжуулан, улсаас хэрэгтэй бүх зүйлээр нь хангадаг. Ер нь бусад оронд цахим спортыг хөлбөмбөг, сагсан бөмбөгөөс дутахгүй дэмждэг, маш олон хөгжөөн дэмжигчтэй. Үүгээрээ олон байгууллагын анхаарлыг татаж, бизнесээ өргөжүүлэх боломжийг нь нээж байгаа. Цахим спорт Азийн наадмын төрөлд багтсан, олимпын наадмын хөтөлбөрт багтах нь цаг хугацааны асуудал болсон.

Гэтэл Монголд ямар байгаа билээ. Цахим спортын тамирчдыг PC тоглоомчин, донтсон амьтад гэж л үнэлдэг. Тоглогчдоо дэмжих нь битгий хэл эсэргүүцдэг, ойлгодоггүй. “The Mongolz” багийнхан Азийн аварга болсны дараа хүмүүсийн ойлголт, бодол нэлээд өөрчлөгдсөн. SPS, “Skytel” зэрэг хэд хэдэн байгууллага биднийг дэмжиж, хамтран ажиллах болсон нь сайшаалтай. Монголд тэмцээн олноор зохион, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд зөв ойлголт өгвөл цахим спорт хурдацтай хөгжих бүрэн боломжтой. Олон шилдэг монгол тамирчин байгаа юм чинь хүмүүсийн хандлагыг өөрчилж, улсаас дөмөгхөн дэмждэг болчихвол гарц, шийдэл нь аяндаа олдох байх.

-Монголчууд цахим спортын талаар буруу ойлголттой байдаг, улсаас дэмждэггүй нь “The Mongolz” багаас гарч, “5 power Esport”-т нэгдэхэд нөлөөлсөн үү?

-Тэгсэн. “The Mongolz”-д тоглож байхад гадаадын олон багаас их хэмжээний цалин амлаж, санал тавьсан. Бид ч ирээдүйгээ бодож зөвшөөрсөн л дөө. “The Mongolz” багаас гарч, 5 power Esport”-т нэгдэх надад маш том сорилт байсан. Хүний нутагт, өөр ёс, заншилтай хүмүүстэй хамт амьдрах амаргүй. Хятадын багт тоглосноор бие даах чадвар, хувийн зохион байгуулалт, бусадтай харилцах чадвар зэрэг олон зүйлийг сурсан. Үүндээ олзуурхаж байна.

 “MONGOLZ” БАГТ ХҮЧИН ЗҮТГЭЖ, АМЖИЛТЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН

-Олонх тамирчин багадаа найзуудтайгаа интернэт тоглоом тоглосоор цахим спортод дурласан байдаг. Таных ч бас тийм үү?

-Тийм ээ, минийх ч бас адилхан. Анхандаа бусад хүүхдийн адил чөлөөт цагаа өнгөрөөх, найзуудтайгаа хөгжилдөхийн тулд тоглодог байлаа. Одоогоос 7-8 жилийн өмнөөс цахим спорт дэлхийд хурдацтай хөгжин, хүрээгээ тэлж, тэмцээнийх нь шагналын сан, тамирчдын цалин эрс өссөн. Тэр үеэс ур чадвараа мэргэжлийн түвшинд хөгжүүлбэл өөрийнхөө сонирхол, хообийгоороо амжилт гарган, шагналынхаа мөнгөөр амьдралаа авч явах боломжтойг ойлгосон юм. Бас зүгээр нэг компьютерын ширээний ард тоглох бус, эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө зүтгэх боломжтойг ухаарсан л даа. Тэр үеэс би интернэт тоглоом бус, цахим спорт гэдэг талаас нь харж эхэлсэн, өөрийгөө ч өөрчилсөн, хөгжүүлсэн.

-Цахим спорт хүүхдийн эрүүл мэнд, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэх хандлага нийгэмд бий. Гэр бүлийнхэн нь анх хэрхэн хүлээж авсан бэ?

-Үнэнийг хэлэхэд эсэргүүцсэн. PC-г цахим спорт гэдэг өнцгөөс харж, өөрийгөө мэргэжлийн түвшинд хөгжүүлж эхлэхээр гэр бүлийнхний хандлага өөрчлөгддөг юм билээ. Би ч тоглох цагаа аажмаар багасгасан. Улмаар “The Mongolz” багт нэгдэн, тэмцээнд оролцох болсноор миний амьдрал эрс өөрчлөгдөж билээ. Амжилт гаргах тусам урамшин, шагналынхаа мөнгөөр гэр бүлийнхэндээ бэлэг авах ямар сайхан гэж санана. Аав, ээж хоёр намайг одоо эсэргүүцэхээ больсон, харин ч эсрэгээрээ үргэлж дэмждэг.

-“Tiger”-т зүтгэхийн хажуугаар сурдаг уу. Шинээр юу сурч, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг вэ?

-Бэлтгэл, тэмцээн гээд зав муутай тул сургуульд сурах боломж хомс. Ямар ч байсан зохицуулаад хятад, англи хэл сурч байгаа. Би бизнес, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой.

-Манай улсад цахим спортоор тууштай хичээллэдэг хэр олон тамирчин байдаг бол?

-Яг цахим спорт талаас нь өөрийгөө хөгжүүлдэг, хичээллэдэг нэлээд олон тамирчин бий. Цахим спортоор амжилт үзүүлэхэд багаар ажиллах болон богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвар, тэсвэр тэвчээр, цагийн зөв зохион байгуулалт чухал.

УДААН ТОГЛОВОЛ ДОНТОХ ЭРСДЭЛТЭЙ. ТИЙМЭЭС ЗОХИСТОЙ ТОГЛОЖ ДАДАХ ЧУХАЛ

-PC их тоглосны улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болсон, донтсон хүүхэд олон бий. Та тэгэх вий гэж эмээдэг үү. Ямар нэгэн өөрчлөлт хэр гардаг вэ?

-Ийм асуудалтай олон хүүхэд Монголд төдийгүй дэлхийд бий. Мэргэжлийн тамирчин тул надад ийм бэрхшээл байхгүй. Спорт гэдэг талаас нь өөрийгөө хөгжүүлж, тодорхой цагт, нарийн төлөвлөгөөний дагуу тоглодог учраас тэр. Мэдээж удаан тогловол эрүүл мэндэд хортой, сэтгэцэд нөлөөлөх, донтох эрсдэлтэй. Тиймээс зохистой тоглож дадах нь чухал. Бэлтгэл хийх, найзуудтайгаа хөгжилдөхийн тулд хэдхэн минут тоглож болно шүү дээ.Бид сонирхогчдыг бодвол хамаагүй бага цагаар өрсөлддөг. Бэлтгэлийн эхэнд бусад багийн тоглолтын бичлэгийг үзэж, арга барил, тактикийг нь судална. Дараа нь хоорондоо ярилцаж, шинэ төлөвлөгөө боловсруулна. Үүндээ үндэслэн 2-3 багтай тоглож, алдаа, оноогоо цэгнэдэг.

Бэлтгэл дууссаны дараа өөрсдийгөө бие даан хөгжүүлдэг. Жишээлбэл, миний байрлалд шилдэг тамирчны тоглолтыг үзэн, анализ хийнэ. Бас буудах техникээ сайжруулах гэх мэт. Мэргэжлийн тамирчинд тоглохоос илүү судалгаа, багийн хамтын ажиллагаа, ойлголцол чухал. Цахим тоглоомоор тоглохыг хүсдэг, хорхойсдог бол спорт талаас нь өөрийгөө хөгжүүлээрэй, өдөржингөө бус чөлөөт цагаараа тоглож байгаарай гэж хүүхэд, залууст зөвлөе.

-Цахим спорт дотроо хэдэн төрөлтэй вэ. Хоорондоо юугаараа ялгаатай вэ?

-Эл спорт дотроо FPS , MMORPG, RPG, RTS , Platformer гэсэн таван төрөлтэй. Товчхон тайлбарлавал, FPS-т “First person shooter” буюу бууддаг тоглоомууд, MMORPG, RPG-д “Role playing game” буюу ямар нэгэн баатар удирдаж тоглодог “Dota-2” зэрэг тоглоомууд багтдаг. “Platformer”-т бидний сайн мэдэх “Mario”, “Sonic” гэх мэт тоглоом ордог. Харин RTS нь “Real time strategy” буюу шатар, даам тэргүүтэй тоглоомтой.

АВСТРАЛИЙН ЭРКАСТТАЙ ТОГЛОХЫГ ХҮСДЭГ

-Гишүүн нь болохыг хүсдэг баг, хамт тоглохыг мөрөөддөг тамирчин бий юү?

-Австралийн “Grayhound” багийн тоглогч Эркасттай хамт тоглохыг хүсдэг.

-Спортын хүрээнийхэн таныг “Dobu” гэдэг нэрээр нь андахгүй. Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?

-Би анхандаа өөр нэрээр тоглодог байлаа. Нэрэндээ тийм ч ач холбогдол өгдөггүй байж. Цахим спортоор хичээллэснээс хойш нэр чухал гэдгийг ойлгосон. Өөртөө ямар нэр өгөх вэ гэж нэлээд бодлоо. Гэр бүлийнхэн намайг багаас “Добу мэргэн” гэж дууддаг байж билээ. Тэгээд л “Добу” гэдэг нэрийг сонгосон юм.

-Одоогоор тэмцээнээс хэдэн төгрөгийн шагнал хүртэв. Шагналынхаа мөнгийг ихэвчлэн юунд зарцуулдаг вэ?

-Зөвхөн шагналын мөнгө гэвэл ойролцоогоор 60 мянган ам.доллар хүртсэн байх. Аль болох банканд хадгалдаг. Би насаараа энэ спортоор хичээллэхгүй. Нөгөө талаар амьдралд юу ч тохиолдоо билээ. Бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй. Үүний сацуу ирээдүйд боловсролдоо анхаарахад санхүүгийн чадавх чухал. Тиймээс шагналынхаа мөнгийг хадгалж, хуримтлал үүсгэсэн.

-Гэр бүлийнхэн, ойр дотнынхноос нь цахим спортоор хичээллэдэг хүн бий юү?

-Би эхээс дөрвүүлээ, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Манай үеэл дүү GS:GО төрлөөр хичээллэдэг байсан.

СОНИРХЛОО МЭРГЭЖИЛ БОЛГОН, АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВАА НЬ МИНИЙ ДАВУУ ТАЛ

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Алхах, ном унших, усанд сэлэх дуртай. Чөлөөт цагаараа гэр бүл, найзуудтайгаа хамт байхыг хүсдэг. Цахим спорт миний хообий. Сонирхлоо мэргэжил болгон, амжилтын төлөө зүтгэж яваа нь миний давуу тал.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Манай “Tiger” багийнхан энэ сараас эхлэн “Weibo Asia cup” , “Imbatv development league”, “ESEA S33 Apac” гэх мэт лигүүдэд оролцож байгаа.

ЦАХИМ СПОРТОД ӨӨРИЙН ГЭСЭН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ

-2022 оны Азийн наадмын хөтөлбөрт цахим спорт багтсан. Та оролцох уу?

-Азийн наадамд оролцох боломж надад бүрэн байгаа. Гэхдээ яг ямар төрлөөр өрсөлдөхөө сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан GS:GО төрөл байхгүй байгаа юм билээ.

-“Добу”-гийн хамгийн том мөрөөдөл, зорилго юу вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гарган, тоглоомон дотор өөрийн гэсэн гарын үсэгтэй болох мөрөөдөлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
cs go
cs go
5 сар 14, 2020 17:07

-Австр�##�ийн “Grayhound” багийн тоглогч Эркасттай хамт тоглохыг хүсдэг. гэнүү
Одоо Tiger багтаа цуг тоглодог ш дээ. Энэ багийг цуг үүсгэн байгуулсан.

Зочин
Зочин
5 сар 15, 2020 19:01
Reply to  cs go

Chink nigger

Холбоотой мэдээ

Back to top button