ЭДИЙН ЗАСАГ

Монголын эдийн засаг 10.7 хувиар агшсан нь урьдчилсан таамгаас хол давлаа

Оны эхний улиралд ДНБ өнгөрсөн жилийн мөн үеэс 10.7 хувиар агшсаныг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Монгол Улсын эдийн засаг Монголбанкны таамгаас хүчтэй агшжээ. Монголбанкны Ерөнхийлөгч 7 хувиар агшсан байх магадлалтай гэж мэдээлж байсан.

Тэгвэл дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 7444.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 499.3 тэрбум төгрөг буюу 6.3 хувиар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3148.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 377.2 тэрбум төгрөг буюу 10.7 хувиар тус тус буурлаа.

Цар тахлаас үүдэж экспорт огцом буурсан эхний улиралд уул уурхай, олборлох салбарын агшилт 7.6 нэгж хувийг нь бүрдүүлсэн байна. Мөн агшилтын 2.1 нэгж хувийг тээвэр, холбооны салбар, 1.3 пункт нь бөөний, жижиглэн худалдаа, 1 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татвар байна.

Харин Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний улиралд 153.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар өссөн нь ДНБ-д 0.5 пунктээр эерэг нөлөөлөв.

Уул уурхай, олборлох салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний улиралд 644.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурлаа. Энэхүү бууралтад чулуун нүүрс, зэсийн баяжмал, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэр (уул уурхай, олборлолтын салбар ороогүйгээр), барилгын салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний улиралд 369.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөж, ДНБ-д 0.6 пунктээр эерэг нөлөөлөв.

Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний улиралд 1583.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.9 (6.8%) тэрбум төгрөгөөр буурч, ДНБ-д 3.3 пунктээр сөрөг нөлөөлжээ.

ЭХ СУРВАЛЖ: Үндэсний Статистикийн Хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button