“Z” үеийн дуу хоолой“Эгүүр” брэнд

“Z” үеийн дуу хоолой №5: Тэдний нүдээр банкны салбар хэрхэн харагдаж байна вэ

Eguur.mn сайт “Z үеийн дуу хоолой” цуврал контентын ээлжит дугаараа уншигч, үзэгчдэдээ хүргэж байна. Үүний өмнө бид “Татвар гэж юу вэ? Татвар төлөх нь ямар ашигтай вэ” сэдвээр Z үеийн хоёр төлөөлөлтэй ярилцлага өрнүүлсэн. Тэгвэл энэ удаа банкны салбарын цаг үе дагасан өөрчлөлт, шинэчлэлт буюу “Z үеийнхэн банкны салбарт ямар өөрчлөлт авчирч чадах вэ” гэсэн сэдвийг онцоллоо.

Энэ удаагийн контентод оролцогчдоо танилцуулъя:

https://www.facebook.com/eguur.mn2/videos/255517412420261/

Б.Лхагвацэрэн, 19 настай. МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутан.

Б.Саруул, 19 настай. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан.

Б.Мөнх-Оргил, 20 настай. СЭЗИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан.


-ХҮҮХЭД БАЙХДАА ХУРИМТЛАЛЫН ГАХАЙГАА ХАГАЛЖ, УНАДАГ ДУГУЙ ХУДАЛДАЖ АВЧ БАЙСАН МӨЧ ХЭЗЭЭ Ч САНААНААС ГАРДАГГҮЙ-

-Ярилцлагаа хуримтлалын тухай сэдвээр эхлүүлье. Та гурвын хувьд хүүхэд ахуй насандаа хуримтлал үүсгэж байсан туршлагатай юу. Зарим хүүхдүүд гахайнд мөнгө цуглуулдаг шүү дээ?

Б.С:- Би 3-5-р ангидаа анхны хуримтлалаа үүсгэж байсан. Тэр үед Солонгост байдаг ах маань надад охидын сонирхдог дэвтэр, наадаг зургууд илгээдэг байлаа. Тэдгээрийг нь би завсарлагааны цагаар ширээн дээрээ гаргаж тавиад, ангийнхандаа зардаг байсан юм. Тэр мөнгөө хуримтлуулаад, аав ээжийнхээ шинэ байранд орохоор хуримтлуулж байсан  мөнгөнд нь нэмэрлэсэн.

-Уг нь өөрт нь зориулж явуулсан бэлгийг ангийнхандаа худалддаг байжээ.

Б.С:- Харин тийм. Үүнийгээ ойролцоогоор хоёр жилийн хугацаанд цуглуулсан. Эхний сардаа бол хүүхдүүд их худалдаж авдаг байж байсан. Сүүлдээ зөвхөн авъя гэсэн хүүхдүүдийн барааг ахдаа захиж, авчруулдаг олсон. Нэг их айхтар үнээр зардаг байгаагүй ч ашиг олж, хуримтлал үүсгэж чаддаг байсан санагддаг. Яг хэдий хэр мөнгө цугларсныг нь одоо санахгүй байна.

-За, Б.Лхагвацэрэнгийн хувьд тийм туршлага бий болов уу?

Б.Л:- Яг зорилго тавиад хуримтлал үүсгэж байсан удаа байхгүй болов уу. Харин манай өвөө надад зориулж, төрөхөд маань банкны хадгаламж үүсгэж байсан. Сар бүр тэтгэврийн болон зарим сул мөнгөнөөсөө тийш хийдэг юм билээ. Миний хувьд мөнгөтэй болохоороо хаа нэг хийдэг  нэг банкны хадгаламжтай байсан. 18 нас хүрээд ашиглах эрх үүсэхэд цугларсан мөнгөө авч байснаа санаж байна.

-Ер нь хүүхдүүдийг төрөхөд нь өвөө эмээ нь ч юм уу, аав ээж нь хадгаламж үүсгэдэг тохиолдол цөөнгүй шүү?

Б.М:- Тийм ээ. Миний хувьд бол тийм хадгаламж байхгүй. Харин 8-10 орчим насандаа задгай мөнгө цуглуулдаг байснаа санаж байна. Тухайн үед аав ээж хоёр PC тоглоомын газар ажиллуулдаг байсан. Үүгээр дандаа л задгай мөнгөнүүд орж ирнэ. Түүнээсээ надад халаасны мөнгө болгож өгөхөд нь би цааш хуримтлуулдаг байлаа. Гэрт маань хоёр янзын гахай байдаг байсан. Тэр гахайнуудад мөнгөө хуримтлуулаад унадаг дугуй авч байснаа санадаг. Ер нь яг гурван кадр л санадаг. Нэгт гахайндаа аав ээж хоёроос мөнгө аваад хийж байсан мөч. Хоёрт гахайгаа хагалж байсан мөч. Гуравт мөнгөөрөө унадаг дугуй худалдаж авч байсан мөч. Зарим үед мөнгөгүй болохоороо доод талын тагийг нь нээгээд мөнгө авч байсаан, үнэнийг хэлэхэд /инээв/.

-Нэлээд авьяас шаардаж байж авна шүү дээ?

Б.М:- Тийм ээ. Багагүй авьяас шаарддаг байсан /инээв/.

-Яг хагалах мэдрэмж ямар байсан бэ?

Б.М:- Тэр мэдрэмж их гоё байсаан. Маш их, ингээд чихчихсэн мөнгө нэг дор гарч ирэхээр “Би ийм их мөнгөтэй байсан юм уу” гэж гайхдаг юм билээ. Цуглуулаад л байснаас тийм их болчихсон байна гэж санаагүй.

-Хуримтлал үүсгэнэ гэдэг их тэвчээртэй хүний хийх ажил шиг санагддаг. Ер огт гар хүрэхгүйгээр мөнгө хуримтлуулах хэр хэцүү вэ?

Б.Л:- Миний хувьд нэлээд үрэлгэн хүн гэх юм уу. Тиймээс яг яс хуримтлал үүсгэж байсан удаа байхгүй. Ер нь санхүүгийн сахилга бат сайтай хүн хуримтлалыг яг таг үүсгэх байх гэж боддог. Би үүсгэнэ гэж бодоод л яваад байгаа /инээв/.

-Б.Мөнх-Оргилын хувьд?

Б.М:- Би өөрөө харьцангуй санхүүгийн сахилга баттай хүн байх. “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” гэдэг нэртэй ном байдаг шүү дээ. Нэрээс нь харахад л өнөөдрийн хэрэглээгээ багасгаж, тэвчиж байж маргаашийн ирээдүйдээ хадгаламж үүсгэнэ гэдэг нь ойлгогдож байна. Иймд сахилга баттай байх мэдээж чухал. Нөгөөтээгүүр хүний амьдралд мөнгөний хэрэгцээ гарах үе мэдээж таардаг. Ийм үед би банкны хадгаламжаа барьцаалаад зээл авчихдаг. Одоо заавал хадгаламжаа цуцлах шаардлагагүй, ийм хэлбэрээр шийдэж болох зам бий.

-Та гуравт яг одоогоор банкны хадгаламж бий юү?

Б.Л:- Би өөрөө тогтмол мөнгө хийдэггүй ч намайг бага байхад үүсгэсэн өвөөгийн хадгаламж байгаа.

Б.С:- Аав, ээж хоёрын маань надад зориулж үүсгэсэн хадгаламж байдаг.

Б.М:- Надад нэг хугацаагүй хадгаламж, нэг хугацаатай онлайн хадгаламж бий. Цаашдаа өөр валют дээр хугацаагүй хадгаламж үүсгэх бодолтой байгаа.

-Одоо мөнгөө хуримтлуулж байгаад гадаадын орнуудаар үүргэвчтэй аялах сонирхолтой залуус олон болжээ. Та гурвын хувьд үүн шиг яг тодорхой зорилго өмнөө тавиад, хадгаламж, хуримтлал үүсгэж эхлэх бодол бий юу?

Б.М:- Надад одоогоор байгаа хоёр хадгаламж маань нэг нь машин авах, нөгөө нь байрандаа засвар хийхэд зориулагдсан байгаа. Харин цаашид магистрт явахдаа зориулж гадаад валютын хугацаатай хадгаламж үүсгэе гэж бодож байна. Одоо төгсөхөд нэг л жил үлдлээ шүү дээ. Гадаадын сургуулиуд руу өргөдөл явуулахад хураамж авна, ядаж хураамжны мөнгөө төлөх хадгаламж үүсгэе гэж бодсон хэрэг.

Б.С:- Миний хувьд хуримтлал үүсгэж, машин авах тухайд бодож л байна. Мөн мэдээж сургалтын төлбөр, төгсөөд гадаадын их дээд сургуульд суралцах гэхчлэн зорилгоор хуримтлал үүсгэх бодол мэдээж байна. Гэхдээ одоо ажил хийж эхлээгүй, хувийн орлогогүй байгаа болохоор хадгаламж үүсгэж, тогтмол түүн рүүгээ мөнгө хийхэд бага зэрэг хүндрэлтэй тал байна аа.

Б.Л:- Надад бол нөүтбүүкээ сайжруулах бодол байгаа. Одоогийн авч буй цалин маань миний хэрэглээг хангаж байгаа ч яг цааш илүүчилж, хуримтлал үүсгэхэд болох эсэхэд эргэлзэж байх шиг. Гэхдээ хичээвэл мэдээж болно л доо. Бодож байх нь ээ, цалингаасаа илүүчлэн хуримтлуулж байгаад энэ гар утсаа худалдаж авсан юм байна.

-ЗАЛУУСТ АЖИЛ ХИЙХ, САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛОХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ-

-Хүүхэд байхад гэр бүлийнхнийхээ илүүчилж өгсөн мөнгийг цааш хийж, хуримтлуулах нь элбэг. Яг тодорхой санхүүгийн эх үүсвэртэй байж гэмээ нь хуримтлал үүсгэх хэрэгтэй шүү дээ. Одоо бол аав, ээжийн гар хардаг нас өнгөрч байна. Ажилтай, орлоготой болох тал дээр ямар бодолтой явдаг вэ?

Б.С:- Миний хувьд амьдралдаа тавхан өдөр л ажил хийж үзсэн байсан. Хоёр өдөр нь хөтөч буюу “Guide”, гурван өдөр дадлагын зөөгч. Тэгээд үнэхээр цаашид зөөгч хийхгүй гэдгээ ухаарсан. Ингээд гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж, хөтчийн ажил хийх нь зүгээр юм байна гэж бодох болсон.

Б.Л:- Би 11-р ангиасаа гэрээт ажилтны хувиар ажил хийж, санхүүгийн эх үүсвэртэй болж ирсэн. Харин өнгөрсөн жилийн долдугаар сараас эхлэн яг тогтмол цалинтай болсон. Түүнчлэн аав, ээжээсээ сар бүр тодорхой амьжиргааны зардал авдаг. Ер нь оюутан байхдаа аав, ээж хоёроосоо мөнгө авах нь оновчтой гэж би хувьдаа боддог.

Б.М:- Сүүлийн үед залуу үеийг албан байгууллагууд их дэмждэг болсон давуу талтай. Би нэгдүгээр курсдээ зөөгч хийдэг байсан. Цаашлаад “Скайтел” тэргүүтэй хэд хэдэн компаниудад ажиллаж үзсэн. Байгууллагууд залуу үеийг ажилд авах өндөр сонирхолтой болсон гэдгийг би анзаарсан. Тэгэхээр бидэнд ажил хийх, санхүүгийн эх үүсвэртэй болох боломж бий гэж бодож байна.

-Хуримтлал үүсгэх, санхүүгийн эх үүсвэртэй болох зэрэг нь явж, явж мөнгө олохын төлөө л явж буй хэрэг болж таарна. Ер нь мөнгө гэж “Z” үеийнхний хувьд юу юм бэ, ямар үнэ цэнэтэй зүйл вэ?

Б.Л:- Юун түрүүнд мөнгийг зүгээр ч нэг олчихдоггүй. Өөрийн, аав ээжийн хөдөлмөр, хөлс хүч тодорхой хэмжээнд шингэж байж мөнгө орж ирдэг. Иймд үүнд зөв зүйтэй хандаж, хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгтэй гэж боддог. Хялбар аргаар олсон мөнгөнд хүн гамгүй ханддаг байх. Өөрийнхөө хөлсийг дуслуулж олсон мөнгийг хэрэгцээтэй зарцуулах хэрэгтэй болдог доо.

Б.С:- Би бол өмнө нь мөнгийг зүгээр л цаас гэж боддог байсан. Гэтэл өнөөдрийн нүдээр харахад мөнгө бол амьдралын түлш гэж хэлж болохоор зүйл. Амьдрахын тулд, мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрэглэдэг гүйлгээний хэрэгсэл нь мөнгө байсаар ирсэн, байх ч болно. Тийм болохоор яг яаж зарцуулна, үүнээс үр дүн нь шалтгаалдаг болов уу гэж бодож байна.

Б.М:- Тэгэхээр энэ асуултад мөнгөний үүсэл гарвалын тухайд товчхон ярьж хариулъя гэж бодлоо. Мөнгийг анх Хятадад, зоосон хэлбэрээр үүссэн гэж үздэг. Онолын тодорхойлолтын хувьд “Мөнгө гэдэг нь нийгмийн болон хууль, ёсны хувьд хүлээн зөвшөөрөгддөг, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, өр ширийг төлөх зориулалттай зүйл”. Харин яг Z үеийнхний хувьд мөнгө гэдэг өдөр тутамдаа ашигладаг төлбөрийн хэрэгсэл. Эд болон эдийн бус зүйл худалдаж авахад заавал хэрэг болдог, амьдралд зайлшгүй хэрэг болдог зүйл.

-Ингээд бидний яриа банкны салбарын тухай сэдэв рүү орж байна. Хүүхэд байхдаа “Банк гэж юу юм бол?” гэж их гайхан бодож байснаа би санадаг. Учир нь хүн бүр мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж байхад банканд мөнгө зүгээр л байж байдаг мэт санагддаг байлаа. Тэгэхээр банкийг, банкны салбарыг юу гэж ойлгож явдаг талаар нь сонирхмоор байна. Нууц биш бол ямар банкны хэрэглэгчид вэ?

Б.М:- Миний хувьд ХААН банкны идэвхтэй хэрэглэгч. Гаднын орнуудаар аялж явахдаа Солонгосын “Үри” банк болон Америкийн “Western Union” банкийг ашиглаж үзсэн. Ингээд харьцуулахад манай арилжааны банкны систем тэднээс дутуугүй хөгжсөн, сайн цахимжсан байдаг. Ялангуяа ХААН банкийг хэрэглэгчдэд хамгийн ойр, цахимжсан банк гэж би ойлгодог.

Б.С:- Би мөн ХААН банкны хэрэглэгч.

Б.Л:- Би хэд хэдэн банканд данстай. Үүнээс ХААН, Голомт банкны дансаа илүү идэвхтэй ашигладаг. Яагаад гэвэл цахим хэрэглээг илүү сайн нэвтрүүлж чадсан болохоор. Одоо бараг л бэлэн мөнгө авч явахаа байгаад удаж байна шүү дээ. Оронд нь цахим банкууд бэлэн мөнгөний хэрэглээг нь орлож, хангадаг болсон.

-Цахимжиж байна гэлээ. Мэдээж орчин үед банкны салбар цаг, минут тутамд өөрчлөлт, шинэчлэлт рүү давшиж байна. Энэ нь та бүхний хэрэглээнд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Б.С:- Хамгийн наад захын жишээ нь таксинд суухад л мэдрэгддэг. Бэлэн мөнгө байхгүй үед жолооч нар “Өө, мобайлдчих миний дүү” гэдэг болсон. Энэ нь их амар, ийш тийш АТМ хайж гүйнэ гэхгүй.

Б.М:- Харин тийм. Таксин дээр нэмээд ярихад би сүүлд хоёр өөр хэлбэрээр таксидаж үзсэн. Нэг удаад нь задгай мөнгө байхгүйгээс болж хариулт аваагүй, 3 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн. Харин дараа нь цахим банкаа ашиглаж, яг тохирсон дүнг нь шилжүүлсэн. Үүнээс харахад цахим банк ямар чухал хэрэглээтэй нь мэдэгдэж байгаа юм.

Б.Л:- Тийм шүү. Ер нь л миний хувьд бэлэн мөнгө хэрэглэхээ байгаад удаж байна гэж хэлж болно. Үргэлж цахим банкны аппликейшныг ашигладаг.

-ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ Л БАНКАНД ДУГААРЛАЖ, ҮЙЛЧЛҮҮЛСЭН ЮМ БАЙНА-

-Цаг үе их хурдтай өөрчлөгдөж байх шиг. Саяхныг хүртэл АТМ-аар үйлчлүүлж чаддаггүй хүмүүс олон байсан. Харин одоо АТМ сонин биш болж, өөр цахим үйлчилгээнүүд гарч иржээ. Тэгэхээр энэ шинэ тутам үйлчилгээнүүдийн талаар ярилцъя.

Б.М:- Миний бодлоор цахимжсан үйлчилгээнүүдийн тухай энэ хэсэгт дурдах хэрэгтэй байх. Байнга хэрэглэдэг ХААН Банкаар жишээ авахад интернет банк, мобайл банк, Киоск машин, “Khan Pay” зэрэг үйлчилгээг дурдаж болно. Миний хувьд интернэт банкийг маш түлхүү ашигладаг. Үүгээр би өөртөө хуримтлалын данс үүсгэсэн. Карт захиалсан, картаа алга болгосон бол дансаа хаачхаж бас болж байгаа юм. Ер нь интернэт банктай байхад теллер хэрэггүй гэмээр л хялбар байдаг. Маш их цаг хэмнэдэг. Түүнчлэн Киоск машин их амар юм билээ. Маргааш өглөө нь эрт элчингийн ярилцлагад орох болоод, яаралтай дансны хуулга авах гэтэл банк хаалттай байсан. Тэгэнгүүт 24 цагаар ажилладаг киоск машинаар үйлчлүүлээд, хуулгаа авчхаж байгаа юм.

-Нэр нь сонсдож байснаас хүмүүс тэр бүр мэддэггүй байх аа. Киоск машин гэж яг юу билээ?

Б.М:- Банкуудын үүдэнд, АТМ-уудын дэргэд байршуулсан “Киоск” нэртэй машин байгаа. Заавал картын шаардлагагүй, иргэний үнэмлэх, хурууны хээгээ уншуулаад л дансны хуулга, зээлийн мэдээлэл зэрэг баталгаа баримт бичгүүдийг гаргуулж, шаардлагатай бол гүйлгээ ч хийнэ.

Б.Л:- Ер нь банкны теллертэй харьцаж хийдэг ихэнх үйлдлийг орлож чадна.  

Б.М:- Тийм.

Б.Л:- Манай үеийнхэн бол шинэ өөрчлөлтүүдэд амархан дасан зохицож чадаж байх шиг. Ямар нэг асуудал тулгарахгүй байна шүү дээ. Харин энэ өөрчлөлтүүдийг хүлээн авч дадаагүй хэсэг хүмүүс байгаа нь заримдаа гүйлгээ хийхэд саад учруулдаг. Жишээ нь интернэт банкгүй, зөвхөн мобайл банктай хүмүүс “5-с доош мянган төгрөг шилжүүлбэл мессеж ирэхгүй” гээд хямд дүнтэй гүйлгээ хийдэггүй байх жишээтэй. Бусдаар цаг үе, банкны салбар улам л цахимжиж байна. Ер нь банканд дугаарладаг хүмүүс улам цөөрч байгаа байх аа.

Б.С:- Энэ бүхнээс ажиглахад банкны үйлчилгээ ийн цахимжсанаар бидэнд маш их цаг зав гарч байх шиг. Илүү зөв зүйтэй, ашигтай зүйлд банканд дугаарлаж суух цагаа зарцуулах боломжтой.

Б.М:- Би бол хоёр жилийн өмнө л мобайл банк нээлгэх гэж банк орсон санагдаж байна.

-Банк гэдэг нэг талаар үйлчилгээний байгууллага шүү дээ. Ямар хэрэглэгчид байна, тэдэнд зориулж үйлчилгээгээ шинэчлэх, сайжруулах шаардлагатай. Z үеийнхэн түрж орж ирснээр тэдэнд зориулсан ямар өөрчлөлтүүд хийгдэж болох бол. Өөрөөр хэлбэл Z үеийнхэн банкны салбарт ямар өөрчлөлт авчирч чадах бол?

Б.Л:- Ер нь бол теллерийн ажил бүр арчигдах байх. Гар утастайгаа явж байхад л бүх үйлчилгээг авч болдог ирээдүй рүү улам бүр хурдалж байна. Ер зээлийн тооцооллыг ч онлайнаар хийчихдэг болсон шүү дээ. Тэгэхээр банкны салбарт хүний оролцоо улам л багасаж, үүний оронд мэдээллийн технологийн салбарын хүмүүст илүү том боломжууд гарч ирэх болов уу.  

Б.С:- Санал нэг байна. Шинэ үеийнхэн гарч ирэх хэрээр эдгээр үйлчилгээнүүд улам л цахим, улам л хялбар болох байх. Гэхдээ сайн талыг нь муу талтай нь, эрсдэлтэй нь хамт бодож үзвэл бас зүгээр. Бүх зүйл цахимжчихаар дагаад гарах сөрөг талууд байж болох юм.

Б.Л:- Тийм шүү, сүүлийн үед сошиал орчинд цахим банкны луйвар их хийгддэг болсон.

Б.М:- Миний хувьд манай үеийнхэн банкны салбарт үнэхээр нөлөөлж чадах байх аа гэж бодож байна. Банк цахимжахын хэрээр бидний дээд үеийнхэн, бүр өвөө эмээ нарт маань жаахан хэцүү тусах байх. Гэхдээ бид тэдэнд зааж өгч болно шүү дээ.

-Одоо цаашид та бүхэнд яг ямар шаардлага байна вэ. Ийм өөрчлөлт, шинэчлэл хийгдвэл зүгээр гэж бодож явдаг санаа, шийдэл бий юү?

Б.Л:- Миний бодлоор карт уншдаггүй, мобайл банк байхгүй гэх мэт хүмүүс нийгэмд байсаар байгаа нь зарим асуудлыг дагуулдаг л даа. Тэгэхээр нийтээрээ орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй санагдаж байна.  

Б.М:- Ер нь теллерийг орлох цахим үйлчилгээ улс даяараа нэвтэрчихвэл... Теллер гэдэг маань хувь хүмүүс шүү дээ. Тэдний хувийн зан характер, хандлага нь бидэнд нөлөөлж байдаг сул талтай. Түүнчлэн Б.Лхагвацэрэнгийн хэлснээр улс даяараа л цахим хэрэглээнд нэгдэх, дасах хэрэгтэй байна даа. Мөн банкны цахим систем илүү аюулгүй байгаасай.

Б.С:- Миний хувьд ч мөн санал нэг байна. Үүн дээр нэмээд хэлэхэд цахим банкны систем илүү аюулгүй, найдвартай, нууцлалтай чиглэлд хөгжөөсэй гэж бодож байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-17 09:16

bi ch gsen 2 jiliin umno huuhdiin hadgalamj neelgeh gj l orj bsan, gen z bish ch gsen bankni uilchilgee tsahimjij bgaad bayrladag a. Sonirholtoi yariltslaga bn!

Зочин
Зочин
2020-06-17 10:39

Ямар хөөрхан юм бэ з�##�уус маань бодолтой болчихжээ ёстой ???? з�##�уусыг яриулдаг гоё контент байна.

Zochin
Zochin
2020-06-17 10:49

Generation Z-gin zaluus iluu hariutslagatai, biee daasan bolj bgaa um shigee. Sanhuugiin bolovsroliig ingej bugd oyutan bh tsagaasaa oilgovol ch........

Зочин
Зочин
2020-06-17 12:19

khan banknii app ni goy shuu

Зочин
Зочин
2020-06-17 12:20

“Киоск” машин гараад амар болсон

ХҮН
ХҮН
2020-06-17 12:52

ЭР ЭМ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭНЭ БАЛАЙ ГАЖИГТАЙ ОДООНЫ ЭНЭ ЗАЛУУС ЖЖААХАН ЮМТАЙ ТӨРСӨН НЬ ЮМ БҮХЭН ДЭЭР ХАРАГДАХ ЮМ АА

Зочин
Зочин
2020-06-17 13:29
Reply to  ХҮН

юмтай гэж байгаа бол та мэтийн юмнууд үр хүүхдэдээ анхаар�##� тавиад, хүмүүжүүлж чадаагүйгээс л болж байгаа юм. Өөрийгөө болон өөрийнхөө үр хүүхдийг л хичээж үз. Харин ч хамгийн биеэ даасан, багаасаа юм үзэж, нүд тайлсан үе шүү

Холбоотой мэдээ

Back to top button