НИЙГЭМЯРИЛЦЛАГА

Ховдод мэндэлсэн гурван ихрийн аав: 30 насандаа зургаан хүүхэдтэй болсон ханиараа бахархаж байна

-30 насандаа “Алдарт эх”-ийн I, II одонг хамтад нь хүртэхээр болсон ханиараа бахархаж байна-

Үртэй хүн жаргалтай. Шинийн 6-нд, Дашнямтай өдөр гурван ихэр хүүхдээ өлгийдөн авч, хөл нь газар хүрэхгүй баярлан суугаа тэднийг Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл гэдэг. Өчигдөр буюу энэ сарын 17-нд Ховд аймгийн Амаржих газарт Б.Оюунгэрэл амаржихдаа гурван ихэр хүүхэд төрүүлсэн юм.

Монголын 2021 оны анхны гурван ихэр үрсийн эхний хүү нь 09.08 минутад 1 кг, 830 грамм, хоёр дахь хүү нь гурван минутийн дараа 2 кг, 110 грамм, гурав дахь охин нь 09.13 минутад 1 кг, 850 грамм жинтэй мэндэлжээ. Өдгөө 30 настай Б.Оюунгэрэл 2012 онд анх амаржихдаа хоёр ихэр охин, дараа нь 2017 онд хүү төрүүлжээ. Ийнхүү зургаан хүүхэдтэй болсноор “Алдарт эх”-ийн I, II одонгийн болзлыг зэрэг ханган, хамтад нь хүртэхээр болсон яах аргагүй ховор тохиолдол.

Гурван ихэр хүүхдээ, ханиа эмнэлгээс гарахыг нь хоног тоолон хүлээж суугаа Б.Отгонпүрэвтэй ярилцлаа.

ХАНЬ МИНЬ ЭСЭН МЭНД АМАРЖЛАА, ГУРВАН ИХЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛЛОО. ҮҮНЭЭС ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ

-Юуны өмнө гурван ихэр хүүхэдтэй болсонд тань баяр хүргэе. Хань, хүүхдүүдийнх нь бие дажгүй юу?

-Баярлалаа. Хань минь эсэн мэнд амаржлаа, гурван хөөрхөн хүүхэдтэй боллоо. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Одоо л сэтгэл амарлаа. Хань минь төрөх эмнэлгийн орноос буун, шөл уугаад сууж байна.

Өглөө 09.00 цагийн үед амаржсан юм. Өрөө рүү нь орон, гурван ихэр хүүхдээ хараад сэтгэл их хөдөллөө. Хэвлэлийнхэн ярилцлага авахад нь догдолж, сандарсандаа олигтой юм ярьж чадаагүй. Ёстой тулгамддаг юм байна (инээв).

ЭХНЭРЭЭ БҮР САНДАРГАЧИХ БАЙХ ГЭЖ БОДООД ТӨРӨХӨД НЬ ХАМТ БАЙГААГҮЙ

-Хань нь Цагаан сарын үеэр төрлөө. Эмнэлэгт хэзээ хэвтсэн бэ?

-Өө, олон хоногийн өмнө хэвтсэн. Гурван ихэр хүүхэд төрүүлэх тул эмч нар эртхэн хэвтэхийг бидэнд зөвлөсөн юм. Төрөх гээд өвдөж эхлэнгүүт нь их сандарлаа. Эмч нар “Хамт байх уу, орох уу” гэж асуухад нь эхнэрээ бүр сандаргачих байх гэж бодоод ороогүй. Үүдэн дээр нь залбираад зогсож байлаа.

Эхнэр минь бие жижигтэй. Төрөхийн хүндрэл бага зэрэг байсан. Сайн эмч нарын буянд эсэн мэнд амаржлаа. Ховд аймгийн Амаржих газрын эмч нартаа баярлалаа.

-Амаржсаных нь дараа ханьтайгаа уулзахад юу гэсэн бэ?

-Үнэхээр их баярлаж байна лээ. Гурван ихэр хүүхдээ хараад л инээгээд байна лээ.

ГУРВАН ИХЭР ХҮҮХЭД ЗАЯАСНЫГ МЭДЭНГҮҮТЭЭ АЛТАЙ СУМААС АЙМГИЙН ТӨВ РҮҮ ТҮР НҮҮЖ ИРСЭН

-Танайх хоёр ихэр охинтой. Гурван ихэр хүүхэд заяасныг хэзээ мэдэв?

No description available.

-Гурван ихэр хүүхэдтэй болохоор болсноо нэг сар гаруйтайд нь мэдсэн. Сэтгэл үнэхээр их хөдөлдөг юм билээ. Манайх Ховд аймгийн Алтай суманд амьдардаг. Гурван ихэр хүүхэдтэй болсноо мэдэнгүүтээ Алтай сумаас Ховд хотод түр нүүж ирсэн. Эмнэлэг, юм юмтай ойр байхын тулд тэгсэн юм. Ер нь гурван ихэр хүүхэдтэй болсноо мэдэнгүүтээ бэлтгэлээ хангасан. Ямар ч байсан эсэн мэнд төрүүллээ.

Гурван ихэр хүүхдийг өлгийдөх, хуурайлахаас авхуулаад ажиллагаа ихтэй. Тэр хэрээр хань минь ядарна. Тиймээс би аль болох ханьдаа сайн тусалж, халамжлах хэрэгтэй.

Хүүхдүүдээ тойруулж суун, амар тайван амьдрахаас илүү жаргал үгүй. Хань минь хурдан эмнэлгээс гараасай, ханиа, гурван хүүхэдтэйгээ хамт гэртээ харих сан гээд догдолж сууна.

ЭХНЭР БИД ХОЁР ХОЁР ТАЛААСАА ИРХИЙН УДАМТАЙ

-Эхнэр нь хоёр дахь удаагаа ихэр хүүхэд төрүүллээ. Та хоёрт ихрийн удам бий юү?

-Ер нь хоёр талаасаа ихрийн удамтай. Эхнэрийн минь ойрын хамаатан өнгөрсөн жил гурван ихэр хүүтэй болсон. Манай удамд хэд хэдэн ихэр бий. Гэхдээ гурван ихэр байхгүй.

-Ихрийн удамтай, өмнө нь ихэр хүүхэд төрүүлж байсан болохоор эхнэрээ жирэмсэн болоход нь ихэр байж магадгүй гэж таамаглаж байв уу?

-Таамаглаж байсан шүү. Ихэр байгаасай гэж бодож байлаа.

ТОМ ХОЁР ОХИН МИНЬ ИХЭР

-Танайх өмнө нь гурван хүүхэдтэй байсан. Одоо ингээд хань нь “Алдарт эх”-ийн I, II одон хүртэхээр боллоо. Ер нь ховор тохиолдол.

-Харин тийм ээ. 30 насандаа зургаан хөөрхөн хүүхэд төрүүлж, “Алдарт эх”-ийн хоёр одонг хамтад нь хүртэхээр болсон ханиараа бахархаж байна. Хоёр ихэр охин минь найман настай. Хүү минь дөрвөн настай.

-Гурван хүүхэд нь гурван дүүгээ ааваасаа асуугаад, сэтгэл нь догдлон хүлээж байна уу?

No description available.
Гурван хүүхдийн хамт.

-Ёстой тэгж байна. “Гурван дүү минь хэзээ ирэх вэ. Ээж ирэх болж байна уу, аав аа” гэж надаас байн, байн асууж сууна.

 Түрүүн та эхнэрээ амаржуулахын тулд Алтай сумаас Ховд хотод түр нүүж ирсэн гэсэн. Цаашид ер нь хаана амьдрах бодолтой байна вэ?

-Цаашид энд (Ховд хот) амьдрах байх.

-Та хоёр гал голомтоо бадраагаад хэдэн жил болж байгаа вэ?

-2012 онд гал голомтоо бадраасан. Одоо ханилаад есөн жил болж байна. Би Ховд аймгийн Цэцэг, хань минь Алтай сумын уугуул. Хоёулаа эхээс өнөр. Би эхээс наймуулаа, долоо дахь хүү нь. Хань минь эхээс зургуулаа.

-Эхнэр нь эмнэлгээс хэзээ гарах вэ?

-Харин ээ, сайн мэдэхгүй байна. Эхнэрийн, гурван ихэр хүүхдийн минь биеийн байдлаас шалтгаалах байх. Зургаан хүүхэд минь хань бид хоёрын амьдралын утга учир. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой сайн хүн болгохын төлөө хичээнэ ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

18 Сэтгэгдэл

  1. ЁСТОЙ НЭГ ЖИНХЭНЭ ЦЭВЭР АРИУН.АЖИЛСАГ.ИДЭЭ УНДТАЙ БУЯНТАЙ САЙХАН ГЭР БҮЛ БАЙНА ДАА.ГЭР ОРОН ЦЭВЭР ЦЭМЦГЭР.ИДЭЭУНДАА ЭЛБЭГ ДЭЛБЭГ НҮДЭНДЭЭ ГАЛТАЙ НҮҮРЭНДЭЭ БАЯСГАЛАНТАЙ ТҮВШИН АМГАЛАН ӨНӨР САЙХАН ГЭР БҮЛД АЗ ЖАРГАЛ ХҮСЬE!

  2. 3 ихэр хүүхэд ганц хүн арчилж чадахгүй. Сайн туслаарай даа Хүүхдээ нэг нэгээрээ аваад 3 дахь хүүхдийг нь хоёр томдоо тэврүүлдэг байхдаа. сайн нүдэндээ харагдах газар байлгаж байхгүй бол ихэр хүүхэдтэй эцэг эхчүүд аймаар ядардаг гэсэн.

  3. Бурханаас илгээсэн буяны үрс юм даа. Эрүүл энх аз жарг#### сайн сайхны дээдийг хүсье. Баяр хүргэе ээ????????????????????

  4. ажилгүй авгай бага ############р ажил хий монгол хүүхнүүд хүүхэд гаргахаас өөрч вугаа чадах юм

  5. Ямар хөөрхөн юм бэ. Баяр хүргэе! Хөөрхөн мэдээ уншлаа. Аав нь их сайн аав шиг бна. Эрүүл энх өсөн торнигээ 3 хөөрхөн хүүхдүүдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button