НИЙГЭМ

Н.Өнөрзаяа: Цахим мэдээллийн санд судалгааны бүтээл, ном, сурах бичиг, гарын авлагыг байршуулсан

Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нарын эрдмийн их уурхай бол Төв номын сан юм. Дотоод хэргийн их сургуулийн “Спорт цогцолбор-номын сан”-гийн барилгыг 2019 оноос шинээр барьж, өнгөрсөн 08 дугаар сард ашиглалтад оруулан, Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлаг (TIKA)-ийн төслийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн орчин орчин үеийн номын сангийн хэв маягийг бүрдүүлсэн.
Тус номын сангийн үйл ажиллагааны талаар ахлах номын санч, цагдаагийн дэслэгч Б.Өнөрзаяагаас  тодрууллаа.

-Дотоод хэргийн их сургуулийн Төв номын санг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрүүллээ. Төв номын сан нь өнөөдөр уншлагын хэдэн танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Манай Их сургуулийн Төв номын сан шинэ байранд шилжин орсноор уншигчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлж, эрдэмтэн судлаач, профессоруудын нэрэмжит оюуны өргөө, багш нарын уншлагын танхим, гадаад ном, уран зохиолын номын танхим, ганцаарчилсан болон багаар ажиллах бие даалтын танхимууд, бүртгэл-лавлагаа мэдээлэл, хэвлэх үйлчилгээ, цахим уншлагын танхим зэргийг шинээр бий болгож, үйлчилгээний нэгжийг гурав  дахин нэмэгдүүлсэн. Мөн Их сургуулийн төв номын сангаас гадна Ахлагчийн сургууль, Цагдаагийн сургуулийн номын сан, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн нууцын номын сан, Сонсогчийн байрны номын сан зэрэг 25 уншлагын танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хичээл, сургалтын үйл ажиллагаа жигдрэхээр манай номын сангуудын багш, оюутнуудын хөл тасардаггүй, нэлээд ачаалалтай болдог.

 -Төв  номын сангийн  чөлөөт сонголттой “Эрдэм” уншлагын танхимыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулсан. Энэхүү танхимын онцлогийн талаар сонирхуулна уу? 

Төв номын сангийн “Эрдэм” уншлагын танхимыг тохижуулахын тулд гадаад, дотоодын номын сангуудын тохижилт, стандартуудыг судалж, Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлаг (TIKA)-ийн төслийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцүүлэн тохижуулсан. Үнэхээр уншигч үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан орчин үеийн шийдэл бүхий танхим болсон гэж тус номын сангаар үйлчлүүлэгчид нэлээд сэтгэл хангалуун байдаг. Их сургуулийн удирдлагууд болон би бүхний зүгээс цаашид номын сангийнхаа бусад танхимуудыг мөн адил тохижуулж, үйлчилгээг улам сайжруулах талаар анхаарч ажиллаж байна.

Ганцаарчилсан болон багаар ажиллах танхимуудын хувьд уншигч үйлчлүүлэгч ихтэй байдаг уу?

Ер нь номын сангийн бүхий л танхимыг дуу шингээдэг акустик хавтангаар доторлож, бусдын тав тухыг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн ганцаарчилсан болон багаар ажиллах танхимд цахим орчинг бий болгосон тул багш, судлаачид тус танхимд сууж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хийх их сонирхолтой байдаг. Хүмүүс их сонгож үйлчлүүлдэг.

Номын сангийн баяжилтаа хэрхэн хийж байна вэ. Хичээл, сургалт хэвийн явагдаж байгаа үед өдөрт хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлдэг вэ?

Манай номын сан 84,000 орчим ном, сурах бичиг бүхий сан хөмрөгтэй. Үүний 70 орчим хувь нь Их сургуулийн хичээл, сургалтад ашигладаг ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн байдаг. Бид Их сургуулийн төлөвлөгөөнд тусгагдсан суурь, мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлүүдэд  ашиглагддаг ном, сурах бичгийн хэрэгцээ хангамжийн судалгааг жил бүр хийдэг. Үүнд үндэслэн бүрэлдэхүүн сургуулиудаас хичээл, сургалтад нэн шаардлагатай ном, сурах бичгийг  худалдан авч баяжилтаа хийдэг. 2019-2020 оны хичээлийн жилд давхардсан тоогоор 275.000  орчим  хүнд 427.000 гаруй ном, хэвлэл, бусад баримтаар үйлчилсэн байна.

Сүүлийн үед номын сангууд цахим технологийг түлхүү ашиглах болсон. Ном сурах бичиг, ашиглах ном, хэвлэл бусад баримт бичгийг цахимжуулах ажил хэрхэн хийгдэж байна вэ?

-Их сургуулийн номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээнд  2011 оноос Lib4U цахим программыг нэвтрүүлэн ном, сурах бичгийнхээ дэлгэрэнгүй мэдээлэл бүхий цахим каталогийг үүсгэж, уншигчдын мэдээлэл, ном олголтын үйлчилгээг цахимжуулсан. Үүний үр дүнд цахим орчинд хаанаас ч Их сургуулийн номын санд байгаа номуудыг хайж олох боломжтой болсон. Мөн хайж буй ном, сурах бичиг тус номын санд хэдэн ширхэг байна, уншигчид захиалж аваад хэдэн ширхэг үлдсэн гэх зэрэг мэдээллийг авах боломжтой. Энэ нь төрийн цахим үйлчилгээг дэмжсэн, багш, судлаач, суралцагчдын цаг завыг хэмнэсэн үр дүнтэй ажил юм. Цаашид ч номын сангуудын номуудыг цахимжуулах, цахим каталогийг баяжуулах чиглэлээр олон ажил хийгдэх болно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button