Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: 2 их наядын зээлд хамрагдах ААН-үүдэд ганцхан НӨАТ төлөгч байх шаардлага тавина

Өнөөдөр /2021.03.09/ Сангийн яам, Монголбанктай хамтран эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-ний талаар мэдээлэл хийлээ. Бүр тодруулбал, 10 их наядын нэг салаа мөчир болох ажлын байрыг хамгаалах 2 их наядын зээл олгох үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Энэ тал дээр Сангийн сайд Б.Жавхлан:

“Хоёрдугаар сарын 10-нд Засгийн газар “10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулсан. Үүнээс хойш уг төлөвлөгөөнд багтсан ажлын байрыг дэмжих зээлийн үйлчилгээ албан ёсоор өнөөдрөөс эхэлж байна. Гурван жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, шаардлагатай бол төрөөс зээлийн хэмжээний 60 хүртэлх хувьд нь төрөөс батлан даах энэ зээлийн талаар мэдээлэл өгнө.

Энэ зээлийг олгох эхлэхийн тулд багагүй хугацаанд бэлтгэлээ хангалаа. Энэ хүрээнд судалгааны ажил дээр нэлээд суулаа. Судалгаа гэдгийг та бүхэн онцолж анхаараарай. Учир нь, энэ эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийснээр макро орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлүүдийг сайтар тооцож, судалсан” гэлээ.

-ААН-ҮҮДЭД НӨАТ ТӨЛӨГЧ БАЙХ ГАНЦ ШААРДЛАГА, ИРГЭДЭД ЯМАР Ч ШААРДЛАГА ТАВИХГҮЙ-

Цаашлаад уг зээлд хамрагдах ААН-үүдэд ганцхан шаардлага тавина. Харин иргэдэд ямар ч шаардлага тавихгүй гэдгийг онцоллоо.

Тэрбээр, “Төрөөс уг зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүдэд ганцхан шаардлага тавина. Энэ бол НӨАТ төлөгч байх. Хэрэв НӨАТ төлөгчөөр бүртгүүлж амжаагүй байгаа бол амжаарай. Арилжааны банкнууд бол хүлээн авахад бэлэн болсон байгаа.

Энэ зээлд мөн иргэд ч хамрагдана. Өмнө нь ЖДҮХС гэхчлэн хөтөлбөрүүдэд иргэд хоцордог байсан. Энэ удаад иргэдээ түлхүү хамруулах бодлого барьж байна. Лангууны бизнес эрхэлдэг гэхчлэн хөл хорионд нэрвэгдсэн энэ массыг орхигдуулахгүй. Гэхдээ үүнд хэрэглээний зээл орохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн бизнес эрхэлдэг, ажлын байр бий болгодог, цалин өгдөг, ийм иргэддээ олгох юм.

Судалгаагаар тэдний 80 хувь нь 50 сая төгрөг дотор ийм төрлийн зээл авдаг юм байна. Яг энэ дүнгээр, одоо ирсэн байгаа хүсэлт болон бодит эрэлтийн даацаар тооцоход 500-600 тэрбум төгрөг, 20-25 мянган иргэдэд ноогдол судалгаа гарсан.

ААН-үүдийн хувьд 500 сая төгрөг хүртэлх зээл гарна. Мөн хүсвэл зээлийн хэмжээнийхээ 60 хүртэлх хувьд нь төрөөс батлан даалт гаргуулаад орж болно. Онцолж хэлэхэд, НӨАТ төлөгч байгаач гэдэг нь зөвхөн ААН-д хамааралтай. Иргэдэд төр ямар нэг шаардлага тавихгүй” гэлээ.

Сүүлд нь уг 2 их наядын зээл хүсэгчдэд тавигдах шаардлагын талаар өнөөдрийг хүртэл албан мэдээлэл гараагүй гэдгийг Сангийн сайд онцоллоо. “Зээлийн нөхцөлүүд дээр үл ойлгогдох асуудлууд байсан. Татварын нөхцөлүүд тавина гэхчлэн. Үүн дээр ямар нэг албан мэдээлэл гараагүй байсан шүү. Өнөөдөр та бүхэнд дуулгаж байгаачлан, НӨАТ төлөгч байх гэдэг ганц л шаардлага тавьж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button