УЛС ТӨР

Ж.Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох асуудлаар АН-ын бүлэгт завсарлага өглөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага хүслээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Хүний эрхийг дээдэлсэн чуулган болгоё гэж манай спикер ярьсан. Надад үг хэлэх боломж олгож байгаад баярлая. Дуртай үедээ дуртай хуулиа биелүүлдэг. Дургүй үедээ биелүүлдэг. Дээд шүүх хугацаа нь дуусчихсан, хуулийн нас нь болчихсон хоёр хүнээ хоёулангийнх нь асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүй. УИХ, Хууль зүйн байнгын шийдээгүй. Цаана нь хуйвалддаг, ҮХЦ-ийг хараат байлгадаг, хүссэн шийдвэрээ гаргуулдаг гэсэн хардлага байна.

Тиймээс ҮХЦ-ийн гишүүдийг томилох явцад хуулийг ягштал биелүүлж байх ёстой. УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулаач.  Болохгүй бол манай намын бүлэг ажлын хэсэг байгуулъя. МАН-ын дуртай гишүүд нь орж болно. Н.Алтанхуяг гишүүнийг бас урьчихъя. ҮХЦ дээр юу болоод байна. Дандаа улс төржөөд байна. Энэ юмны хажуугаар зүгээр өнгөрч болохгүй. Хуулийн хувьд ажлын тав хоногт чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаатай юм байна. Тиймээс АН-ын бүлэг УИХ-ын тухай хуулийн заалтыг үндэслэж тав хоногийн завсарлага авч байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

“Цөөнхийн бүлгээс авах завсарлагын хугацааг хуульд заасан хугацаатай тохируулж шийднэ гэж заасан. ҮХЦ-ийн асуудлыг чуулганаар 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой. Тиймээс маргааш хүртэл завсарлага өгч байна. Хууль зүйн хувьд ямар нэг асуудал байхгүй. ҮХЦ-ийн гишүүнд, гаргасан дүгнэлтэд нөлөөлөх аливаа оролдлого гаргаж болохгүй. Үүнийг анхаарч ажиллацгаа” гэв.

-Ж.ЭРДЭНЭБУЛГАН ГЭЖ ХЭН БЭ-

Нэр дэвшигч Ж.Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Ж.Эрдэнэбулган нь 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар, 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх, 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн, 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсан. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 22-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргасан. Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөхөд Ж.Эрдэнэбулган нь хамгийн олон санал авч, Цэцэд нэр дэвших эрхтэй болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button