НИЙГЭМ

Л.Цэрэндолгор: Утас оролдож болохгүй гэж хориглохоосоо өмнө хүүхэдтэйгээ сайтар ярилц, үлгэрлэ

Сүүлийн үед эцэг эхчүүдийн “шүдний өвчин” болж буй асуудлын нэг нь дэлгэцийн дондолт. Технологийн эрэн зуун хөл нийлүүлэн алхаж, компьютер, гар утасмонголчуудын хэрэглээнд нэвтэрснээс хойш энэ эмгэгээс хүүхдээ хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлүүлэхэд эцэг, эхчүүдийн санаа зовсоор.

Нөгөө талаар бага насны хүүхдээ уйлахаар нь аргадахын оронд шууд л гар утсаа өгчихдөг, жаахан үймүүлэнгүүт нь “Чимээгүй бай” гээд гар утас, компьютер тогллуулдаг нь алдрай үрсээ дэлгэцийн донтолт руу “хөтөлж” байгаа юм. Хүүхдээ дэлгэцэнд донтсоныг мэдсэн мөртлөө яаж эмчлэх, хэрхэн болиулах учраа олохгүй, дэмий л санаа зовж яваа эцэг олон. Тэгвэл хүүхдээ дэлгэцэнд донтсоныг хэрхэн мэдэх вэ, яаж эмчлэх вэ.

Бид энэ сэдвийн хүрээнд СЭМҮТийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

-Цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг хаалттай байгаа. Эцэг, эхчүүд нь ажилдаа явсан хойгуур хүүхдүүд нь гэртээ юу хийж байгааг хянах хяналт сулардаг. Цар тахал, хөл хорио дэлгэцэнд донтох өвчинд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Цар тахал гарч, хөл хорио тогтоосноор хүүхдийн дэлгэцэнд донтох, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх тоо буурч байна. Ингэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. Цөөнгүй эцэг, эх “Хөл хорионд байхдаа анзаарлаа. Манай хүүхэд дэлгэцэнд донтчихож, үргэлж утсаар тоглодог болчихож” гэж бичсээр байгаа. Ийм зүйл анзаарагдлаа. Хөл хорио тогтоосноор эцэг, эхчүүд гэртээ байх, хүүхдүүдтэйгээ хамт байх цаг гарсан. Өглөө ажилдаа яваад, орой ирдэг эцэг, эх өдөржин хүүхдүүдтэйгээ хамт байж, ажиглах боломж бүрдсэн.

-Эцэг, эхчүүд хүүхэддээ цаг гарган, “амьд” харилцаатай байхаар цахим хэрэглээнээс хол байна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Яг тэгж байгаа. Эцэг, эхчүүд дэлгэцэнд донтох эмгэгийн талаар судалж, өөрсдөө боломжит арга хэмжээг аваад, болохгүй бол мэргэжлийн байгууллагад хандаж байгаа нь анзаарагдсан.

-Бага насны хүүхдийн хэдэн хувь нь дэлгэцийн донтох эмгэгтэй байна вэ?

-Улсын хэмжээнд судлах боломж байхгүй. СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиник улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ч Монгол бүх хүүхдийг судлах, тэдэн хүүхэд дэлгэцийн хамааралтай байна гэдгийг тогтоох боломж одоогоор алга.

Ер нь эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ сайтар харж, анзаарч байх хэрэгтэй. Насныхаа түвшний, өөртөө тохирсон контент үзэж байна уу, үгүй юу. Өдөрт хэдэн цагийг цахим хэрэглээнд зарцуулж гар утас оролдон, компьютер тоглож байна вэ. Хэтрүүлж хэрэглэж байна уу, зохистой хэрэглээ юү, донтчихсон байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Дэлгэцэнд донтоод эрүүл мэнд, зан аашинд нь өөрчлөлт гарч байгаа эсэхийг анзаарах чухал. Яаж мэдэх вэ гэдэг асуудал тулгарна. Юуны түрүүнд дэлгэцэнд донтох эмгэг гэж юу гэдэг талаар эцэг, эхчүүд өөрсдөө судалж, тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй. “Юуг дэлгэцийн донтолт гэх вэ, ямар шинж тэмдэг илрэх вэ” гэдгийг мэдээд авчихвал хүүхдээ дэлгэцэнд донтсон уу, зохистой хэрэглэж байгаа эсэхийг мэдэх боломж бүрдэнэ.

-Та сая хүүхдээ анзаарах хэрэгтэй гэлээ. Ямар шинж тэмдэг илэрвэл хүүхдээ дэлгэцэнд донтож гэж дүгнэх нь зөв бэ?

-Дэлгэцийн донтол бусад донтолттой яг адилхан. Архи, мансууруулах бодистой яг адилхан механизм тархинд явагддаг. Тэр зүйлээ хэрэглэж байж л сэтгэл нь тайвширдаг, утас оролдож, компьютер тоглож байж л санаа нь амардаг болчихдог. Ийм байдалд орохоос өмнө хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ.

Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээтэй болсон хүн, хүүхдэд юуны түрүүнд бие мах бодид өөрчлөлд гардаг. Ядарч, сульдана, нүдний ухархай руу чилж өвдөнө, хуурайшина, аргана. Нүдний хараа нь муудна. Толгой, хүзүү нь чилнэ. Утасны хэрэглээ нэмэгдэн, дэлгэцэнд донтох тусам нойргүйднэ.

Дараа нь сэтгэл санаанд өөрчлөлт орно. Амархан сэтгэлээр унадаг, гутардаг болно. Хүүхдийн хувьд түрэмгүй авирладаг болдог. Аливаа асуудлыг эвээр, хүлээцтэй шийдэх чадвар муудна. Ямар нэгэн хүч хэрэглэж, уурлаж, бухимдаж шийдэхийг оролддог. Шийдвэр гаргах чадвар буурах тусам аливаа зүйлийг үнэ цэнийг тодорхойлох чадвар буурна. Насанд хүрсэн хүний хувьд үнэ цэнтэй зүйл бол гэр бүл, хань, хүүхэд, ажил, карьер. Тэгэхээр зөвхөн тухайн тоглоомоо үнэ цэнтэй, хамгийн чухал гэж боддог болдог. Буруу дүгнэлт гаргаж байна гэсэн үг.

Хүүхдийн хувьд мөн адилхан. Хүүхэд дэлгэцэнд, цахим тоглоомонд тонтсоноор хичээлдээ дургүй, гэр бүлийн харилцаанд идэвхгүй, ганцаардмал, зожиг болдог. Зөвхөн сонирхлын хүрээний найзуудтай болж, зан үйлд нь өөрчлөлт гардаг. Дэлгэцэнд донтсон хүүхэдтэй эцэг, эх “Манай хүүхэд хичээлдээ явах дургүй болчихлоо. Нийгмийн харилцаанд орохгүй, ганцаардмал болчихлоо” гэж бидэнд ханддаг, санаа нь их зовдог.

Цахим тоглоом, дэлгэцэнд донтсон хүүхдүүд хичээлдээ явахгүй олон хонохоороо эцэг, эхдээ худлаа хэлнэ. Хичээлдээ явж байгаа гээд. Дараа нь тоглох мөнгө олохын тулд хулгай хийнэ. Гэрээсээ, ойр орчмоосоо хулгай хийх боломжгүй болонгуут үе тэнгийнхэнтэйгээ нийлж өөрөөсөө бага насны хүүхдийг дээрэмдэх гэх мэтээр буруу замаар ордог. Энэ нь хэтэрвэл гэмт хэрэгт болох ч эрсдэлтэй.

Насанд хүрэгчдийн хувьд мөрийтэй тоглодог. Алдах тусам олох юм сан гээд, олох тусам улам ихийг хожих гээд шунадаг. Яагаад ингэж шунан, өөрийгөө хянаж чадахгүй байна вэ гэхээр бодит, зөв шийдвэр гаргах чадвар суларсантай холбоотой. “Одоо больё, хангалттай. Ханалаа” гэдэг ухамсар, тийм хэмжээ байхгүй болчихсон гэсэн үг. Тийм учраас улам шунан, цахим тоглоом, дэлгэцийн донтолтын “боол” нь болж, хараат болоод байгаа юм. Үнэ цэнэтэй бүх зүйл нь цахим тоглоомын хойно тавигдаж эхэлдэг.

Насанд хүрсэн хүн, хүүхэд ийм хандлага гаргаж байвал дэлгэцэнд донтсон байна гэж өөрийгөө бодох хэрэгтэй.  

Эцэг, эхчүүд “Манай хүүхэд өмнө нь “Утас оролдохоо боль. Компьютероо унтраа” гэнгүүт больчихдог байсан. Одоо тэгж хэлэхээр уурлаад байх юм. Больсон мөртлөө нууцаар, шөнийн цагаар тоглоод байна” гэдэг. Хүүхэд нь иймэрхүү хандлага гаргаж байгаа бол дэлгэцэнд донтсоны нэг илрэл.

-Хүүхэд дэлгэцэнд донтоход зарим эцэг, эх буруутай. Уйлангуут нь аргадахын оронд хурдхан утсаа өгчихдөг, “Хэрвээ тэгвэл утсаар тоглуулна шүү” гэж хүүхдээ аргаддаг. Ярилцъя, цаг гаргая гэхээс илүү ингэж байгаа нь өөрөө хүүхэд дэлгэцэнд донтох “зам руу “хөтлөөд” байх шиг.

-Олон улсад хоёр хүртэлх настай бага насны хүүхдэд дэлгэц хэрэглүүлэх, утсаар тоглуулахыг хориглодог. Гэтэл Монголд дэгсдүүлээд хэлэхэд эхээс төрөнгүүт нь утсаар юм сонсгон, юм үзүүлдэг. “Уйлаад байхаар нь сатааруулахын тулд” утас оролдуулдаг эцэг, эх олон. Тэр хэрээр хүүхдээ багаас буруу хэвшүүлж, дэлгэцэнд донтуулж байна гэсэн үг. Хүүхдийн тархи хоёр нас хүртлээ хамгийн идэвхтэй хөгждөг. Яг тийм үед цахим хэрэглээ, дэлгэц, утас бус эцэг, эхийн амьд харилцаа, хүрээлэн буй орчин их чухал. Тэр хэрээр хүүхэд нас, сэтгэхийн онцлогтоо тохирсон мэдээлэл авч, зөв хүмүүждэг. Гэтэл тэгэхгүй, зөвхөн утас үзүүлээд байхаар тухайн хүүхэд дэлгэцтэй харилцаад, хязгаарлагдмал байхаар хэл, ярианы хөгжил нь хоцордог.

Бага насны хүүхэд “Энэ юу вэ” гэж эцэг, эхээсээ асууж, лавлаж байж аливаа зүйлийн мөн чанар, учир шалтгааныг ойлгодог, мэдэж авдаг. Тийм мэдээлэл авах хэрэгцээ хүүхдэд байна гэсэн үг. Гэтэл эцэг, эх нь ярилцахгүй, цаг гаргахгүй, утас өгчихөөд яваад байвал хүүхэд хэнтэй ярилцах, хэнээс тэгж асуух вэ. Тийм хэрэгцээгээ авч чадаж байгаа эсэхээ хүүхэд мэддэггүй. Цахим ертөнцөөс авсан, харилцаа үүсгээгүй, хоосон мэдээллээр хүүхдийн тархи дүүрчихдэг. Тэр хэрээр харилцааны нарийн, нандин мэдрэмж авч чаддаггүй.

Тэгж өссөн хүүхэд том болоод өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Насанд хүрэхээрээ уур бухимдлаа яаж илэрхийлэх учраа олдоггүй. Зуршил болсон, дадсан хэрэглээгээр бухимдлаа тайлдаг. Цахим тоглоом тоглож юм уу ямар нэгэн зохисгүй бодис хэрэглэдэг. Хэр багаас нь дэлгэц хэрэглүүлэх тусам тухайн хүүхдийн эрүүл мэндийг төдий чинээ хордуулж байна гэсэн үг.

Хүүхдээ цахим тоглоом, дэлгэцийн донтолтоос хэрхэн ангид байлгах вэ, яаж эмчлэх вэ гээд санаа нь зовох, хэрхэх учраа олохгүй яваа эцэг, эх олон. Тийм хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүүхдийн тань цахим хэрэглээ ямар түвшинд байгааг зөв үнэлэх их чухал. Зүгээр л сонирхож, хэрэгтэй мэдээллээ авч байхад нь битгий утас оролд гээд хураагаад авчихвал, болиулчихвал яах вэ. Тэгэхээр эцэг, эхчүүд шууд хориглож, загнахаас илүү хүүхэдтэйгээ ярилцах чухал. “Миний хүүхэд энэ видеог яагаад үзэх дуртай юм бэ. Энэ тоглоомны юу нь чамд таалагддаг вэ. Ийм зүйл гардаг болохоор гоё санагддаг юм уу. Чи эндээс юу ойлгох” гэх мэтээр хүүхэдтэйгээ сайтар ярилц. Хүүхэд чинь тэндээс хэрэгтэй мэдээлэл авч, танд түүнийгээ тайлбарлаж чадаж байвал хэрэгтэй мэдээллээ авч байна гэсэн үг.

“Хүүхэд тэдэн цаг утас оролдох нь зохистой хэрэглээ гэж эмч хэллээ.Миний хүүхэд өдрийн аль үед утас хэрэглэмээр байна” гээд асуу. Хүч түрэмгийлсэн, тушаасан хандлагаар шууд хэлвэл хүүхэд эсэргүүцдэг, дургүйцдэг.

“Болохгүй, боль” гэхээсээ өмнө хүүхэдтэйгээ тэр зүйлийг нь хамт үз. Тэр зүйлийнх нь талаар ярилц. Тэгвэл хүүхэд тэр зүйлдээ шунаж бус зохистой хэрэглэж, мэдээлэл авч хэвшдэг.

Дараа нь цахим хэрэглээний цагт нь хязгаарлалт тавих. Тэгэхдээ аажим аажмаар. “Миний хүүхэд өнөөдөр тэдэн цаг үзээрэй. Дараа нь хоёулаа тийм зүйл хийе” гэх мэтээр өдрөөс өдөрт дэлгэцийн цагийг нь багасгана. Өөр хэрэглээ, дадлаар аажмаар солино гэсэн үг.

 Хүүхэд чинь юу сонирхож байна вэ. Үүнийг мэддэг байх их чухал. Үзэж буй видео, тоглодог тоглоом нь нас, сэтгэхүйн онцлогт тохирч байгаа эсэхийг мэдэх их чухал. Тэр хэрээр хүүхдээ буруу хэрэглээ, дэлгэцийн донтолтоос гаргах боломж бүрдэнэ. “Шууд боль” гээд нэмэргүй. Хүүхэд тухайн үед больсон ч дахиад тоглоно, утас оролдоно. Тэгэхээр өөр зөв дадалд аажуухан дасган, хүүхэдтэйгээ сайтар ярилц.

-Эцэг, эхчүүд хүүхдээ утас оролдуулахгүй, дэлгэцэнд донтох вий гэхдээ гаргаж буй түгээмэл алдаа юу байна вэ?

-Шууд хориглодог алдааг их гаргадаг. “Хортой, муу гэнэ” гээд хамаг юмыг нь хураагаад авчихдаг. Тэгсэн мөртлөө өөрөө хэрэглээд байдаг. Эцэг, эх хүүхдийнхээ дэргэд утас оролдоод байхаар “Би яагаад утас оролдож болохгүй гэж. Шударга бус байна” гэж хүүхэд бодно. Хүүхдийн хорхойссон байдал дарагдаагүй, хүчээр болиулчихсан тул нууцаар тоглодог, утас оролддог. Хүүхэдтэйгээ ярилц, зөвшөлц, тохиролц.

 Тэгэхээр эцэг, эхчүүддээ хүүхдэдээ зөв үлгэрлэх чухал. “Гэртээ утас оролдохгүй, эрүүл харилцааг эрхэмлэе” гээд уриалга гаргаад ч юм уу зөв үлгэрлэвэл хүүхэд аяндаа дасдаг, буруу хэрэглээнээсээ ангижирдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button