
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстанд болсон олимпийн эрх олгох тэмцээнд шуугиулсан тамирчдын нэг нь Болдсайханы Хонгорзул. 20 насандаа олимпийн эрх олгох тэмцээнд анх удаа оролцохдоо зорьсондоо хүрсэн тэрбээр жиндээ торолгүй түрүүлсэн юм. Олимпийн эрх өвөртлөн, шишээд шалгарахдаа бүх өрсөлдөгчөө (Узбекистаны Шохида Ахмедова, Киргизстаны Назира Марсбек Кызы, БНСУ-ын Ум Жи Ун) 10:0-ээр цэвэр ялсан нь хэр авьяастай, бэлтгэл сайтай байгаагийнх нь илрэл.

Хэдийгээр Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаад олимпийн эрх авсан Токиогийн дэвжээнд шууд өрсөлдөхгүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо тухайн эрхийг бөхөд бус улсад нь олгодог билээ. Тэгэхээр энэ жинд хэнийг олимпийн дэвжээнд сойхоо Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ гэсэн үг. Тэгэхээр одоо дотоодын өрсөлдөөнөөс шалгарах дахин нэг даваа Б.Хонгорзулд үлдсэн.
Хонгор нутгаас торниж буй ирээдүй бөх түүний дасгалжуулагч нь С.Мөнхдуулдах. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсан төрсөн нутагтаа “Байдрагийн хүчтэн” клубийг байгуулж, дасгалжуулагчаар С.Мөнхдуулдахыг ажиллуулсан нь улсын аварга Б.Хонгорзул, аймгийн арслан, улсын аварга Ч.Алтангэрэл, аймгийн заан Батмагнай, насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн, өсвөр үеийн улсын аваргад завсаргүй таван удаа түрүүлсэн Ө.Пүрэвсүрэн нарын олон шилдгүүд Баянхонгор аймгаас төрөхийн эхлэл байлаа.
“Байдрагийн хүчтэн”-д бойжин, нутгаасаа тэмцээнд оролцон, гялалзаж яваа тамирчдын нэг нь Б.Хонгорзул.
С.МӨНХДУУЛДАХ: Б.ХОНГОРЗУЛЫН АМЖИЛТААС БИ ТӨДИЙГҮЙ ШАВЬ НАР МААНЬ ИХ УРАМ АВЛАА

Шавь нараас нь олимпийн эрх авсан баярын сэтгэгдлээс нь хуваалцахад С.Мөнхдуулдах “Үнэхээр их баяртай байна. Бэлтгэл сайтай байсан болохоор шавиа олимпийн эрх авна гэдэгт нь итгэлтэй байсан. Би Баянхонгор аймагт зурагтаар барилдааныг нь үзэн, дээлийнх нь захыг мушгиж суулаа. Энд аав, ээж хоёр нь бөөн баяр. Тэмцээний өмнө, шигшээд барилдахынх нь өмнө шавьдаа “Миний шавь чадна аа. Өөртэй итгэлтэй барилдаарай” гэж захьсан. Хонгорзулын амжилтаас би төдийгүй хамт бэлтэл хийдэг шавь нар маань их урам авлаа. Шавь нар маань “Хонгорзул олимпийн эрх авлаа. Ямар гоё юм бэ. Хичээвэл бидэнд ч бас боломж байгаа юм байна” гээд их урамшина лээ.
Хонгорзул Казахстанаас Монголдоо ирээд шууд нутагтаа ирж, энд бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ. Олимпийн эх авсан нь нэг даваа. Одоо дотоодын өрсөлдөөнөөс шалгарч, олимпод оролцох болзол хангах чухал. Шавиа Токиогийн олимпийн дэвжээнд зодоглуулахын төлөө зүтгэлгүй яах вэ. Шавийг минь үргэлж дэмждэг Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа, Баянхонгор аймгийн ЗДТГ, ивээн тэтгэдэг “Цэлмэг өргөө” компанийн хамт олонд баярлалаа. Шавийг минь дэмждэг, тусладаг бүх хүний хүчинд олимпийн эрх авсан юм шүү” гэлээ.
Уншигч та бүхэнд Б.Хонгорзулын тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.

НЭГ: Б.Хонгорзул Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат. Тэрбээр 10 настайдаа анх чөлөөт бөхөөр хичээллэжээ.

ХОЁР: Түүний дасгалжуулагч нь С.Мөнхдуулдах. Тэрбээр сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд барилдсаныхаа дараа С.Мөнхдуулдах багшийн шавь болжээ.

ГУРАВ: Б.Хонгорзул эхээс хоёулаа, айлын том нь. Түүний удамд барилддаг хүн байхгүй. Тэрбээр өөрийгөө чөлөөт бөхийн спортгүйгээр төсөөлж чаддаггүй гэнэ лээ.

ДӨРӨВ: Б.Хонгорзул 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 19 настайдаа анх удаа түрүүлсэн. Тэгэхдээ аваргын төлөөх барилдаанд жингийнхээ гол өрсөлдөгчдийн нэг, улсын хошой аварга А.Батцэцэгийг 8:2-оор ялсан юм. Улмаар эл амжилтаар олимпийн эрхийн тэмцээнд зодоглох эрх авсан.
Улсын аварга болоход нь аав, ээж хоёр нь охиноо дэмжихээр Баянхонгор аймгаас ирсэн байжээ. Улмаар охиноо Монголын хамгийн шилдэг бөх болох мөчид хамт байн, баярт мөчөө хамтдаа хуваалцсан юм.

ТАВ: Тэрбээр 2019 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр жил хагас шигшээд А.Батцэцэгд ялагдсан. Улмаар дараа жил даагаа нэхэн, амжилтаа ахиулсан нь тэр.

ЗУРГАА: Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлснийхээ дараа чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Иван Ярыгиний Алтан гран пригээс хүрэл медаль хүртсэн.

ДОЛОО: Улсын аваргад анх удаа түрүүлснийхээ дараа Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Түүнийг нутгийнх нь “Цэлмэг өргөө” компани дэмжиж, ивээн тэтгэдэг.

НАЙМ: Б.Хонгорзул өсвөр үед барилддаг байхдаа босоо байсан тамирчин. Өсвөр үеийн УАШТ-д нэг үзүүрлэн (2014) дөрвөн удаа завсаргүй түрүүлсэн (2015, 2016, 2017, 2018) босоо аварга. Мөн өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, ДАШТ-ий хүрэл медальтай.
Тэрбээр насанд хүрэгчдийн “Mongolia open” олон улсын тэмцээний дэд аварга, залуучуудын улсын хошой аварга, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Азийн хүүхдүүд”, “Монгол туургатан”, “Асашёорюү кап” тэмцээний түрүүтэй.

ЕС: Б.Хонгорзул Баянхонгор аймагт амьдран, Мөнхдуулдах дасгалжуулагчийн удирдлагад тэндээ бэлтгэл хийдэг. Хаа хол Хонгор нутгаас ирж тэмцээнд оролцох амаргүй нь мэдээж. С.Мөнхдуулдах багшийн шавь нарыг тэмцээнд оролцох бүрт нь багын найз Б.Батжаргал нь есөн жил зөөж байаа гэнэ лээ.

АРАВ: Токиогийн олимпийн дэвжээнд өрсөлдөхөд одоо ганцхан даваа Б.Хонгорзулд үлдсэн. Тэр нь дотоодын өрсөлдөөнөөс шалгарах. Жингийнх хамгийн гол өрсөлдөгчдийн нэг нь А.Батцэцэг. Одоо биенээ нэг, нэг ялаад байгаа. Түүнийг ялбал тэр олимпийн дэвжээнд хүч сорих зорилгодоо хүрнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.