ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯРИЛЦЛАГА

“СОЛОНГОН БҮРХҮҮЛ”: Бид зургаар дамжуулан хүүхдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж, өнгө, гэгээ түгээхийг хүсдэг

Алслагдсан дүүрэг, гэр хорооллын хаа нэгтээ ийм гоё зурагтай худаг, хана байхтай уншигч та цөөнгүй таарсан болов уу. “Ийм хөөрхөн зургийг хэн зурсан юм бол” гэж бодон, хэн нэгнээс асууж байсан уу. Энэ худгийн эзэн нь эсвэл УСУГынхан л худгаа гоё харагдуулах гээд зурсан байх гээд өнгөрсөн байж ч мэднэ. Тэгвэл тийм биш. Хүүхдэд зориулсан “Солонгон бүрхүүл” арт төслийн хүрээнд сэтгэлээ шингээн, хөлс, хөдөлмөрөө зориулан зурсан уран бүтээл гэр хорооллыг чимж, олон мянган хүүхдэд аз жаргал, урлагийн сайхныг түгээж байгаа нь тэр.

Гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Солонгон бүрхүүл”ийнхэн өнгөрсөн жил л гэхэд Улаанбаатараас Хөвсгөл аймагт зорьж очоод таван байршилд зураг зуран, өнгө нэмж, хүүхдүүдэд гэрэл гэгээ түгээсэн гээд бодохгүй юу. Хийе, хэрэгжүүлье гэж үнэхээр их сэтгэл, зүтгэл гаргасан хүмүүсийн л хийх ажил мөнөөс мөн. Тэглээ гээд тэд ямар ч хөлс, урамшуулал аваагүй. 30-аад залуус ерөөс нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдийн төлөө нэгдээд тийм сайхан зүйл хийснээр нь бахархахгүй байхын аргагүй.

Олон мянган залууст үлгэрлэн, түүчээлж яваа “Солонгон бүрхүүл” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч Б.Шинэбилэг, графитти артист Д.Дашхүү буюу Dasher нартай ярилцлаа.

“Солонгон бүрхүүл” төслийг анх санаачилсан, бий болгосон дурсамжаас тань ярилцлагаа эхэлье. Энэ төслийг эхлүүлэх санаа танд хэрхэн төрөв?

Б.Шинэбилэг (Б.Ш):- Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, харамсалтайгаар амиа алдсан, амьдрах орчин нь аюултай байгаа талаарх бараан мэдээлэл өдөр бүхэн шахам хөвөрдөг. Өвлийн улиралд л гэхэд хатгайгаар хэдэн хүүхэд бурхан болсон билээ. Хэчнээн олон хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд, гэр бүлийн дарамтад байгаа судалгааг харахаас сэтгэл эмтэрмээр. Энэ бүхэнтэй зүгээр л эвлэрээд, толгой сэгсрээд амьдрахыг би хүсээгүй. Хүүхдийн эрхийн төлөө, сайн сайхных нь төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүссэн юм. “Би юу хийж чадах билээ” гээд нэлээд бодлоо. Олон жил төсөл зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан сайн үйл хийж болмоор санагдсан. Тэгж байгаад уран бүтээлчид, сайхан сэтгэлтэй залуусыг нэгтгэн хүүхдэд зориулсан “Солонгон бүрхүүл” арт төслөө 2019 онд эхлүүлсэн юм.

Зургаар дамжуулан хүүхдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж, гэрэл, гэгээ түгээх нь бидний гол зорилго. “Солонгон бүрхүүл” маань хотын төвөөс алслагдсан, захын хороололд амьдардаг, урлаг, соёл, энтертаймент ертөнцөөс хол хүүхдүүдэд зориулсан төсөл. Төслийг маань гол хөдөлгөгч хүч нь уран бүтээлчид, ивээн тэтгэгч нар. Төслийн хүрээнд бид жилд нэг арга хэмжээ хэрэгжүүлдэг. Ашгийн бус манай төсөлд 30 гаруй уран бүтээлч нэгдсэн. Бид хүүхдийн сэтгэлгээ, сэтгэхүйд гэгээ, өнгө, ирээдүйдээ итгэх итгэл нэмэхийн тулд сэтгэл зүйд нь чиглэсэн зураг зурдаг.

Д.Дашхүү (Б.Д):- Би 28 настай. Гудамжны урлагийг хообийгоороо сонирхон, зураад 10 гаруй жил болж байна. Гудамжны урлагийн чиглэлээр ханан дээр, шүршдэг будгаар зурдаг уран бүтээлчидтэй уулзаад төслөө танилцуулахад нь бидэнд их таалагдсан, гоё санагдсан. Ер нь АНУ-д нийгмийн эмзэг бүлгийн, амьжиргааны доод давхрагын хүүхдүүд графитти урлагийг анх үүсгэсэн юм билээ. Монголд төдийлөн түгээмэл бус, хэдхэн уран бүтээлч хотын төвөөр голдуу зурдаг. Бид “Солонгон бүрхүүл”-д нэгдсэнээр хотын захын, гэр хорооллын иргэдэд, хүүхдүүдэд уран бүтээлээ хүргэн, урлагаар дамжуулж нөлөөлөх боломж бүрдсэн юм.

Төслөө яагаад ингэж нэрлэв. Ямар утгатай вэ?

Б.Ш:- Хүүхдийн сэтгэл зүйд өнгө нэмж, ирээдүй нь гэрэлтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн дархлаатай байлгахыг бид зорьж байгаа. Гэр хороолол, орон нутагт өнгө нэмэх нь бидний уриа. Гадаа байдаг ийм гоё өнгөлөг зүйл юу билээ гэж бодоход, солонго байсан. Хүүхдийн сэтгэл зүйг гэгээлэг бүхнээр бүрхэж, хучихыг зорьдог. Тиймээс төслөө “Солонгон бүрхүүл” гэж нэрлэсэн юм.

Одоогоор төслийнхөө хүрээнд хэдэн газар, хэчнээн уран бүтээл зураад байгаа вэ?

Д.Д:- Зурсан талбайн хэмжээ харилцан адилгүй. Хөвсгөлд 2-3 давхар байшинтай тэнцэх том талбайд зурсан зураг ч бий. Одоогоор бид 20 гаруй зураг зураад байгаа. Графитти зураг зурахад их будаг, хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Олон цаг шатан дээр зогсох, тэр том талбайг зөв хуваарилаад зурах амаргүй. Зориулалтын будаг үнэтэй. “Солонгон бүрхүүл” төслийн арын албаныхан уран бүтээлчдэд хэрэгтэй бүх зүйлийг хангадаг болохоор хамтрахад, зурахад их амар байдаг юм.

Б.Ш:- Бид 2019 онд Улаанбаатар хотын хамгийн алслагдсан дүүрэг, хороодын есөн худаг дээр зураг зурсан. Нэг худгаас ойролцоогоор 250-270 өрх ус авдаг. Хэчнээн хүнд хүрснийг эндээс барагцаалж болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас Улаанбаатар хот хөл хориотой, биднийг нийслэлд зураг зурахыг зөвшөөрөөгүй. Улмаар төслөө нийслэлд хэрэгжүүлэх боломжгүй болов. Тиймээс бид Хөвсгөл аймагт зорьж очоод, таван байршилд зураг зурлаа. Барагцаагаар 47.000 гаруй хүнд хүрсэн гэсэн судалгаа бий.

Улаанбаатараас хаа хол Хөвсгөлд очоод төслөө хэрэгжүүлэх амаргүй нь мэдээж. Зуръя, хэрэгжүүлье гээд үнэхээр сэтгэл, зүтгэл гаргаж байж л хийх ажил. Нийслэлээс хэдүүлээ очсон бэ?

Б.Ш:- Бид 30-аад хүний бүрэлдэхүүнтэй Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгалд очоод зурсан. Стрийт артис, дизайны уран бүтээлчид тийм олуулаа хөдөө орон нутагт очсон нь анхных.

Монголдоо төдийгүй Азидаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид бидэнтэй нэгдсэн нь би их олзуурхдаг. Тэдний томоохон төлөөллийн нэг нь Дашхүү.  Хөвсгөлд очоод төслөө хэрэгжүүлье, зураг зуръя гэхэд ажил нь чөлөө өгөхгүй, амралт нь таарахгүй, боломжгүй байх магадлалтай байсан. Учир нь бүгд ажилтай, амьдралтай хүмүүс.

“Төв аймагт ч юм уу ойрхон газарт очоод зуръя. Хөл хорио тавигдахыг хүлээе” гэж болох л байсан. Тэгсэн бол би Хөвсгөлд төслөө хэрэгжүүлж чадахгүй байсан шүү дээ. Нэг нь ч тэгээгүй. Бүгд “Тэгье”, яаж ийж байгаад ажил, амьдралаа зохицуулъя” гэж дэмжээд Хөвсгөл рүү явсанд нь их баярладаг. Энэ олон хүн ажил, амьдралаа зохицуулан хаа хол очоод зураг зурна гэдэг үнэхээр сэтгэлтэй хүмүүсийн хийх зүйл. Хөвсгөлд бид долоо хонохдоо таван байршилд зураг зурсан.

Д.Д:- Уран бүтээлчид 2-3-аараа хуваагдан, өөр өөр байршил дээр зурсан. Би гурван уран бүтээлчийн хамт “Гурван-Эрдэнэ” сургуулийн үүдний хажуу дахь том ханан дээр зурсан. Зурж байх явцад хүүхдүүд их сонирхсон. “Хөөх, ийм зүйл нэмээд зурчихаж. Энд нь юу зурах бол” гээд л. Их баяр, хөөртэй байгаа нь мэдрэгдэж байлаа.

Б.Ш:- Хүүхдүүдийн сэтгэл хөдлөл нүүрэн дээр нь ил байдаг. Хотод, Хөвсгөлд гээд хаана ч зурахад хүүхдүүд их сонирхдог. Зарим нь зурж үзье гэдэг. “Би ийм мундаг зураач болно. Ямар гоё юм бэ” гээд хөөрхөн байдаг. Өнгөрсөн жил Хөвсгөлд оччихсон байхад нэг охин “Би танай бүх зургийг үзсэн” гэв. Бид очоод дөрөв хоноод байсан үе л дээ. “Аав, ээжтэйгээ хамт очоод үзэж” гэж анхандаа бодов. Гэтэл тэр охин зурсан газруудад ганцаараа очоод үзсэн байна лээ. Мөрөн хот хэчнээн том билээ. Тэр охин хэдэн арван км туулан, бүх газар очоод үзсэн нь тэнд урлаг, өнгө хэр их дутагдаж буйн илрэл.

“ГурванЭрдэнэ” сургуулийн ханан дээрх зураг их том. Хэдэн хоног зурсан бэ?

Д.Д:- Цаг агаар бас бус шалтгааны улмаас дөрөв хоног зурсан. Яг дуусгаад Хатгал руу явсан юм.

Б.Ш:- Жаахан бэрхшээл гарсан тийм ээ?

Д.Д:- Тэгсэн. Техникийн бэрхшээл гарсан. Хотод техникийн асуудал гардаггүй, кран, өндөр шатны олдоц элбэг. Хөвсгөлд зориулалтын шат олдохгүй нэлээд сандарсан. Барилгын шат гуйж байгаад, өөрсдөө дээш, доош нь болгож байгаад зургаа зурсан юм.

Б.Ш:- Өндөр ханан дээр зурахад аюулгүй ажиллагаа чухал. Хотоос Хөвсгөлд очихоосоо өмнө кран байгаа эсэхийг асууж байгаад очсон юм, уг нь. Гэтэл яг очтол уран бүтээлчдийн аюулгүй ажиллагааг хангах хэмжээний кран байгаагүй. Тиймээс яах вэ гээд нэлээд сандарсан. “Болохгүй нь ээ” гээд уран бүтээлчид больчихож болох л байсан. Тэгээгүй, ямар ч байсан аргалж байгаад зуръя гээд хүлээцтэй хандсан юм. Тэгж байгаад ямар ч байсан зурж чадсан.

Тэр зургийн нэр нь “Ээж ээ, намайг сонсооч” бил үү?

Б.Ш:- Тийм ээ. Бид эхлээд зургийн зохиомж, агуулга, өнгөө сонгодог. Хамгийн сүүлчийн процесс нь зурах. Бүх зурагт уран бүтээлчдийн сэтгэл, хөдөлмөр шингэдэг. Хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан, хандалт авсан уран бүтээлийн нэг нь “Ээж ээ, намайг сонсооч” гэдэг нэртэй зураг.

Д.Д:- Би энэ төслийн хүрээнд 2019 онд эхнэртэйгээ хамт нэг зураг зурсан. Өнгөрсөн жил Хөвсгөлд дөрвөн уран бүтээл “амилуулсан”. Тэнд зурсан уран бүтээлүүдийн нэг нь “Ээж ээ, намайг сонсооч”. Ээж нь утсаа оролдон, утасных нь гэрэл нүүрэн дээр нь тусчихсан байгаа. Хүүхэд нь чанга яригч юм уу бүрээгээр бүх хүсэл эрмэлзэл, сонирхол, бодлоо илэрхийлдэг. Гэтэл ээж нь тоохгүй, цаг гаргахгүй байгаагаар дүрсэлсэн юм. Сошиал гэр бүлийн харилцаанд ингэж сөрөг нөлөөлдөг, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, цаг гаргах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн юм, зургаараа.

Б.Ш:- Бид 2019 онд СЭМҮТ-тэй хамтарч, зөвлөлдөж байгаад зурагнуудаа зурсан. Өнгөрсөн жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан. Зураг бүхнээ илүү үр дүнтэй, нөлөөлөл үзүүлэхийн тулд зурж, төслөө хэрэгжүүлж байгаа. Хүүхэд гэхээр ерөнхий, олон насны ангилалтай. Хүчирхийлэлд их өртөж, хамгийн асуудал тулгардаг нь өсвөр насны хүүхдүүд. Судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн эрсдэлт байдлаар Монгол Улс дээгүүрт ордог.

Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт олон хүчин зүйл хорт зуршилд уруу татагдах, гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох шалтгаан болдог гэсэн судалгаа бий. Эцэг эхчүүд хүүхэддээ маш сайн анхаарал тавьж, цаг гаргах хэрэгтэй. Ийм хоёр асуудлыг хөндөж, нийгэмд нөлөөлөөд өгөөч гэж бидэнд зөвлөж, хүсэлт тавьсан юм. Бидний зурсан зургууд энэ хоёр сэдвийг, тулгамдсан асуудлыг хөндсөн байгаа. Үүний хүрээнд зурсан уран бүтээлүүдийн нэг нь “Ээж ээ, намайг сонсооч” гэдэг нэртэй зураг. Энэ зураг олон хүнд хүрсээр байгаа.

“Солонгон бүрхүүл”ийг хэрэгжүүлж байгаа, дэмжих, хамтрах боломжтой юу гээд хүсэлт тавихад албан байгууллагууд, хүмүүс, уран бүтээлчид хэрхэн хүлээж авдаг вэ?

Б.Ш:- Их дуртай хүлээн авч, дэмждэг төсөл. Энэ төслийг хэрэгжүүлж, үргэлжлүүлэхэд надад ямар нэгэн хүндрэл гардаггүй. Анхны жил “Худалдаа хөгжлийн банк” ерөнхий ивээн тэтгэгчээр орж ирэн, дараа нь “Cirkle K”, МИГ даатгал дэмжлэг үзүүлснийх нь хүчинд бид төслөө хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жил “Хургатай хайрхан” компани бидний бүх зардлыг даасан. Үүнийх нь ачаар бид Хөвсгөлд төслөө хэрэгжүүлсэн юм. Бид ханан дээр зураг зурахдаа эдгээр байгууллагуудын нэгийнх нь ч нэрийг бичдэггүй. Тийм байхад хүүхдийн төлөө, нийгмийн хариуцлагаа ухамсарлаад дэмждэгт нь их баярладаг.

Энэ жил төслөө хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Б.Ш:- Бид төслөө жилд нэг удаа хэрэгжүүлдэг гэж түрүүн тодотгосон. Нөхцөл байдлын улмаас дулааны улиралд л зурдаг. Учир нь хүйтний улиралд ханан дээр зурах боломжгүй. Энэ жил төслөө яаж үргэлжлүүлэх боломжтойг судалж байгаад хэрэгжүүлнэ. Одоохондоо тодорхой болоогүй. Халдварын тоо өдөрт мянгаар илэрч, буурахгүй, нөхцөл байдал сайжрахгүй бол орон нутагт хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд ийм сэдвээр, ийм агуулгатай зурах зурах сан гэж төлөвлөсөн санаа Д.Дашхүүд бий юү?

-Байлгүй яах вэ. Би графитти урлагийг хүүхдүүдэд таниулах эрмэлзэлтэй. Хүүхэд бүхэн зураг зурвал бүтээлч ертөнцөө нээх боломжтой.

Зарим уран бүтээлд Б.Шинэбилэг оролцдог уу?

-Зурж үзэхийг, оролцохыг би маш их хүсдэг. Даанч ер амждаггүй. Жишээ нь, 2019 онд “Солонгон бүрхүүл”-ийг хэрэгжүүлж байхдаа ганцхан зураг авхуулсан байна лээ. Дараа нь дурсамжтай гээд олон зураг авхуулъя гэж бодсон юм л даа. Гэтэл арын албыг нь хариуцаад, зураачиддаа хэрэгтэй зүйлээр таслах вий гэж гүйсээр байгаад амжаагүй. Өнгөрсөн жил Хөвсгөл явахдаа авхуулсан ганц ч зураггүй ирсэн гээд бод доо.

Д.Д:- Хөвсгөлд бид зөвхөн ханан дээр зураг зураагүй. Тус аймгийн хашаанууд эмх цэгцтэй, тэгшхэн. Манай төслийн багийнхан айлуудын хашааг үнэгүй будаж өгсөн.

Б.Ш:- Хашааг нь будаж өгсөнд хүмүүс их баярласан. “Манайд орж унд, цай уу. Ямар гоё юм бэ” гэсэн.

Хүүхдийн төлөө, нийгэмд гэрэл гэгээ нэмэхийн төлөө олон залуус нэгдэж, ямар ч хөлс, мөнгөгүй зуран, хамтарч буйгаар нь бахархаж байна. Аливаа зүйлийг өнгө, мөнгөөр бус өөр өнцгөөс харж байгаа нь чухал.

Д.Д:- Нийгмийн сайн сайхан, хотын өнгө үзэмж иргэн бүхнээс шалтгаална. Томоохон байгууллага, бэлтэй нэгний л хийх зүйл гээд зүгээр суулгүй сэтгэл л гаргаж чадвал нөлөөлөх, гэрэл гэгээ түгээх боломж хүн бүхэнд бий. Залуус бид сэтгэл гаргаад, санаачлагатай байх чухал. Хэн нэгнийг хийчих болов уу гэж харж, хүлээлгүй эхлүүлдэг байх хэрэгтэй. Гол нь сэтгэл, хандлага чухал юм шүү.

Ямар сэдэвтэй, юуг дүрсэлсэн, ямар санаа илэрхийлсэн зураг зурхаа хэрхэн сонгодог вэ. Тухайн уран бүтээлч мэдрэмжээрээ зурдаг уу. Тодорхой төлөвлөгөөний дагуу урлаж байгаа юу?

Д.Д:- Бид анх хэд хэдэн удаа уулзаж, нэлээд судалсан юм. Хүүхдийн сэтгэл зүйд ийм өнгө ингэж нөлөөлдөг, хар бараан сэдвийг аль болох хөндөхгүй, гэгээлэг байя гэж ярилцсан л даа. Ийм сэдвийг хөндөн, илэрхийлэхийн тулд ингэе гэж ярилцаж, ерөнхий загварыг нь гаргаж байгаад зурдаг. “Солонгон бүрхүүл” төсөл нөлөөллийн, тодорхой зорилготой тул нарийн төлөвлөгөөний дагуу л зурдаг гэсэн үг.

“Солонгон бүрхүүл” төслийн гол зорилго юу вэ. Цаашдын төлөвлөгөө, хэтийн зорилгоо хэрхэн тодорхойлж байгаа вэ?

Б.Ш:- Энэ төслийг эхлүүлэхийнхээ өмнө “Хүмүүс хэрхэн хүлээж авах бол. Зорьсон үр дүндээ хүрэх болов уу. Уран бүтээлчид дэмжих болов уу” гэж эргэлзэж байлаа. Төслийг маань хүн бүхэн дэмжиж буйд их урамшдаг. Тав дахь жилдээ бүх зургаараа үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий.

Олон танил, бусад хүрээллийн нөлөө бүхий хүмүүс хамтрах санал тавьсаар байгаа. Хэрхэн хамтрахаа бодож, төлөвлөж байгаа. “Манай хашааг, асрамжийн газрыг зураад өг” гэдэг хүсэлт хүмүүсээс их ирдэг. Яг энд, ийм зураг зурна гээд ивээн тэтгэгчээсээ санхүүжилт авдаг болохоор илүүчлээд зурах боломж байдаггүй. Нөгөө талаар уран бүтээлчдийн цаг, зав хомс. Тиймээс бид асрамжийн газрын, гэр хорооллын хүүхдүүдэд графитти зураг хэрхэн зурахыг зааж өгөх бодол бий.

“Солонгон бүрхүүл” төслийг ивээн тэтгэж, дэмждэг байгууллагууд, хамтардаг уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хүүхдийн төлөө ажиллаж, бидэнд зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчдэд, биднийг дэмждэг, зурсан зургуудыг минь хайрлаж, хамгаалдаг, орчинд нь өнгө нэмж буйд талархлаа илэрхийлдэг хүмүүст их баярлалаа. “Ирж зураад өг” гэж бидэнд ирдэг хүсэлт их урам өгдөг. Тэнд нь өнгө нэмэхийг хүлээж байгааг нь мэдэрдэг юм. “Солонгон бүрхүүл” илүү утга агуулгатай уран бүтээлүүд зурж, хүүхдүүдэд өнгө, гэгээ түгээсээр байх болно оо.

“Солонгон бүрхүүл” төслийн хүрээнд зурсан зарим зургууд:

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. НААД ГАЛЗУУ ХҮНИЙ ЭРЭЭЧСЭН ЮМ ШИГ ЗУРГАА БОЛИОЧЭЭ БАРАГ ХҮНИЙ НҮҮРЭНДЭЭР НЯЛАХНЭЭ.ЁСТОЙ МУУХАЙ ЮМАА ОЛИГТОЙ Ч ЗУРАХГҮЙ ХАА ХАМААГҮЙ ЭРЭЭЧЭЭД БАЙХАА БОЛЬ ДУРАКУУДАА.ҮХСЭН ЭЛЭНЦГИЙН БҮТЭЭЛ ВЭ ЯГ Л ГАЛЗУУЧУУД АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА БОЛЬ НААДХАА БИТГИЙ ГУДАМЖ ТАЛБАЙ ХАШАА ХОРОО АШИГТАЙ ТАЛБАЙ БҮРИЙГ ЭРЭЭЧЭЭД БУДАГ ЦХЦААД БАЙ

  2. WOW. Yamar goyo ym be? Ene bol orchin ueiin hotuudiin ungu turhiig todorhoildog goyo art shuu. Zaluustaa bayarlalaa. Zuraach bolj bgaa zaluus ingej sain duriin ajil hiivel ur chadvar n ulam hugjinu duu. Bayarlalaa.

  3. Сайхан санаачлага гарган ажиллаж буй багийнханд баяр хүргэе. Энэ цаг үед маш чух#### ажил байна.

  4. Сайхан санаачлага гарган ажиллаж буй багийнханд баяр хүргэе. Энэ цаг үед маш чух#### ажил байна.

  5. Гайх####тай сайхан байнаа, амжилт хүсьe з####уу######а. Олон хүүхдэд урам, хүч, итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.

  6. Юу нь гоё гэж ийм хачин муухай эрээн мяраан,эв хавгүй матар эрээчих тийм сайхан байгаа юм уу тэгвэл та 50,60 онууд руугаа очиж буйн шинж хахаха

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button