Нийгмийн

Үрлэн сумтай буугаар бусдыг айлган сүрдүүлсэн дахин нэг хэрэг гарлаа

Өнгөрөгч зургаадугаар сарын 13-ны оройн 23:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн Хятад рестораны өмнө үл таних иргэн архидан согтуурсан үедээ бусадтай маргаж, автомашинаасаа галт зэвсэг гарган иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэг гарсан билээ. Эл хэргийн тухай ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү тухайн үед:

“29 настай эрэгтэй “Б” -г эрүүлжүүлсэн. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дуудлага өнгөрсөн шөнө ирсэн. Хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан” хэмээж байсан.

Тэгвэл өнгөрөгч зургаадугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, “Нарантуул захын хойд талд  “Toyota Vanguard”   автомашинтай хоёр залуу машинаасаа бууж ирэн, бусдын биед халдаж буугаар айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 33 настай эрэгтэй Б нь 26 настай эрэгтэй Т-ийн биед халдаж, металл  үрлэн  сумтай  гар  буугаар толгойн  тус  газарт  нь  тулган  айлган сүрдүүлээд зугтсан байна. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон галт зэвсгийн хэрэглээний тухай:

“Иргэн ямар ч тохиолдолд биедээ галт зэвсэг авч явахыг хориглодог. Харин галт зэвсэг эзэмших эрхтэй иргэн цуглуулгын болон спортын тэмцээн уралдаанд оролцох үедээ буу болон галт зэвсгийг биедээ авч явж болно. Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд галт зэвсгийг иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулахын, байлдааны гэсэн дөрвөн төрөлд хуваадаг. Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button