Нийгмийн

ТАНИЛЦ: Машиныг явж байхад нь цэнэглэдэг цахилгаан зам

Агаарын бохирдлоос болж жилд дунджаар долоон сая хүн эрт нас барж, дэлхийн эдийн засагт ч 2.9 их наяд долларын алдагдал учруулдаг байна. Тиймээс хүмүүс аль болох “ногоон” байдлыг эрхэмлэх болсны нэг жишээ нь цахилгаан машин юм. Энэ нь цэвэр эрчим хүчээр ажилладаг учир байгальд 100 хувь ээлтэй, мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Цахилгаан машин хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөж түүнд зориулсан технологиуд ч хийгдсээр байна. Дэлхий даяар нийт автомашины борлуулалтын гурван хувийг эзэлж байгаа нь хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад нилээдгүй өссөн үзүүлэлт. Тэгвэл BloombergNEF-ийн судалгаагаар энэ тоо ирээдүйд илүү хурдацтай өсөж 2025 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгсэл дэлхийн суудлын тээврийн хэрэгслийн борлуулалтын 10 хувьд хүрч, 2030 онд 28 хувь, 2040 он гэхэд 58 хувь болтолоо өснө гэсэн таамаг гарчээ.

Тэгвэл цахилгаан машин ямар давуу талтай вэ?

  1. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө байхгүй
  2. Түлш болон засвар нь хямд байдаг.
  3. Сайн баттерейг 10 хүртэл жил ашиглах боломжтой бөгөөд технологийн дэвшлийн ачаар энэ нь улам олон жил ашиглах боломжтой, мөн хямд болж байна.
  4. Дуу чимээ багатай.
  5. Хялбар жолоодлоготой.
  6. Осол гарсан тохиолдолд батерейнаас цахилгаан тасрах нь зорчигдыг хүнд бэртэхээс сэргийлдэг төдийгүй шатамхай түлш, хийгүй тул дэлбэрэх магадлал хамаагүй бага байдаг.

Утасгүй цахилгаан машин цэнэглэгч

Газар дээрх цэнэглэгч дэвсгэр болон машины доод талд суурилуулсан хүлээн авагчийн тусламжтай физик холболтгүйгээр цахилгаан гүйх соронзон орон үүсгэж машиныг цэнэглэдэг цэнэглэгч нь цахилгаан машин хэрэглэгчдийн хувьд энгийн хэрэглээ болсон.

Утасгүй цахилгаан машин цэнэглэгчийн тэргүүлэгч үйлдвэрлэгчээр Америк, Швейцар, Ирланд, Франц тэргүүтэй улсууд багтдаг байна. Үүний тусламжтай хол замд явахад жолоочдод үүсдэг асуудал шийдэгдэж, мөн өдөр тутмын амьдралыг хялбаршуулахад нэмэр болжээ.

Цахилгаанжуулсан зам

Швед улс 2018 онд дэлхийн хамгийн анхны цахилгаанжуулсан зам болох ERoadArlanda-г танилцуулжээ. Энэхүү зам машиныг явж байхад нь цэнэглэж чаддаг бөгөөд зам дотор суурилсан цахилгаан утасны тусламжтайгаар ажилладаг байна. Машин зам дээр байх үед түүний доорх хөдөлгөөнт гар нь зам дээрх ховилоор дамжуулан баттерэйг цэнэглэдэж өгдөг.

Зам нийт 1.2 милль цахилгаан утастай бөгөөд Стокгольмын ойролцоох нийтийн замд суурилагдсан ба эрх баригчид цаашид Швед улс даяар өргөжүүлэн тавихаар төлөвлөж байгаа юм. ERoadArlanda-ийн хэрэгжүүлж буй дээрх төсөл нь Шведийн тээврийн агентлаг гэх засгийн газрын агентлагаас явуулж буй цахилгаанжуулсан авто зам тавих гэсэн оролдлогуудын нэг аж. Швед улс нь 2013 оноос хойш цахилгаан замын янз бүрийн технологийн үнэлгээ, туршилтыг хийж ирсэн. Тэдний эцсийн зорилго нь 2030 он гэхэд улсынхаа тээврийн дэд бүтцийг бүрэн чулуужсан түлшгүй болгох явдал юм.

“Цахилгаан зам” гэхээр хүмүүс аюултай эсэхэд нь санаа зовдог бол ERoadArlanda-ийн гүйцэтгэх захирал Ханс Селл энэ тухай хэлэхдээ “Гадаргуу дээр цахилгаан байхгүй учир аюулгүй. Тав, зургаан см доош цахилгаан байна. Хэрэв зам давстай усаар үерт автвал газрын гадаргуу дээрх цахилгаан эрчим хүч ердөө л нэг вольт байгааг бид олж мэдсэн. Та хөл нүцгэн дээр нь алхаж ч болно шүү” хэмээжээ.

                                                            О.Энхжин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button