Жошуй Бассетт LGBTQ бүлгийн гишүүн гэдгээ бахархалтайгаар зарлалаа

Залуухан од Жошуа Бассеттыг “Ахлах сургуулийн мюзикл” цувралаар нь олон хүн мэднэ. 20 настай дуучин, жүжигчин залуу сарын өмнө нэгэн бичлэгтээ Харри Стайлсыг “халуухан” гэснийхээ дараа түүнийг “каминг аут” хийлээ (хүйсийн чиг хандлагаа бусдад илчлэх) гэх интернет дэх таамаглалын төв болоод байсан юм.
Тэгвэл тэрбээр энэхүү мэдээллийн үнэн болохыг уржигдар өгсөн ярилцлагынхаа үеэр баталжээ. Ингэхдээ “Ямар ч үр дагавар гарах байсан би айдас дунд амьдрахаас илүүтэй түүнийг даван туулж, үнэн төрхөөрөө байхыг илүүд үзнэ” гэж мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч тэрбээр хүйсийн чиг хандлагаа заавал нээлттэй хэлэх шаардлагагүй гэсэн үзэлтэй нэгэн бөгөөд энэ талаараа ч ярилцлагын үеэр дурджээ. “Хүмүүс өөрсдөө хүсэж байвал хайрцаг дотроо байж болно шүү дээ” гэж тэр хэлжээ.

Мөн ярилцлагын үеэр жүжигчин залуу бага насныхаа талаар гунигтай түүхийг ярьсан байна. Бассетт таван эгчтэй учир зарим хүмүүс түүнийг “эмэгтэйлэг орчинд” өссөн, гэй байж магадгүй гэлцдэг байжээ. “Тэр хэзээ гэй гэдгээ мэдэх юм бол” гэх мэт үгсийг ч Жошуа хэд хэдэн удаа сонсож байсан гэнэ.
“Хүмүүс надад яагаад бэлгийн цөөнх байж болохгүй шалтгаануудыг хэлдэг байлаа. Гэхдээ бэлгийн чиг хандлагаа ямар ч гэж хэлсэн тэд итгэдэггүй байсан нь надад илүү хэцүү байсан”
Жошуа хувийн цахим хаягаараа дамжуулан олон нийтэд нийгэм өөрийг нь хэрхэн хүлээж авч буй талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Үүнд кино од “Бүх амьдралын минь туршид хүмүүс надад ямар байх ёстойг минь заасан. Өөрсдийн огт мэдэхгүй зүйлээс болж намайг өөрөөсөө ичихэд хүргэж байлаа” хэмээгээд “Намайг хайрлаж бас хүлээн зөвшөөрч байгаа хүмүүст баярлаж байна. Үзэн ядаж, доромжилж буй байдал нь тухайн сэдвийн талаар гэхээс илүүтэй түүнийг цацаж буй хүмүүсийн тухай илүү зүйлийг хэлдэг. Хайртай нэгнээ ичилгүйгээр хайрла” гэж бичжээ.
Эх сурвалж: www.usatoday.com
О.Энхжин










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.