Ярилцлага

“Такесан мисо рамен”-ы захирал Л.Бямбасүрэн: Эрсдэл үүрээд, зоригтой хэлэх нийгмийн шаардлага байлаа

Засгийн газар, УОК ресторан, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглох шийдвэрээ 10 хоногоор сунгасныг эсэргүүцэж, нийгэмд “шүгэл үлээсэн” түүнийг Л.Бямбасүрэн гэдэг. Сав л хийвэл хууль, журмаар далайлгадаг болсон өнөө цагт төр, засгийн өөдөөс жирийн нэгэн байгууллага ингэж үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэнэ гэдэг ихээхэн зориг шаардсан, эрсдэл сөрсөн үйлдэл.

“Такесан мисо рамен” рестоны захирал Л.Бямбасүрэнгийн эхлүүлсэн акц уржигдар “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн болон өргөжин, 100 гаруй байгууллага нэгдэж, олон мянган иргэн дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Түүний зоригтой алхам, шийдэмгий үйлдлийн үр дүнд ресторан, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг НОК-оос зөвшөөрсөн юм.

Цар тахалтай, эдийн засаг элгээрээ мөлхсөн өнөө цагт Монголын үйлчилгээний байгууллагуудын, хөл дээрээ босохоор мэрийж яваа иргэдийн дуу хоолой болсон түүнтэй ярилцлаа.

ТӨР ЗАСАГ ӨӨРСДӨӨ ИЙМ БАЙХАД БИД ЯАГААД ХУУЛЬ, ЖУРМЫГ НЬ ЯГШТАЛ БАРИМТЛАХ ЁСТОЙ ГЭЖ

-Цар тахалтай, эдийн засаг хүнд байгаа өнөө цагт хаана хаанаа бүсээ чангалж байна. Үүдээ барьсан, туйлдсан, тэсгэл алдарсан, аж ахуй нэгж олон. Хэн нэгэн ингэж тэсрээсэй, нэгдэх юм сан гэсэн нийгмийн хүлээлт ер нь байлаа. Хүлээцтэй хандсаар өдий хүрсэн нь мэдээж. Тэсвэр, тэвчээр тань үнэхээр алдрав уу?

-Тэгсэн. Монголын бүхий л үйлчилгээний газрын үйл ажиллагаа хоёр жил шахам хугацаанд доголдлоо. Хөл хорио, хязгаарлалттай тулсаар өдий хүрлээ. Төр засаг маань зөв бодлого баримтлана, учир нь олдоно, бүх зүйл сайхан болно гэж итгэсэн, анхандаа. Тийм итгэл байсан учраас байсхийгээд л хөл хорио тогтоосон шийдвэрийг хүндэтгэсээр ирсэн. Гэтэл хөл хорио тогтоосны үр дүн гарч байгаа бил үү. Гараагүй. “Овоо үр дүн гарах нь” гэж байтал төр засаг өөрөө хууль, дүрмээ мөрдөхгүй байна. Харин ч бүр сөргөөр нөлөөлөх зүйл хийгээд байх шиг.

Халдварын нөхцөл ямар байхад сонгууль хийв. Энд, тэнд уулзалт хийхэд нь хэчнээн иргэд цугларав. Төр, засаг өөрсдөө ийм байхад аж ахуй нэгж яагаад хууль, журмыг нь ягштал мөрдөх ёстой гэж. Тийм учраас энэ асуудлыг хөндье, дуу хоолойгоо зоригтой хүргэе гэж бодлоо. Тэгээд шууд мэдэгдэл гаргасан.

-Та Япон улсад 20-иод жил ажиллаж, амьдарсан юм билээ. Япончууд хэр зарчимчийг бид сайн мэднэ. Тэнд амьдрахдаа бий болгосон төлөвшил тань гэнэт тэсрэхэд хэр их нөлөөлөв?

-Их нөлөөлсөн. Би мөн хуулийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Япончууд хэчнээн зарчимч билээ. Хуульд хүн бүхэн тэгш эрхтэй, хэн бүхэн захирагдана гэсэн зарчим үйлчилдэг. Гэтэл Монголд ямар байгаа билээ. Тэгж байгаа бил үү. Япончуудын амьдралын тийм хандлага, амьдралын хэв маяг надад төлөвшсөн. Энэ удаа шударга ёсыг нэхээд ийм мэдэгдэл гаргахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

Хоёрдугаарт, урт хугацаанд тогтоож буй хөл хорионы үр дүнгүй байдлын горыг аж ахуйн нэгжүүд амсаж байгаа. Төсвийг гол бүрдүүлж буй ах ахуйн нэгжүүд одоо туйлдаж, цөхөрч байна. Татварт дарамтлуулсан, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, өнөө маргаашгүй хаахаас өөр аргагүй байдалд орсон хэчнээн байгууллага байгаа билээ. Түрээсээ төлж чадахгүй, банкны зээлээ хэрхэх вэ, ажилчдынхаа цалинг яаж тавих вэ гэдэг өөрөө том асуудал болчихлоо.

Тиймээс дахиад хөл хорионд орохгүй, аж ахуйн нэгж, иргэдэд халтай шийдвэр гаргуулахгүй гэж бодсон. Сүүлд долоо хоног хязгаарлалт тогтооход “Энэ яг сүүлчийнх байгаасай” гэж залбирсан. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл “Дахиж хөл хорио тогтоохгүй” гэж хэлсэн. Би итгэсэн. Гэтэл ресторан, цайны газрууд зааланд үйлчлэхийг хориглосон шийдвэрээ 10 хоногоор сунгачихлаа. Ийм шийдвэр гарангуут би шийдсэн. Төр засагт дуу хоолойгоо хүргэе, нийгэмд шүгэл асаая гэж бодлоо.

Халдвар их хэмжээгээр нэмэгдэхэд үйлчилгээний газрууд хэр нөлөөлж байгаа вэ. Ерөнхийлөгчийн сонгууль, өдөр алгасангүй олгож буй шагнал халдвар нэмэгдэхэд хэр нөлөөлж байгаа бол. Үүнийг хүн бүхэн нэг бодолцоод үзээсэй.

ХЭН НЭГЭН ЭРСДЭЛ ҮҮРЭЭД, ЗОРИГТОЙ ХЭЛЭХ НИЙГМИЙН ШААРДЛАГА БАЙЛАА

-Зөрчлийн, Цар тахлын тухай зэрэг олон хуулиар далайлгасан өнөө цагт төр засгийн шийдвэрийг эсэргүүцнэ, анхдагч болж сөрнө гэдэг өөрөө их эрсдэлтэй алхам, зориг шаардсан үйлдэл. Та эрсдэлээ хэр тооцоолов?

-Асар их эрсдэл ирнэ гэдгийг би өөрөө сайн тооцоолсон, мэдэж байсан. Гэхдээ энийг хэн нэгэн эрсдэл үүрээд хэлэх, төр засагт ойлгуулах нийгмийн шаардлага байсан юм шүү. “За, чимээгүй л явж байя. Болох байлгүй дээ” гээд гүрийгээд байвал яваад л байна, улам хүнд байдалд орно. Төр засгийн хэлснийг хийдэг “утсан хүүхэлдэй” л болно. Өнөөдөр бид эрх чөлөөт Ардчилсан нийгэмд амьдарч байгаа л үзэл бодлоо зоригтой илэрхийлэх хэрэгтэй. Өнөө цагт залуус, залгамж үе өөр болсон. Залууст сигнал, цочроо өгье гэж бодлоо. Ямар ч эрсдэл гарсан үүрээд гарна л гэж шийдсэн.

-Нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй байлаа. Ганцаараа “эсэргүү” нэр зүүгээд, зөвшөөрлөө цуцлуулаад, үйл ажиллагаа эрхлэх эрхээ хасуулах ч эрсдэлтэй байлаа. Ийм олон байгууллага, иргэд танайхыг дэмжээд, “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн болтлоо өргөжинө гэж төсөөлсөн үү?

-“Такесан мисо рамен”-ыг үйлчилгээний соёлоор монголчууд сайн мэднэ. Үүнийг хүмүүс их мэддэг. Тиймээс биднийг дэмжих байх гэсэн итгэл их байлаа. Иргэдийг манай зааланд ирж үйлчлүүлэхийг сүүлд бид уриалсан. Тэгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон юм л даа. Цагдаа нар манай менежерийг баривчлаад аваад явчихаар нь их сандарлаа, санаа зовлоо. Хүчин мөхөстөх нь гэж бодоод биднийг дэмжиж буй хүмүүсийн дэмжлэгийг ухаалгаар авахыг хүссэн юм. Тиймээс тэр уриалгыг гаргахаас өөр аргагүй байлаа.

ЮУ Ч БОЛСОН ШАНТРАХГҮЙ, БУУЖ ӨГӨХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА

-Цагдаагийн байгууллага, МХЕГ ирээд менежерийг баривчлан, тусгай зөвшөөрлийг нь цуцална, хаана гэж мэдэгдэхэд “Дэмий юм хийчихэв үү” гэж бодогдсон уу?

-Тийм эрсдэл ирнэ, торгуулна гэдгээ мэдэж байлаа. Цагдаа нар иргэдтэй яаж харилцдаг билээ. Яг л төсөөлж байсан шиг зүйл болсон. Биднийг хүн чинээ тоогоогүй. Тийм хандлагаа гаргасан. МХЕГ янз бүрийн хуулиар далайлгадгаараа далайлгасан. Ямар ч байсан би бууж өгөхгүй, шантрахгүй гэж эрс зогссон.

-Танайд ямар нэгэн торгууль, шийтгэл оногдуулсан уу?

-Цагдаагийн байгууллага, МХЕГ анх ирэхдээ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн дагуу манай тусгай зөвшөөрлийг цуцлан, үйл ажиллагааг хаана, торгууль оногдуулна гэж мэдэгдсэн. Бид хэлэх үгээ хэлсэн, учир байдлаа тайлбарласан. “Төр засаг үйл ажиллагааны алдаагаа аж ахуйн нэгжид үүрүүлж болохгүй. Хэрвээ тэгвэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэсэн байр суурьтай байлаа. Үүнийг ч илэрхийлсэн.

-Танай менежерийг хэдэн цагийн дараа сулласан бэ?

-Зургаан цагийн дараа сулласан. Энэ асуудлыг ингэж дэвэргэе, олныг хамруулъя гэж огт бодоогүй. Менежер маань цагдаад баривчлагдсаныг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэхээс өөр аргагүй байлаа. Том эрсдэлтэй тулгарах вий, төр засаг, хуулийн өмнө хүчин мөхөстөх вий гэсэн айдас, болгоомжлол, эргэлзээ надад байгаагүй. Долоон хоногийн турш хэрхэхээ бодсон, төлөвлөсөн байсан болохоор сэтгэл зүйн хувьд ч бэлтгэлтэй байлаа. Юу ч тохиолдсон сөрөөд, нуруундаа үүрээд гарна гэж л бодож байлаа.

Манайд ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй. Менежерийг маань баривчилж авч яваад сулласан. Дахиад байцаалт авна гэсэн. Нэлээд хэдэн төрлийн бараа, бүтээгдэхүүнийг маань лацдаад аваад явсан. Олон байгууллага, иргэд манайхыг дэмжин, бидэнтэй нэгдэж буйгаа илэрхийлээд ирсний дараа “Энэ удаа сануулаад өнгөрье” гэсэн.

-Олны хүч оломгүй далай гэдэг. Хэрвээ энэ олон байгууллага, иргэд танайхыг дэмжээгүй, нэгдээгүй байсан бол нөхцөл байдал тэс өөрөөр эргэх байлаа.

-Ёстой тийм шүү. Олны хүч оломгүй далай гэдэг яг үнэн юм байна. Монголчууд бид эвтэй бол юу ч хийж, бүтээж чадна. Зөв зүйл хийснийгээ, тэгж сөрөхийг олон байгууллага, иргэд хүсэж байсныг улам их ойлголоо. Өчигдөр 100-гаад байгууллага манайхыг дэмжихээ илэрхийлж, мэдэгдэл гарган, бидэнтэй нэгдсэн. “Битгий бууж өгөөрэй. Дэмжиж байгаа шүү” бүтээгдэхүүнээ манайх руу илгээсэн кофе шоп олон. Маш олон иргэн манайхыг дэмжиж буйгаа илэрхийлж, зорьж ирээд үйлчлүүлж байна.

ЦАР ТАХАЛТАЙ УХААЛГААР ЗЭРЭГЦЭН АМЬДРАХ БОЛОМЖ БИДЭНД БИЙ

-Та ер нь хэзээнээс цөхрөв, туйлдав. Бүр болохгүй бол мэдэгдэл гаргая, үзэл бодлоо илэрхийлье гэж хэзээ шийдсэн бэ?

-Заалаар үйлчилж болохгүй гэсэн шийдвэр долоо хоногийн хугацаанд тогтооход ийм бодол надад төрсөн. “Яг сүүлчийнх, сунгахгүй” гэж амлалаа. Бүр болохгүй бол ямар нэг юм хийе, үзэл бодлоо зоригтой илэрхийлье” гэж бодсон юм. Бусад орон шиг коронавиусийн халдвартай ухаалгаар зэрэгцэн амьдарч яагаад болохгүй гэж. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагад коронавирус илрээгүй. Тухайн байгууллага халдвар, хамгааллын дэглэмээ ягштал баримталж чадах л юм бол коронавирус тархахгүй, “Ковид-19”-тэй зэрэгцэн амьдрах боломж бий. Сав л хийвэл хорьж, хааж боох чухал бус ухаалгаар зэрэгцэн амьдарч болохыг харуулахыг энэ удаагийн үйлдлээрээ ойлгуулахыг хүслээ.

 -Танайх коронавирусийн халдвар гарахаас зургаан сарын өмнө үйл ажиллагаагаа эхлүүлж. Халдвартай, хөл хорио бол урьдчилан тооцоолоогүй байсан эрсдэл. Энэ бүхэн танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Орлого бараг зогссон. Манайх хүргэлтээр үйлчлэх боломжгүй. Гоймон нь нялцайх, шөл нь хөрөх эрсдэлтэй. Хүргэлтээр л үйлчилнэ гэсэн хязгаарлалт тогтоосон үед манайх ажиллаагүй. “Удахгүй гайгүй болох байх. Сайхан цаг ирнэ” гэсэн итгэлээр зүтгэж байлаа. Яалт ч олон сар хөл хорионд орохоор түрээсээ яаж төлөх вэ, ажилчдынхаа цалинг хэрхэн тавих вэ зэрэг олон асуудал гарсан. Юм л бол хөл хорио тогтоодог мөртлөө төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй. Ажлын орон тоогоо хадгалсан байгууллагад төрөөс гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Аж ахуй нэгжийг дэмжсэн том бодлого гэж ярьж буй мөртлөө одоо болтол манайд олдоогүй. Хаагуураа, хэнд олгож байгаа нь мэдэгдэхгүй.

Япон улс “Такесан мисо рамен”-д “Эрүүл, баталгаат хүнс нийлүүлэгч” батламж олгожээ. Монгол Улсаас тус батламжийг хүртсэн анхны байгууллага нь тэднийх.

ЯАЖ ТУЙЛДАЖ, ЦӨХӨРСӨН Ч НАДАД ИТГЭЖ, МАНАЙД АЖИЛД ОРСОН АЖИЛТНАА ХАЛАХГҮЙ

-Танайх төдийгөөс өдий хүртэл хугацаанд ганц ч ажилтнаа халаагүй юу?

-Тийм ээ. Манайх 60 гаруй ажилтантай. Өнөөг хүртэл хугацаанд нэг ажилтнаа халаагүй, орон тооны цомхотгол хийгээгүй. Тэгэхээс өөр аргагүй нөхцөлд олон удаа орсон, юуг нь нуух вэ. Надад итгээд, манайд ажилд орсон ажилтнаа халдвартай, эдийн засгийн хямралтай байгаа цаг үед би халахгүй. Нөхцлийг нь хангачихсан байхад яагаад гурван хувийн хүүтэй зээл олгохгүй байгааг нь гайхдаг.

-Хөөцөлдсөн үү. Ямар хариу өгдөг вэ?

-Хөөцөлдсөн. “Болно” л гэдэг. Салбар дээр халдвар гарсны улмаас хуралдаж болохгүй байна” ч гэдэг юм уу олон шалтгаан хэлдэг. Тийм мөртлөө зурагтаар, хэвлэлээр “Тэдэн байгууллагад гурван хувийн хүүтэй зээл олголоо, дэмжлээ” гэдэг. Эргэлзээтэй зүйл олон байна. Зээл, тусламж хүрэх ёстой хүндээ, газартаа очихгүй байгаагийн илрэл. Тиймээс өөрөө өөрсдийгөө аваад явъя, болгоё, бүтээе гээд л хөдөлмөрлөж яваа минь энэ.

-Заалаар үйлчлэхийг дахиад 10 хоног хориглохыг эсэргүүцээгүй, дуу хоолойгоо хүргээгүй байсан танайх бол ямар эрсдэлд орох байсан бэ?

-Гадаад татан авалтаа хийж чадахгүйд хүрэх байлаа. Бараа, материалгүй болно гэсэн үг. Манай хоёр сарын өмнө татан авалт хийх ёстой байсан, уг нь.

ШИНЭЭР БАЙГУУЛАХ “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ”-ГЭЭР БИДНИЙГ ДАРАМТЛАХ ВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ БИЙ

-Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг зөвшөөрсөн. Энэ бол та мэдэгдэл гаргаж, зоригтой дуугарсны бодит үр дүн. Одоо та бүхэнтэй “Хариуцлагын гэрээ байгуулах юм билээ. Ямар, ямар шаардлагыг гэрээндээ тусгах бол?

-Үүнийг бид зөвхөн өөрсдийнхөө төлөө хийгээгүй. Энэ салбарынхаа төлөө, олон олон үйлчилгээний байгууллагуудыг төлөөлөөд хийсэн мэдэгдэл, үйлдэл юм шүү. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд заалаар үйлчлэхийг зөвшөөрүүлж чадлаа.

“Хариуцлагын гэрээ”-нд яг ямар, ямар шаардлага тусгах талаар одоохондоо мэдээлэл алга. Уг нь шаардлагагүй л зүйл байгаа юм. Халдвар, хамгааллын дэглэм баримтална, иргэдийг зай бариулна гэсэн шаардлага тавьбал бид одоо ч мөрдүүлсээр ирсэн зүйл. Тиймэрхүү утгатай гэрээ байгуулна гэж яригдаж байгаа. Гэрээгээр биднийг дарамтлах гэсэн оролдлого байх вий гэсэн болгоомжлол бий. Маргааш (өнөөдөр) бидэнтэй гэрээ байгуулна гэнэ лээ.

Нөгөө талаар хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд үйлчлэхийг зөвшөөрсөн нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл. Вакцин хийлгэх эсэх нь тухайн иргэний эрх. Хийлгээгүй бол үйлчилж болохгүй гэх нь өөрөө зохимжгүй зүйл.

-Нийт хэдэн байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулах вэ?

-125 байгууллагатай байгуулах сураг дуулдсан. “Маргааш 11.30 минутад гэрээ байгуулна. Тамга, тэмдэгтэйгээ ирээрэй” гэж мэдэгдсэн. Яг хаана, хаанаас төлөөлж гэрээ байгуулах талаар мэдээлэл алга. Дөрөвлөсөн гэрээ байгуулна гэнэ лээ. НОК, МХЕГ, аж ахуйн нэгжүүд лав төлөөлөх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-06-26 09:51

*Түрүүлж дуугарсан Хөхөөний ам хөлдөнө* гэж үг байдаг даа, энэ Цаг үе чинь ямар Цаг үе билээ, Иргэд өдөрт 10-аараа Амь насаа �##�даж байна, тэгээд ч өдийд Цайны газар ороод Идэж уугаад суудаг хэд нь билээ, Гадаадын өндөр хөгжилтөй Улс орнуудтай өөрийнхөө Улс орноо зүйрлэх юм , Гадны Улсын нөхцөл байд�##�, Өөрийнхөө Улсын нөхцлийг харьцуулж хар,

Zochin
Zochin
2021-06-26 10:29

Zuv duugarsan bnaa. Businessiinhee erh ashgiin tuluu turd handaj duugarah yostoi. Hundelj bna.

Дэл
Дэл
2021-06-26 15:04

үхэж д�##�д ор ковид тусаад бас шүгэл үлээсэн гэжээ маш олон хүнийг эрсдэлд оруулдаг эргүү авгай

хүннү
хүннү
2021-06-26 16:47

Ер хоёр тунгаа асан хүмүүсийг �##�иваа үылчилгээний газар, хөдөө орон нутагт тодорхой хян�##�ттай үйлчилүүлэх, явуулах хэрэгтэй. Огт вакцин хийлгээгүй хүмүүстэй адилтган хорих хэрэгүй. Одоо вакцин хийлэгсэн хийлгээгүй хоёр адилхан боллоо. Яагаад хөдөө явж болохгүй байгаа юм. УОК хөдөө явж болно гэсэн гэтэл хөдөө орон нутаг нь вакцин хийлэгсэн хийлгээгүй хамаагүй оруулахгүй байна.

erka
erka
2021-06-26 21:14

mongold tor gej bnauu neg muu huuhen toriig ylchihlaa geed yria ogood ybj baidag odort heden hun nas barj bna heden zuugaaraa obchin tusaad baihad zahiin muu damchin huuhen dabarch bnaa tomor nuuree uzuuleed buh hoolni gazaruudiig haagaach bi adilhan gertee degelmee sahiad huuhedee haraad haluutsaad suuj bna erthen haa

Зочин
Зочин
2021-06-27 05:42

Чи өөрөө үхэж д�##�д орж байж манай улс сайхан болох гээд байна. Энэ авгайгаас илүү олон хүнийг эрсдэлд оруулсан энэ улсын топ эргүү нь өнөөдөр Еөк болчоод явж байна чам мэтийн нийгмийн хог шаарнаас болоод

Зочин
Зочин
2021-06-27 10:16

Amt muutai baij aimar unetei ramen, hajuud ni Arig hamaagui deer ramentai shuu

Зочин
Зочин
2021-07-01 12:38

Энэ тэнэг авгай олон хүний аминд хүрэх юм хийж байна. Хэдэн х�##�тар төгрөг олж байв�##� цаана нь хэдэн хүн амь насаа �##�дах хамаагүй нь л дээ

Холбоотой мэдээ

Back to top button