Нийгмийн

Хүний аминд хүрчихээд оргон зайлсан этгээдийг өршөөж, ял завшуулахгүй байхыг хүслээ

Өршөөлийн хууль батлах гэж буйтай холбоотойгоор амиа алдсан иргэний ар гэрийнхэн төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээжээ. Ил захидлыг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У. ХҮРЭЛСҮХ,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г. ЗАНДАНШАТАР,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л. ОЮУН-ЭРДЭНЭ

танаа

ИЛ ЗАХИДАЛ

Улсын Их Хурал Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан амь хохирогч М. Алтанхуягийн ар гэрийнхэн бидний зүгээс дараах хүсэлт, шаардлагыг уламжлан хүргүүлж байна.

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ж. Соёлмаа гэгч нь авто тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын тагнуулын тусгай салааны ахлагч М. Алтанхуягийг машинаар мөргөж, хэргийн газраас зугтаан амь насыг нь хохироосон.

Ж. Соёлмаад холбогдох эрүүгийн 2003003450267 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн гэм буруутайд тооцож, хорих ялыг тэнссэнийг эрүүгийн хариуцлага хөнгөдсөн агуулгаар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Ийнхүү хүний амь хохироосон Ж. Соёлмаа гэгч нь хуульд заасан хорих ялыг эдэлж болзошгүй нөхцөл байдал бий болмогц, эрүүгийн хэрэг шүүхийн шатанд нэгэнт шилжсэн байх үед, оргон зайлж, Монгол Улсын хилийг даван зугтсан бөгөөд одоо түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/917 дугаар “Хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай” захирамжаар интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа хийж байгаа болно.

Ж. Соёлмаа ийнхүү шүүхийн шатнаас оргон зайлсан нь УИХ-аас Өршөөлийн хууль батлах цаг үеийн нөхцөл байдлыг урьдчилан тооцоолсон шинжтэй, шударга ёсны хэмжүүрт хэрхэвч нийцэхгүй, амь хохирогёийн ар гэрийнхэн биднийг басамжлан тохуурхсан үйл явдал болсон.

 Ийм үйлдлийг өөгшүүлж, зөвтгөсөн байдлаар Өршөөлийн тухай хуулийг батлах нь Монгол Улсын нийгмийн амьдрал дахь шударга ёсыг үгүй хийх болохыг та бүхэн анхаарч үзнэ үү.

Монгол төрийг барих гурван өндөрлөгт ард түмний итгэл, дэмжлэгээр заларсан Та бүхэн шударга бус байдлыг хуульчлан хамгаалах үйлсийг зөвтгөн дэмжихгүй байхад онцгойлон анхаарна гэдэгт итгэл дүүрэн байгаа бөгөөд шударга ёсны төлөөх хүлээлт, хүсэмжлэлийг талаар болгохгүй гэдэгт гүнээ найдаж буйгаа энэ ялдамд илэрхийлье.

АМЬ ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙНХЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ю
Ю
2021-06-30 21:52

Муу муухай бүхэн маны эрх баригчидад тэдний хамсаатнуудад байдаг нь үнэн учир өршөөлийн хууль гээчийг батлах гэж яарч байна. Ял авсан хүний үйлдлийн цаана ямар том хар толбо үлддэгийг ойлгоосой!!! Амь нас,эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө бусад хохиролууд!?!

Холбоотой мэдээ

Back to top button