“Өршөөлөөр суллагдаад төрийн хайрыг “дааж”, хүн ухамсартай аж төрөөрэй”

Манай парламент 1992 оноос хойш зургаан ч удаа Өршөөлийн хууль баталжээ. Хамгийн сүүлд баталсан нь өнөөдрөөс буюу долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлж байна. Үүгээр ял эдэлж байсан 160 хоригдлыг суллах юм.
Ерөнхийдөө өршөөлийн хуулиар ялтан суллагдах нь монголчуудад шинэ юм биш. Нийгмийн зарим хэсэгт айдас дагуулж, элдэв ярианы сэдэв болох нь ч бий. Яах ч аргагүй гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан хүмүүс хугацаанаасаа өмнө суллагдана гэдэг сайн, муу холилдсон сонирхолтой л агуулга.
Ямартай ч бурууг үйлдэж, хазгай гишгэсэн иргэдээ төр харж үзэж, хайрлаж буй нэг хэлбэр мөн. Уучилж, итгэл хүлээлгэж, хорвоогийн нарны доор эрх чөлөөтэй дүүлэн нисэх боломжийг олгож буй явдал. Үүнийг ойлгож, ухамсарлаж, алдаагаа дахин давтахгүйг хичээгсэд ч тэдний дунд цөөнгүй. Мөн суллагдсан хойноо дахиад л гэмт хэрэгт холбогддог нь бий.
Зарим судалгаа өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн дийлэнх нь эргээд хэрэг хийж, ял эдэлж буй тухай хэлдэг. Харин зарим нь тэдний 10 хувь буюу 1,000 хүн суллагдлаа гэхэд 100 нь л давтан гэмт хэрэг үйлддэг гэж дүгнэсэн байх юм.
Ийм кэйсүүд өнгөрсний түүхэнд бичигдэж үлдсэн. 2009 онд таксины жолооч дээрэмдсэн хэргээр ял эдэлж байгаад өршөөлийн хуулиар суллагдсан иргэн Б дөрвөн жилийн дараа нэгэн таксины жолоочийн амийг хөнөөсөн байдаг.
Түүнчлэн 2016 онд өршөөлийн хуулиар дөнгөж суллагдаад байсан иргэн Э багын найзаа хутгалж хөнөөсөн хэрэг ч гарсан. 2017 онд О гэгч эр нэгэн эмэгтэйг 10 хоногийн турш гэртээ байцаалж, зодон тамлаж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулахад мөн л жилийн өмнө өршөөлийн хуулиар суллагдсан этгээд байжээ.
Энэ мэтчилэн кэйсүүд дурдвал олон. Нэг удаа ял эдэлж үзсэн, үүнд урт хугацаандаа сэтгэл зүйгээ бэлдчихсэн байсан хүмүүс өршөөлөөр суллагдахдаа “Дахиад орсон ч...” гэсэн бүдүүн хадуун зориг суучихдаг байхыг үгүйсгэх газаргүй.
Ямартай ч энэ жил өршөөлийн хуулиар суллагдаж буй Монгол Улсын эрхэм иргэд хүний ухамсартай аж төрж, нэгэн насны амьдралаа аз жаргалаар дүүргээсэй гэж олон нийт хүснэ.
Г.САНСАРМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.