НИЙГЭМ

С.Энхболд: Өрхийн эмнэлэг, эмч нарт төсөвлөсөн мөнгө аль шатандаа хэрэгжихгүй байгааг шалгана

Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан Сүхбаатарын талбайд олон хоног жагсаж байгаа билээ. Өнөөдөр тэд хэвлэлд хандаж:

“Монголын эрүүл мэндийн салбар туйлдаад удаж байна. Бид ард түмэндээ хайртай, мэргэжилдээ дуртай, үнэнч. Бидний үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Одоо 3100 эмч, сувилагч халдвар аваад байгаа. Бид долдугаар сарын 1-нээс хойш шаардлага хүргүүлж, дуу хоолойго нэгтгэж байгаа ч харамсалтай нь өнөөг хүртэл төр, засгаас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш эрүүл мэндийн салбар өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Хэн ч хойшоо суугаагүй, ухарч няцаагүй. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын дундаж цалин 1390000 хүрснийг холбогдох хүмүүс бахархалтайгаар зарласан. Гэтэл манай салбарын цалин хэд байгаа билээ. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 640.000. Хоёр дахин нэмэгдүүлсэн ч улсын дунджид хүрэхгүй.Бидний ачаалал өмнөхөөсөө 3-5 дахин нэмэгдсэн. 14 хоног, бүтэн сараар гэртээ харих ч завгүй ажиллаж байгаа. Монголын бүх эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа. Энэ жагсаал улс төрийн захиалга биш, нийгмийн шаардлага. Эрүүл мэндийн салбарын бүхий л эмч, сувилагч, албан хаагчид өнөөдөр цар тахалтай тэмцэн, цөхөрч, туйлдаж байна.Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг харгалзана. Нааштай шийдвэр гаргахгүй бол улс даяар ажил хаялт зарлана” гээд байсан.

Тэгвэл жагсаал зохион байгуулж буй эмч нарын төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзаж, зарим амлалтыг өгөөд буй.

Тэрбээр: "Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш чухал. Нэг иргэний санхүүжилт нэмэгдэж 30.000 төгрөг болсон. Сайдын тушаалаар өрхийн эрүүл мэндийн эмч нарт нэмэгдэл мөнгө олгохоор болсон. Иргэн хяналтад ороход 70.000 төгрөгийн санхүүжилт баталж олгож эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлыг шалгуулна. Эмч нарын асуудлыг шат шатанд шалгана. Дээрээс ирсэн тушаал шат шатандаа өөрчлөгдөж, асуудал гарч байна. Өнөөдөр 17:00 цагт Эрүүл мэндийн яам дээр Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн төлөөлөл, гишүүд, яамны төлөөлөлтэй гурван талт хэлэлцээрт сууж, гарц гаргалгааны талаар ярилцахаар болсон. Иймд та бүхнээс хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button