УЛС ТӨР

АНУ-ын Чикаго хотод Элчин сайдын яам байгуулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Элчин сайдын яам байгуулах асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Монгол иргэд олноор төвлөрөн оршин сууж буй улсын нэг болох АНУ-тай манай улс 1987 онд дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа тус улсын нийслэл Вашингтон хотод 1989 онд, Ерөнхий консулын газрыг Сан Франциско хотод 2011 онд тус тус нээжээ. АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцдаг аж.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээж ажиллуулах Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх боломжтойг сайд танилцуулсан юм.

Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон (6000), төвийн бүсийн Чикаго хот (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод төвлөрөн суурьшдаг байна. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчимд оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлагатай байгаа аж. Чикаго хот нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 1600 км зайд оршдог бөгөөд тус хотод Консулын газар нээснээр Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота зэрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

АНУ дахь монгол иргэд Чикаго хотод ихээр төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайтай, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт) зэрэгтэй холбоотой. Монгол иргэд тус хотод гаднын компаниудад ажиллахын зэрэгцээ ачаа тээвэр, гоо сайхан, барилгын чиглэлээр өөрсдийн бизнесээ эрхэлдэг. Мөн тус хотод гурван монгол сургууль байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тус хот дахь Монгол иргэдийн холбоо, “Монгол төв” зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага, монгол иргэдийн 50 орчим компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг талаар төслийн танилцуулгад дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-06 19:20

Элчин сайдын яам нэг улсад 1 л бдаг!!!

зочин
зочин
2021-07-06 19:26

бумаа элчин сайдын яам бишээ консулын газар мэднэ ээ

Зочин
Зочин
2021-07-06 19:49

Консул?

зочин
зочин
2021-07-06 21:31

Консулын газар нээнэ гэсэн үг. Аливаа улсын нийслэлд нь Элчин сайдын яамыг нээдэг, бусад хотуудад Консулын газар нээдэг.

Sat
Sat
2021-07-06 22:52

ЭСЯ-ыг тухайн улсын нийслэл хотод нээдэг юм шүү дээ. Хоосон толгойтнууд олширч

Zochin
Zochin
2021-07-06 23:04

Zardal nemegdehgui bna gej bhgui,ih baga hemjeegeer nemegdej taarna,zovhon dahin neg office nemj tureesleh geed

Холбоотой мэдээ

Back to top button