Япон улс 2025 он гэхэд нисдэг автомашиныг зах зээлд гаргахаар төлөвлөж байна

Эхний ээлжинд Миэ мужийн нисэх онгоцны буудал болон аялал жуулчлалын газруудын хооронд зорчигчдыг тээвэрлэх нисдэг таксины зориулалтаар үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Японы хамгийн том агаарын тээврийн компани болох “Japan Airlines” 2025 он гэхэд нисдэг автомашиныг арилжааны зорилгоор зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Энэ тухай “Никкей” (Nikkei) сонинд нийтэлжээ.
Зах зээлд гаргахаасаа өмнө эхний ээлжинд зөвхөн Миэ мужийн хэмжээнд аялал жуулчлалын байгууллага, нисэх онгоцны буудлын хооронд зорчигчдод үйлчлэх зориулалтаар ашиглах юм байна.
Тус хэвлэлд нийтэлснээр, Японы хоёр дахь том агаарын тээвэрлэгч “All Nippon Airways” компани ч дээрхитэй ижил төрлийн нисдэг автомашины үйлчилгээг мөн 2025 он гэхэд нэвтрүүлэх боломжийг судалж байгаа аж.
Японд ийм төрлийн дэвшилтэт технологид суурилсан нисдэг автомашинуудын туршилтыг аль хэдийнэ эхлүүлсэн байгаа. Гэсэн ч, Засгийн газраас тодорхой дүрэм журам батлаагүй байгаа тул нисдэг автомашины салбарыг хөгжүүлэхэд саад тулгарч байгаа нь томоохон хөрөнгө оруулагчдыг түлхэх шалтгаан болж байгаа юм.
Энэ оны хувьд Японы эрх баригчид алслагдсан бүс нутаг руу ачаа тээвэрлэх ажилд 2023 оноос эхлэн нисдэг автомашиныг ашиглаж эхлэхээр төлөвлөжээ. Харин 2025 оноос зорчигч тээвэрлэх, үүнд төв бүс нутгуудад нисдэг автомашиныг “агаарын замын хөдөлгөөн”-д оролцуулах хуваарь, холбогдох журмыг боловсруулж эхлээд байгаа аж.
О.АНАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.