ДЭЛХИЙ

NASA: 15 жилийн дараа АНУ-ын эрэг хавийн хотуудад хүн амьдрах боломжгүй болно

АНУ-ын далайн эргийн олон хотуудын хувьд далайн түрлэг ихэссэн үед тогтмол үерийн аюул нүүрлэх болсон нь тухайн бүс нутгийн оршин суугчдад бараг л энгийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.  

АНУ-ын Үндэсний Далай ба Агаар мандлын Удирдлага (NOAA)-аас зөвхөн өнгөрсөн 2019 онд даруй 600 гаруй үер бүртгэгдсэн гэсэн мэдээллийг гаргажээ.

Харин 2030 оны дунд үеэс буюу 15 орчим жилийн дараа эрэг хавийн хотуудад хэвийн амьдрах боломжгүй болно гэсэн тооцоо байна.

Үүний шалтгаан нь ердийн үерээс гадна далай тэнгисийн түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс үүдэх болно гэжээ.

Үерийн давтамж, түүний цар хүрээнд нөлөөлөх одон орны төдийгүй далайн тэнгисийн шалтгаан нөхцөлийг харгалзан үзсэний үндсэн дээр дээрхи дүгнэлт, тооцооллыг хийжээ. Энэ талаар АНУ-ын Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Алба буюу “NASA” мэдээллээ.

Мэргэжилтнүүд далайн түвшин нэмэгдэхээс шалтгаалан далайн түрлэг ч улам бүр нэмэгдэх болно гэсэн судалгааг хийжээ. Сарын турш хэд хэдэн үер болж болзошгүй байгаа аж. Эдгээр үзүүлэлтүүдэд Нар, Сар, Дэлхийн байрлал ч нөлөөлнө гэжээ. Од эрхэсийн байршил, таталцлын нөлөө Дэлхийн цаг агаарт нөлөөлж, байгалийн олон янзын үзэгдэл бий болгодог гэсэн үг.

“NASA”-гийн тэргүүн Билл Нельсоны онцолсноор эрэг орчмын хот тосгод хамгийн их эрсдэлд орох аюултай гэлээ. Учир нь, нөхцөл байдал жил ирэх тусам улам дордох тул одооноос л зарим нэгэн тохирох арга хэмжээ авах шаардлагатайг онцлов.

Дэлхийн дагуул Сарны таталцлын хүч, уур амьсгалын өөрчлөлт, далай тэнгисийн түвшний өсөлт болон бусад хүчин зүйлс нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Хавайн Их Сургуулийн туслах профессор, шинэ судалгааны удирдагч Фил Томпсон хэлэхдээ, олон удаагийн давтамжтай үерийн аюул нүүрлэвэл олон компаниуд хаалгаа барьж, хүмүүс ажилгүй болж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэлээ. Үерийн аюул бохир усны шугамыг хүртэл гэмтээх аюултай. Тиймээс орон нутгийн олон оршин суугчид эрүүл мэндийн хувьд ч асуудалтай тулгарах эрсдэлтэй гэсэн юм. Фил Томпсоны зохион бүтээсэн үерээс хамгаалах арга хэрэгсэл “NASA”-гийн вэб хуудсанд нийтлэгдээд байгаа аж. Түүнийг шийдвэр гаргах түвшнийхэнд болон олон нийтэд зориулан нийтэлсэн юм байна. Шинэ судалгааны үр дүнд үндэслэн үерийн аюулаас сэргийлэх арга хэрэгслийг ойрын хугацаанд дахин шинэчлэх ажээ.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button