НИЙГЭМ

Замын-Үүдэд барилгын материал гацсанаас нийслэлийн бүтээн байгуулалтууд “ЦАРЦЖЭЭ”

Өнгөрөгч долдугаар сарын 6-нд ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ЦЕГ, ТЕГ, АТГ-аас бүрдсэн ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажилласан. Үүгээр хариуцлага алдсан зургаан албан тушаалтныг чөлөөлж, мөн авлигын хэрэгт холбогдуулан зургаан хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан билээ.


Учир нь коронавирусийн цар тахлаас улбаатай иргэд болон худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн ачаа Замын-Үүд боомт дээр олон сараар гацаж бөөгнөрснөөр авлига, албан тушаалын гэмт хэрэг даамжирч ийн шийдвэр гаргах түвшинд сөхөгдсөн.

Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн газар үүгээр Замын-Үүдийн авлигалын мафитай тэмцэж эхэллээ хэмээн онцолж, тухайн үедээ л сүрийг үзүүлж, попроод амжсан. Гэтэл албан тушаалтныг баривчилж саатуулсан ч, боомт дээр үүсээд байсан асуудал нэг талдаа гарч цэгцэрсэнгүй. Тухайлбал барилгын салбарт үйлчилгээ, бизнес эрхлэгчид олон сарын өмнө захиалаад гацсан материал, хөрөнгөө авч чадахгүйд хүрснээр нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлууд саатаад буйг бизнес эрхлэгчид учирлаж байна.

Хамгаа шавхаад хөрөнгө оруулалт хийн захиалсан байраа царцаасан иргэд ч мөн бие болоод сэтгэл зүй, санхүү мөнгөөр дарагдан туйлдаа хүрч эхлээд байна.

Угтаа Х.Нямбаатар сайд боомт дээр саатаж бөөгнөрсөн 20 хоногийн дотор задлах, хэвийн болгох төлөвлөгөө гаргасан талаараа хэлээд байв. Гэтэл түүний эл мэдэгдлээс хойш 14 хоног өнгөрсөн ч, асуудал хэрхэн шийдэгдэх нь өнөөг хэр нь тодорхойгүй байна. Тэрбээр боомтын ачааллыг бууруулах мэдэгдэлдээ төмөр зам ашиглан тээвэрлэх, үүний тулд галт тэрэгний тоог нэмэгдүүлж ажиллах тухай дурдсан.

Гэвч 100 айл орчимд худалдаа эрхлэгч, барилгын материал худалдаалдаг иргэдийн хувьд захиалсан бараагаа өнөөг хэр нь авч чадаагүйгээс гэрээтэй ажилладаг барилгын компанидаа хэлэх үггүй болж байгаа тухайгаа дурдаж байна. Х.Нямбаатар Замын-Үүдэд сүрийг үзүүлсэн ч, барилгын материалын тасалдал туйлдаа хүрлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button