Нийгмийн

Олимп эхэлснээс хойш 18 тамирчны шинжилгээний хариу эерэг гарчээ

Олимп эхэлснээс хойш 18 тамирчны шинжилгээний хариу эерэг гарчээ. Олон улсын олимпын хорооноос өчигдөр  гаргасан мэдээллээр энэ сарын 1-нээс хойш Олимптой холбоотой нийт 198 ковид-19-ийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Энд зөвхөн тамирчид төдийгүй олимп зохион байгуулах комиссын ажилтнууд, үндэсний хороо, гэрээт гүйцэтгэгчид, бусад ажилчид, сайн дурын ажилчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд багтсан юм. Тэдгээр халдвар авагсдын дийлэнх нь Япон улсын иргэд хэдий ч гадаад улсын тамирчид мөн багтаж байгааг тус хорооноос мэдээллээ.

Японы өнөөгийн нөхцөл байдал

Япон улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн лхагва гарагт 9500 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээлсэн. Энэ тоо нь тус улсын хувьд халдварын тохиолдлын шинэ дээд үзүүлэлт болжээ. Өмнө нь тавдугаар сарын 8-ны байдлаар 7239 тохиолдол бүртгэгдсэн нь Японы хувьд хамгийн өндөр тоон үзүүлэлт байсан. Тэгвэл эл үеэс хойш хоёр сар буюу, өнөөдрийг хүртэл шинжилгээнд хамрагдах хүний тоо нэлээдгүй багассан. Гэсэн ч халдварын тохиолдол өссөөр буй нь хүмүүсийн санааг зовоож байна. 

Токиод халдварын тохиолдол өдөрт 1000 хүрч байна

Токио хотын хувьд долдугаар сарын 17-ноос хойш дунджаар өдөрт мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ тоо ч мөн адил нэмэгдэж байна. Токио 2020 наадмыг зохион байгуулагч, шинжээчдийн зүгээс хотод наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд өдөрт халдварын төвшин зуугаас доош байх шаардлагатай хэмээн мэдэгдэж байжээ. Үнэхээр тавдугаар сарын дунд үед Токио хотод өдөрт 400-аас доош тохиолдол бүртгэгдэж байсан ч зуу хүртэл буусан тохиолдол огт гараагүй. Харин одоо халдвар огцом тархаж буй нь олимпд нөлөөлж магадгүй гэж тэдний зүгээс санаа зовж эхлэлээ. 

Японд одоо онц байдал зарласан байгаа бөгөөд олимпын наадам үзэгчгүйгээр явагдаж буй. Тус улсын зүгээс:

  • Баар, рестораны ажиллах цагийг болон, архи согтууруулах ундаагаар үйлчлэх эрхийг хязгаарлах
  • Оршин  суугчдадаа шаардлагагүй аялал хийхээс зайлсхийх, амны хаалт зүүх, гэрээсээ ажиллахыг зөвлөх
  • Мияги болон Шизуока мужууд хязгаарлагдмал тооны иргэдийг л талбайд орохыг зөвшөөрч буй зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Япон улс вакцинжуулалтаа бусад хөгжингүй орнуудаас хоцорч хоёрдугаар сараас хийж эхэлсэн. Тэдний зүгээс олон улсад хийсэн туршилтаас гадна өөрсдөө давхар туршиж байж иргэдээ вакцинжуулна гэж мэдээлж байсан юм. Хэдэн сарын турш тус улсад зөвхөн Файзер вакцин зөвшөөрөгдөн хийгдэж байв. Үүний үр дүнд одоогийн байдлаар Японы нийт хүн амын зөвхөн 26,4 хувь нь л бүрэн дархлаажсан.

Одоогийн байдлаар Япон улсад нийт 200 мянган халдварын тохиолдол илрээд байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button