Нийгмийн

Эрээнд саатсан 3172 тээврийн хэрэгсэл ачаа барааг нэг сарын хугацаанд татаж авна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ.

Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, өдгөө чөлөөт бүсийн дотор 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл байгаа аж. Өдгөө Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өнөөдрөөс нээж эхэлсэн бөгөөд ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Ийн өдөрт тогтмол 100-120 автомашин, 100 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол байна.

Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа. “Хэдхэн компанид давуу эрх олгож, дур зоргоороо үнэ тогтоодог жолооч нарыг хараад суугаад байлгүй шаардлагатай тохиолдолд төр оролцож, жолооч болон тээврийн хэрэгслүүд гаргаж ачаа тээврээ татан авах болно” хэмээн онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button