СУРВАЛЖИЛГА: Хот хоорондын автобусууд зорчигчгүй болж, зардал нь 100 мянга болж өсчээ

Нийслэл хотоос баруун бүсийн аймгууд руу Драгон төвөөс зорчдог. Харин зүүн бүс нутаг руу Тэнгэр Плаза төвөөс нийтийн тээвэр явдаг. Эдгээр нийтийн тээвэр хэрэгслийн үнэ нэмэгдэж, 20 орчим хувиар өсжээ. Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж, дагаад тээврийн хэрэгслийг хөдөлгөгч шатахууны тариф нэмэгдсэн. Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдлаас үүдэн 45 хүний дүүргэлттэй явдаг нийтийн тээврүүд 25-аас доош хүний дүүргэлттэйгээр хөдөлж байгаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн юм. Ирэх долоо хоногийн даваа гарагаас оюутан сурагчид танхимаар хичээллэнэ. Тийм учраас орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэдийн тоо ихсэх төлөвтэй байгаа юм. Иймд манай сурвалжлах баг хот хоорондын нийтийн тээврийн ханш хэрхэн өссөн, ямар дүрэм журмыг мөрдөн тээвэр үйлчилгээг явуулж байгаа талаар сурвалжиллаа.

МАНАЙ УЛСЫН МӨНГӨНИЙ ХАНШ ҮНЭ ЦЭНГҮЙ БАЙНА
Баруун бүс нутаг руу зорчиж, нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг Б.Сумъяабазар хот хооронд жилд олон удаа зорчдог. Өмнө нь 12 мянган төгрөгөөр Дархан-Улаанбаатар чиглэлд зорчдог байсан бол одоо 15 мянган төгрөгөөр явж байгаа тухайгаа бидэнд хэлсэн юм. Түүний хувьд Увс-Улаанбаатар-Дархан чиглэлд сард нэг удаа зорчдог гэнэ. Увс-Улаанбаатар чиглэлд өмнө нь 65 мянган төгрөгөөр аялдаг байсан бол үнэ нэмэгдсэнээр 85 мянган төгрөгөөр зорчих болжээ. Түүний нэг талдаа аялах өртөг нь 100 мянган төгрөг. Харин түүний дундаж цалин 700 мянга аж. Тэрбээр хаана ч явсан амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа аж. Түүнчлэн нийтийн тээврийн үнэ өссөн нь манай улс мөнгөний ханшийг ийм цэнэгүй болгосонтой холбон тайлбарласан юм.

ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭХЭД ЦАЛИН ДАГАЖ ӨСӨӨД БАЛАНС БАРИХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭСНЭЭР ҮНИЙН ДАРАМТАД ОРОХГҮЙ.
Түүнээс гадна хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлэгч Б.Эрдэнэбаатар хэлэхдээ "Дэлхий дахинд шатахууны үнэ нэмэгдэж байхад тээврийн хэрэгслийн зардал нэмэгдэх нь мэдээж хэрэг. Хамгийн гол нь Монголчуудын худалдан авах, амьжиргааны түвшин муу байна. Бид үнэ нь нэмэгдэж байгаа барааг нэмэгдсэн байсан ч худалдан авах чадвартай байх хэрэгтэй. Ингэсэн хойно нэмэгдвэл зүгээр. Өнөөдөр хүмүүсийн орлого, цалин тийм ч муу биш, төгрөгийн ханш, үнэлэмж л шалан дээр уначихсан. Тиймээс л аливаа бараа, хэрэгслийн үнийн нэмэгдэл дарамт болж байгаа юм.
Монголчууд байгалийн баялгаараа дэлхийд дээгүүр байдаг. Араб, Дубай зэрэг улс газрын тос, байгалийн баялагаараа иргэд нь ажил хийхгүй байсан ч сайхан амьдарч болж байна. Гэтэл Монгол улсад гуравхан сая иргэн автобусны үнэ нэмэгдэхэд амьдралд нь өөрчлөлт савлагаа мэдрэгддэг. Би жилдээ хоёр удаа Өвөрхангай руу ирж буцдаг юм. өмнө нь 22 мянган төгрөгөөр зорчдог байсан бол өнөөдөр 32 мянган төгрөгөөр зорчихоор билетээ авлаа.
Хоёр жилийн өмнө 1000 төгрөгөөр жижиг талх авчихдаг байсан бол одоо жижиг талхны талыг нь энэ мөнгөөр авна. Дахиад жилийн дараа хоёр талхны мөнгөөр нэг талх авдаг болохыг үгүйсгэхгүй. Мөнгө ингэж л үнэгүйдэж байна шүү дээ. Гэтэл цалин нэмэгдсэн юм байхгүй. Гэхдээ нийгмийн даатгал, татвар, бүх барааны үнэ өссөн. Ингээд харахаар иргэд их л мөнгөний дарамтад байдаг нь харагдаж байна. Хөдөө орон нутгаас хэдэн хонь малаа зараад л ирж байгаа байх. Эдийн засгийн хөшүүрэг нь иргэдийн орлого хэвээрээ ч зарлага нь ихсээд байвал амьжиргааны түвшин доошилно. Юмны үнэ өсөхөд иргэдийн цалин пүнлүү нэмэгдээд баланс бариад явж байвал энэ дарамт болохгүй. Хамгийн гол нь тэнцвэртэй байх шүү дээ” гэж ярьсан юм.

САРЫН ЦАЛИНГИЙНХАА 35 ХУВИАР ХОЁРХОН УДАА ГЭРЛҮҮГЭЭ ИРЖ БУЦДАГ
Ховд аймгийн иргэн Улаанбаатар хотод нэг сар ажиллаад нутаг руугаа буцаж хэсэг амардаг гэнэ. Түүнийг А.Батням гэдэг. Тэрбээр энэ хооронд өмнө нь 69 мянган төгрөгөөр зорчдог байсан бол өнөөдөр яг 100 мянган төгрөгөөр явж байгаагаа хэлж байлаа. Түүний Улаанбаатар хотыг зорин ирж ажилладаг ажлын цалин 700 мянган төгрөг. Энэ мөнгө миний сарын цалин юм бол хоёр талдаа ирж очих мөнгө миний цалингийн 35 хувь юм. Амьдрахын эрхэнд ингэхээс өөр алга мухар байна.

Угтах үйлчилгээ хэсэгт нэгэн төхөөрөмж суулгаатай байгаа нь Гэрэгэ юм. Уг системийг ашиглан иргэн дата мэдээллээ гаргаж авах боломжтой. Тухайлбал, үнэмлэхийн хуулбар, вакцины хамрагдсан байдал зэргийг гаргахаас гадна хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг өөрөө захиалдаг байна.

Үүнээс гадна зорчигч тээврийн автобусны нэмэгдсэн үнийн саналыг танилцуулж байна. Уг үнийг нэмэх саналыг тус салбарын сайд Л.Халтар өнгөрсөн жил буюу 2020 оны зунаас тушаалаа баталсан байжээ. Гэсэн ч иргэдэд дарамт учруулахгүй байхын тулд үнээ энэ зуныг хүртэл нэмээгүй байхаар тус баруун бүсийн төв барьжээ.Үүнээс гадна Ховд аймгийн Булган сум руу 100 мянга 300 төгрөг буюу хамгийн өндөр үнэлгээгээр зорчиж байгаа аж.
НЭГ, ХОЁР ХҮН БАЙСАН Ч ЗОРЧИГЧОО ХҮНДЛЭЭД АЛДАГДЛЫГ БОДОЛГҮЙ АЯЛЛАА ХИЙДЭГ
Автобусны жолоочид цар тахлын үед жолоо барихад хүндрэлтэй зүйлс олон байна. Жишээлбэл бид 1.5 сая төгрөгөөр нэг талдаа түлш хийж явдаг. Гэтэл гол төлөв 10 хүрэхгүй хүнтэй зорчиж байна. Өнөөдөр гэхэд л долоон зорчигч тээвэрлээд Хөвсгөл аймаг руу гарах гэж байна. Бүр муу өдрөө нэг, хоёрхон хүнтэй явах тохиолдол байдаг. Гэлээ ч бид нэг хүн юм байна. Явахгүй гэж хэлдэггүй. Ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа. Миний хоолоо олж иддэг ганц энэ ажил шүү дээ.
Үүнээс гадна хүн муутай яваад байвал бид алдагдалтай ажилласан гэсэн үг. Тиймээс тэр тээвэрлэлтээс цалин бодогдох боломжгүй болж хаалт үүсдэг. Сүүлийн хэдэн сар үнэхээр хангалтгүй муу цалинтайгаар ажиллалаа. Ор тас орлогоо тасалдуулж байхаар гээд л энэ ажлаа хийгээд байна гэж ярьсан юм.


Дээрх иргэд болон жолоочдын ярьсан яриаг Авто тээврийн үндэсний төвөөс тодруулбал, хуваарийнхаа дагуу өдөрт нэг автобус явж байна. Өмнө нь хоёр гурван удаа явдаг байсан. Нэг хоёр хүнтэй байсан ч үйлчлүүлэгчээ бодоод явдаг. Үйлчлүүлэгчдээс вакцины бичгийг нь шалгаад халууныг хэмжээд оруулж байгаа. Хэрэв замын дунд халуурч бүлээрэх, халдварын шинж тэмдэг илэрвэл тусгаарлах суудал гаргасан. Тэнд тусгаарлан хүргэнэ. Энэ сард хэдэн төгрөгийн цалин авахаа сайн мэдэхгүй байгаа гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмэлгүй ч яах билээ харин ч удлаа хөөрхий. Бензин үнэтэй зам хол шүү дээ.