Нийгмийн

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендерийн бүртгэлийн хугацаа үргэлжилж байна

Монгол Улсын Баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэглээ импортын эрчим хүчнээс хамааралтай, өртөг өндөртэй байсаар ирсэн. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц 2027 онд баригдаж, ашиглалтад орсоноор 366 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, эрчим хүчний хэрэглээг дотоодын хямд өртөгтэй эрчим хүчээр бүрэн хангаж, төвийн бүсэд ч мөн илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх боломж бүрдэх юм.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын тендер 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр нээгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу 30 хоногт багтаан тендерийг үнэлж гэрээ байгуулдаг. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамны зөвшөөрлөөр тендерийн хүчинтэй байх хугацааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу 1 удаа 15 хоногоор сунгаж болох зохицуулалттай. Уг тендер нь Монгол Улсад урьд өмнө нь хийгдэж байгаагүй цар хэмжээ ихтэй, хэлэлцэж тохирох олон техникийн асуудалтай байгаа тул гэрээ байгуулах хугацааг Эрчим хүчний яамны хүсэлтээр Сангийн яам 15 хоногоор сунгах зөвшөөрөл олгосон. Уг хугацаа есдүгээр сарын 13-ны өдөр дуусна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.17-д гүйцэтгэгч буюу тендерт шалгарсан компани Гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулахаас өмнө захиалагч талд ирүүлэх үүрэгтэй. Иймд хуулийн дагуу тендерийн баталгааг гэрээ байгуулахаас өмнө захиалагч талд хүргүүлснээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээнд ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн асуудал үүсэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button