Нийгмийн

Агаар, орчны бохирдол бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулж байна

НЗДТГ болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд  өнөөдөр эхэллээ. Уг өдөрлөг нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой юм. Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, шинэлэг техник, технологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуй нэгжийн үйлчилгээг сурталчилж буй. Хоёр өдөр үргэлжлэх “Өнтэй өвөлжье” өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага  оролцож байна.

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн болон холбогдох албаныхан байгууллага бүрийн үйл ажиллагаа болоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал болгож буй үйлчилгээ, мэдээлэлтэй танилцсан юм.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнтэй өвөлжье өдөрлөг” маш олон талын ач холбогдолтой. Тухайлбал, иргэдэд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангах тухай мэдээлэл, сурталчилгаа хүргэх, өрхийн хэрэглээний дулааныг цахилгаанаар орлуулан, агаарын бохирдлын эсрэг технологийн шийдлүүдийг санал болгохын сацуу төрийн үйлчилгээг газар дээрээс нь үзүүлэх боломжтой юм. Жишээлбэл, НҮБ-ын  хүүхдийн сан, Дэлхийн банкны “Цэвэр агаар” зэрэг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гэрийн дулаалгын төсөлд хамрагдах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн, гэрээ байгуулж байна.  Түүнчлэн манай байгууллага иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулсан. Зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярьж байлаа.

Тус өдөрлөгт орчны агаарын чанарын явуулын хэмжилтийн станцыг байрлуулан, дизель болон цахилгаан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосонцор, азотын хүчил, хүхэр зэрэгт хэмжилт хийн үзүүлж байлаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсад ганц байдаг явуулын станцаар тогтмол хэмжилт хийдэг. Тухайлбал, хөл хорионы үед болоод хэвийн хөдөлгөөний үед хэмжилт хийхэд тээврийн хэрэгслээс ялгарах тоосонцор, хүхрийн хэмжээ 4.8 дахин зөрүүтэй байсан талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяр танилцуулж байв. Тэрбээр үргэлжлүүлэн Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөд хандан “Дизель хөдөлгүүрт автобусыг дахин дизель хөдөлгүүрт автобусаар солиод ямар ч нэмэргүй. Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүрт болгон парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Ингэснээр ялгарч буй хорт бодисын хэмжээ буурах, тээврийн хэрэгслийн утаа, бохирдлоос үүдэлтэй иргэдийн стресс, бухимдал багасах болно. Тиймээс нийслэлийн удирдлагууд парк шинэчлэлт хийхдээ аль болох цахилгаан хөдөлгүүрт автобусыг сонгоорой” гэлээ.

“Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалахаар ирсэн байлаа. Иргэд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг цаг үеэ мэдэрсэн, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг онцлоод, цаашид энэ төрлийн өдөрлөгийг тогтмол зохион байгуулах, дүүрэг бүрд хийж, иргэдэд илүү ойртон ажиллахыг зөвлөж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button