Нийгмийн

Монгол хэлний багш болохыг 13 жил мөрөөдсөн казах хүүтэй ярилцлаа

2021 онд Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар хоёр удаа болсон. Энэ шалгалтаас орон нутгийн сурагч 800 оноо авна гэдэг олзуурхмаар явдал яах аргагүй мөн. Казак үндэстэн хэр нь монгол хэл, бичгийн шалгалтад нэгээр цойлж оноогоо бүрэн авч чадсан Х.Айдос хүссэн сургуульдаа сурч байна. Тэрбээр Монгол хэлний багш болох мөрөөдлөө 13 жил тээсээр зорилгынхоо төлөө шат ахин алхалсаар яваа шинэхэн оюутан. Иймд түүнтэй ярилцсан цөөн хормын яриаг хүргэе.

-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Сайн уу. Намайг Хуандых овогтой Айдос гэдэг. Ховд аймгийг олон ястны өлгий нутаг гэдгээр нь хүмүүс илүү сайн мэднэ. Би тэр нутгийн Жаргалант сумын Баянбулаг багийн малчин айлын хүү. Аймгийнхаа зургадугаар сургуулийн 12б ангийг энэ хавар дүүргэсэн. Монгол хэл, бичгийн хичээлдээ их дуртай.

-Монгол хэлний хичээлд их дуртай гэж ярив. Хэзээнээс энэ хичээлд шимтэх болсон бэ?

-Би цэцэрлэгт сураагүй л дээ. Аав намайг сургуульд орохоос өмнө радио их сонсгодог байсан. Түүгээр нь хүмүүс шүлэг уншаад л байдаг. Радиогоор явсан шүлгүүдийг дагаж хэлсээр цээжилчихдэг, шүлэгт дуртай хүү байлаа. Сургуульд ороход багш шүлэг цээжлүүлэх даалгавар их өгдөг байв. Энэ нь их гоё. Шүлэг бүрээ дурлан байж л цээжилдэг хүү байснаа санаж байна.

Нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраар шүлгийн аварга болсон. Ер нь тэр цагаас л Монгол хэлний багш болох юм сан гэх гэгээхэн мөрөөдлийг тээсэн юм болов уу. Хэрвээ монгол хэлний багш болчихвол хүүхдүүдэд дуртай шүлгийг нь цээжлүүлдэг юм байна гэж ойлгосон л доо. Түүнээс хойш л би монгол хэлний багш болохыг мөрөөддөг болсон. Өөр мэргэжил сонгох талаар бодож үзээгүй.

М.Сарантуяа багшийн хамт

-Монгол хэл, уран зохиолын хичээлд дуртай болгож, эрдэм мэдлэгээ харамгүй заасан багшийнхаа тухай дурсаач.

-Зургадугаар ангийнхаа намар би Монгол улсын зөвлөх багш М.Сарантуяатай танилцсан. Тэр цагаас хойш багш намайг маш олон уралдаан тэмцээнд бэлтгэж ирсэн. Одоо бодоход алсыг харж, хэтийг төлөвлөн сурагчдаа эртнээс бэлтгэсэн юм уу гэж боддог. Ер нь л их ухаалаг, бодлоготой хүн.

Багш маань намайг хичээл дээр “сурагч-багш” хийлгүүлдэг байв. Миний мөрөөдлийг мэддэг байсан болохоор ангийнханд надаар хичээл заалгуулна. Багаасаа тээсэн хүсэл мөрөөдлийг минь багш тэтгэсэн учир гээж чадаагүй юм. Их хүсэл оргилж байсан учир гэрийнхэн минь ч энэ мэргэжлийг сонгоход хориглоогүй. Харамсалтай нь, сурч мэдэх хүсэл оволзоод байхад л сургуулиа төгсөх сүүлийн хоёр жил цар тахлаас болж хичээлдээ явж чадаагүй. Тиймээс бие дааж гэрээрээ бэлдсэн. Тэр үеэрээ багш руу залгаад хичээлээ заалгасан. Утсаа таслаад багшийн заасныг шингээж авахын тулд давтаж, бататгах чухал. Үүнийхээ хүчээр л сурагч ахуй наснаасаа мөрөөдсөн МУИС-ийн Монгол хэлний багшийн ангид элсэж чадлаа.

М.Сарантуяа багш маань сурагчдадаа их хайртай. Хэнийг ч ялгаварлалгүйгээр харьцдаг. Маш олон зан чанараар, ялангуяа хүнд байдаг сайхан чанаруудаараа сурагчдадаа хүндлэгдсэн хүндтэй хүн. Ийм том багшийн шавь болж, олон сурагчид дундаас багшийнхаа эрдмийг илүү ойроос суралцаж байгаадаа талархаж явдаг.

М.Сарантуяа багшийн хамт. Эмэгтэй хүний дүрээр шүлэг унших үе. 2019 он

-Сургуулиа төгсөөд шууд багшаар ажиллах уу.

-Үгүй ээ. Төгсөөд дахин сурна аа. Доктор хүртлээ сурчхаад Их дээд сургуулийн монгол хэлний багш болно. Монгол хэл бол судлаад дундардаггүй үнэхээр баялаг арвин хэл шүү дээ.

2025 оноос Монгол бичгийн системд шилжинэ гэхээр үнэхээр олзуурхаж, баяр төрж байгаа. Дэлхийд ганцхан байдаг тэнгэр заяат босоо бичгээ ингэж л хэрэглээндээ өргөн нэвтрүүлэх хэрэгтэй. Төрийн бичиг болж буйг багшаасаа анх сонсоод хагартлаа баярлана гэгч л болж билээ.

-ХОТОД ИРЭЭД Б.РИНЧЕНИЙ ХӨШӨӨГ ЗОРЬЖ ОЧООД ҮЗСЭН-

-Ирээдүйд багш шигээ мундаг болно гэж боддог уу?

-Мэдээж багш шигээ мундаг болохыг хүсэлгүй яах вэ. Хүсэл мөрөөдлийг минь үргэлж тэтгэж нэг үгээр хэлбэл, хооллож ирсэн М.Сарантуяа багшдаа үнэхээр их талархдаг. Энэ хүнтэй таарсандаа, тоогдсондоо баярлаад баршгүй. Миний одоогийн сурсан мэдсэн бүхэн багшийн минь л надад зааж сургасан олон жилийн хөдөлмөр нь юм шүү дээ. Багш байгаагүй бол би гэдэг хүн ийм их оргилсон хүсэл мөрөөдөлгүй байж ч мэднэ.

Гэхдээ бага ахуй наснаасаа Бямбын Ринчений бүтээл туурвилуудыг уншиж, судалж байхдаа их багш шигээ болох юм сан гэдэг мөрөөдлийг тээсэн. Тийм болохоор хотод оюутан болж ирээд төв номын сангийн урд байрлах хөшөөг нь зорьж очоод үзсэн.

-Б.Ринчен багш шиг агуу хэлний эрдэмтэн болохын тулд юу хийж байна вэ?

-Тийм том эрдэмтэн шиг мундаг мэдлэгтэй болохын тулд монгол хэлээ хүчилж биш хүсэж сурдаг. Сурч мэдэх хүсэл оргилоод байхаар ямар урамтай байдаг гэж санана. Гэхдээ “үргэлж ном шагайгаад бай” гэсэн үг огт биш. Залуу хүн юм чинь дуу хөгжим сонсоно, гадаа талбайд тоглоно гээд зугаатай амьдрах хичээдэг.

Би дуу, шүлэг унших, жүжиглэх авьяастай. Бас гар бөмбөгөөр тоглох дуртай. Сургуулийнхаа гар бөмбөгийн шигшээд тоглодог байв. Ер нь өөрийгөө тал талаар нь хөгжүүлэхийг боддог. Өдөр болгон улиг болтол хичээлээ хийгээд байвал уйдаж, залхана. Бусад талаараа өөрийгөө хөгжүүлж өдөржин завгүй явсаар байгаад гэртээ очиход монгол хэлээ хийх хүсэл маань ундарчихсан байдаг. Нэг үгээр санаад байдаг гэхэд ч болно доо.

Волейболын аварга. 2019 он.

-ЭЕШ-ын материалаас эргэлзэх зүйл байв уу, хэр боловсруулагдсан хуудас ирсэн бэ?

-Шалгалт маш чанартай боловсруулагдсан байна билээ. Монгол хэлний хичээл барьцгүй. Учир нь, энэ ухааны зах зухтай болъё гэж боддог хүн уран зохиол, монгол бичгийг ч судлах хэрэгтэй. Энэ гурав нийлж нэгдээд монгол хэлийг бий болгож байгаа юм шүү дээ. Гэхдээ надад шалгалтаас хоёр л эргэлзээтэй даалгавар байсан. Гэхдээ амжилттай хийж чадсан.

-Таны харж байгаагаар Монголчуудын монгол хэлний мэдлэг хэр түвшинд байгаа санагддаг вэ?

-Би энэ түвшинг тодорхойлох хүн биш ч монголчууд ярианы хэлтэй ард түмэн шиг санагддаг. Монголоор хүссэн бүхнээ ярьж чадаж байгаагаа монгол хэлэндээ сайн гээд өөртөө итгүүлчихдэг. Тиймээс нэг их лав судалдаггүй байх. Бичгийн хэл, ярианы хэл, дүрмээс гадна крилл үсэг, босоо бичиг гээд бүгдийг л судлах чухал.

Гэтэл зарим хүмүүс наад зах нь зөв бичгийн дүрмээ сайн мэдэггүй. Үгийн язгуурт нөхцөл, дагавар залгах дараалал дүрэм гэж бий. Үгийн дунд ж, ч ,ш-ийн дараа “-и” бичнэ гэсэн дүрэм байдаг хэдий ч Ус+ж=Усаж+на=усажна гэж бичигдэнэ. Батажна гэдэг үг мөн адил. Тэгэхээр хүмүүс ж, ч ,ш-ийн дүрэм гээд заавал ж-ийн ард “-и” бичих гээд байдаг. Сурагч+д=сурагчид+д=сурагчдад+аа=сурагчдадаа болно. Гэтэл хүмүүс сурагчиддаа гэж бичээд засрахгүй л байна. Үүнийг өөрсдөө эрэл хайгуул хийгээд олохгүйгээр багш нар үгийн дүрмээр их оролдлоо гэцгээдэг. Тиймээс зөв бичгийн дүрмийг маш сайн судлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ зүйлийг зөвхөн алдаж бичдэг хүмүүст зориулан хэлж байгаа юм шүү. Мэдээж алдаа мадаггүй бичдэг олон хүмүүс байдаг.

МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧГИЙН ЖУРАМЛАСАН ТОЛИЙГ БАРИМТАЛБАЛ ХЭЛНИЙ МАРГААН ДЭГДЭХГҮЙ

-Алдаатай бичдэг хүмүүс их байдаг. Энэ байдлыг хэрхэн засна гэж хардаг вэ?

-Монгол хэлний зөв бичгийн журамласан толь гэж бий. Яг энэ толио барих хэрэгтэй. Гадаадын улс орнууд, ялангуяа Америк, Англи, Орос зэрэг хөгжилтэй улсуудад зөв бичгийн дүрмийн маргаан байдаггүй. Учир нь тухайн улсын хүн ам зөв бичгийн дүрмийн толио яс барьдагтай холбоотой. Манайхан зөв бичгийн журамласан толь дээр яг юу гэж бичсэн байна тэрийг чанад баримталбал ийм асуудал маргаан үүсэхгүй.

-Уран бичлэгээр бичдэг юм билээ.

-Тийм ээ. Уран бичлэг бол бясалгал шиг л тайвшруулах увидастай. Гараа урагш, бэхээ босоо бариад гүн, гүн амьсгалаад цэх суухад хүн үнэхээр тайвширч чаддаг шиг санагддаг. Ер нь зураг сайн зурдаг хүн уран бичээч болоход дөхөм гэдэг л дээ. Би харин зурахдаа тааруухан. Гэхдээ дуртай учраас сурчихсан. Гоё зурж чадахгүй ч уран бичгээрээ сайхан бичиж чадна.

-Бидний яриа өндөрлөж байна. Эх хэл маань саармагжиж, харь хэлтэй холилдоод л байгаа. Монгол хэлэнд хайртай хүний хувьд энэ зүйлд их эмзэглэдэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Эцэг эхчүүд хүүхдэдээ эх хэлнээс нь урьтаж англи хэл сураасай гэж боддог. Юм сургаасай, гадаадын соёлтой танилцаасай гэх бодол нь зөв ч гэлээ бага насны хүүхдийн хэлний дархлаанд халдаж буй үйлдэл гэхэд болно. Энэ хэлийг таны үр хүүхэд үе хойчдоо өвлүүлэн сургана шүү дээ. Тэгэхээр эхлээд эх хэлийг нь сайн сургах хэрэгтэй. Мэдээж соёлоо дагаад бусад орны хэлийг сурах нь зүй.

-Ярилцсанд баярлалаа.

-Намайг ярианд урьж, хүсэл мөрөөдөл, үзэл санааг маань сонссон танд баярлалаа. Танай сайтын хамт олонд болон сэтгүүлч танд ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-29 08:45

Сайн. Амжилт!

Зочин
Зочин
2021-09-29 16:09

Сэтгэл сэргээсэн яасан сайхан мэдээ вээ

Зочин
Зочин
2021-09-30 22:45

Мундаг юмаа???? амжилт хүсье ????????

Зочин
Зочин
2021-12-08 19:21

Сайхан хүсэл мөрөөдөлтэй хүү байна ???? Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button