УЛС ТӨР

Б.Мөнхжин: Албан пасспортны хавтгайрал гангараа, ар өврийн хаалганы хэрэгсэл болчхоод байсан

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй ярилцлаа.

-МАНАЙ ДИПЛОМАТУУДЫН ИХЭНХ ХҮҮХДҮҮД ТӨЛБӨРГҮЙ СУРГУУЛЬД СУРАЛЦДАГ-

-Ц.Мөнх-Оргил сайдын үед дипломат албаны хууль батлагдсанаар элчин сайдууд, дипломат албатууд хүүхдээ хичээл сургуульд явуулах, байр орон сууцаар хангуулах зэрэг эрх ямбатай болсон. Дипломат албаны нөхцөл байдал сайжирсан гэж хэлж болно. Үүнийгээ дагаад харин хариуцлага хэр чангарсан бэ? 

-Таны хэлсэнчилэн дипломатуудын эрх ямба мөн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Манайх гэлтгүй бусад бүх орны дипломатууд гэр бүлээрээ тухайн улс оронд томилогдож, иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлж, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах үйлст гэр бүлээрээ зүтгэцгээдэг. Улсаас байр, цалинг нь хариуцах ёстой.

Манай дипломатуудын хүүхдүүд ихэнх улс оронд нийтийн төлбөргүй сургуульд л явж байгаа. Зарим улс оронд хүүхдийн сургуулийн төлбөр өндөр тул хүүхдээ сургуульд явуулж чадахгүй хүндрэл ч гардаг. Нийгмийн асуудалд нь төр анхаарах нь зүйн хэрэг. Бид УИХ-аас баталж өгсөн төсөвт захирагддаг. 

Сахилга хариуцлагын асуудлын тухайд нэг удаагийн арга хэмжээгээр шийдвэрлэгдчихдэг зүйл биш, харин тогтмол, байнгын анхаарал хандуулж, зохих шаардлагуудыг тавьж ажиллах ёстой юм билээ. Нөгөөтэйгүүр, удирдлагын зүгээс гүйцэтгэлийн хяналт, эргэх холбоо жаахан л сулархад л дагаад дунд, доод шатанд ажил цалгардчих гээд байдаг сул тал төрийн албанд их гардаг. 

-Ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Гэхдээ төрийн албанд, тэр дундаа төрийн тусгай албанд албан хаагчид хариуцлага тооцох, албан хаагчийг хамгаалдаг өөрийн дүрэм журам, механизмтай. Албан хаагч хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргасан тохиолдолд түүнийг авч хэлэлцдэг “Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэд ёс зүйн зөвлөл” ажиллаж байна. Ёс зүйн зөвлөлөөр тухай албан хаагч хариуцлага алдсан гэж үзвэл дүгнэлтээ Салбар зөвлөлд танилцуулж, салбар зөвлөлөөр хариуцлагын арга хэмжээ авдаг. Ногдуулсан хариуцлагын арга хэмжээнд гаргасан алдаатай нь дүйцэх ёстой гэсэн зарчим байдаг. Тэрнээс биш дэд сайд Мөнхжин субьектив хандлагаар албан хаагчид хандаж болохгүй. 

-ЦӨӨН ТООНЫ ШУНАЛДАА АВТСАН ХҮМҮҮСЭЭС БОЛЖ САЛБАРЫН БҮХ ХҮНИЙГ ХАРЛУУЛАХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ-

-Сүүлийн хэдэн жил дипломат номертой машин ашиглаад улс хооронд чөлөөтэй зорчиж, хар тамхи зардаг зэрэг асуудлуудад холбогдох нь их болсон?

-Миний хувьд гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаад, нэг жил гаран болж байна. У.Хүрэлсүх ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байхдаа ч тэр, дэд сайдаар томилогдохдоо ч гурван чиглэлд анхаарал хандуулж ажиллая гэж зорьсон.

Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах. Хоёрдугаарт, дипломат албанд сахилга бат, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлье гэж зорьж байна. Энэ мэдээж өргөсөн авсан мэт хурдан шийдэгдэхгүй. Цаг орно. Гуравдугаарт, том том гадаад бодлого ярихаас илүү прагматик, бодитой ажил хийе гэж зорьж ажиллаж байна. 

-Миний асуултын тухайд?

-Тухайлсан асуултын хувьд, цөөн тооны шуналдаа автагдсан хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж нийт энэ системд ажилладаг бүх хүн тийм мэтээр дүгнэх, харлуулахыг би хувьдаа хүлээн зөвшөөрөмгүй. 110 жилийн түүхтэй энэ алба үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг эргүүлэн олж авах, гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, НҮБ-д Монгол Улсыг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх, улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй үйлдвэр, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийг татаж ирсэн. Гадаад харилцааг хөгжүүлж улс орныг модернизаци буюу орчин үежүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, 90-ээд оны хүнд цаг үед гадаад харилцааг амжилттай хөгжүүлж цахилгаан дулаангүй, хөрөнгө санхүүгүй таг зогсох эрсдэлийг даван туулах зэрэг олон чухал үйл хэрэгт чимээгүй хэрнээ үр бүтээлтэй оролцож ирсэн гавъяатнууд энэ албанд бий. Гэсэн хэдий ч олны дунд нэгэнт төрсөн сөрөг сэтгэгдэл амархан арилахгүй нь ойлгомжтой. Үүнийг арилгахын тулд байнгын хүчин чармайлт мөн цаг хугацаа хэрэгтэй.

-ДИПЛОМАТ АЛБАНЫ МАШИНУУДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛЭЭД ХЯНАДАГ БОЛСОН-

-Таны үед машинуудыг бүртгэлжүүлж машинтай холбоотой элдэв асуудлууд цэгцэрсэн гэгдэж байгаа. Энэ тал дээр чухам ямар ажил хийгдэв, үр дүнг гарав уу

-Төв Ази, Европ чиглэлд байгаа элчин сайдын яамдуудын автомашиныг бүрэн бүртгэлжүүлж, бүртгэлд байхгүй машинуудын дипломат дугаарыг нь цуцалсан. Мөн албаны хилийн чанадад манай дипломат дугаартай авто машинууд хаана явж байгааг бүрэн хянаж байгаа. Энэ бол дээр хэлсэн урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний нэг юм. 

-Дипломат ногоон паспортоор хязгаарлалтгүй зорчдог бүр эхнэр хүүхдээ гаргадаг байдал тасардаггүй байсан. Дипломат паспорт гарна гэх зарууд ч их явж, бараг зах зээр зарах нь холгүй болчихсон байлаа шүү дээ. Энэ паспортын асуудал цэгцэрсэн үү? 

-Дипломат болон албан паспорт, олны хэлж заншсанаар цэнхэр, ногоон паспортын зорилго нь төрийг төлөөлж, нийтийн эрх ашгийн үүднээс зөвхөн албан ажлын шугамаар гадаадад зорчихдоо ашиглах ёстой. Гэтэл албан пасспорт гангараа, хавтгайрал, ар өврийн хаалганы хэрэгсэл болж хувирчаад байсан. Хэд хэдэн арга хэмжээ авсан. Эхнийх нь өмнө нь төрд ажиллаж байгаад одоо гарчихсан хүмүүсийн паспортыг бүгдийг нь цуцалсан, хоёрт төрд ажилладаггүй хэрнээ танил талаа ашиглаад авчихсан байсан паспортуудыг цуцалсан. 

Ингээд нийтдээ гурван удаагийн тушаалаар 7500 орчим паспортыг цуцалж, төрийн холбогдох байгууллагууд болон олон улсын холбогдох байгууллагуудад хүчингүй болсон тухай мэдэгдсэн. Энэ бол дээр хэлсэнчлэн Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа зүйлсээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийгдсэн арга хэмжээ юм. Энэ ажил амар байгаагүй. Ер нь цэнхэр, ногоон паспортыг жирийн иргэн авч чадахгүй шүү дээ. Дандаа эрх мэдэлтэй, нөлөөтэй, нийгэмд танигдсан хүмүүс, тэдний эргэн тойрныхон байдаг. Тэдний эрх ашгийг хөндөж, паспортыг нь цуцлах шийдвэр гаргасан. 

-Хүчингүй болгосоноор ямар үр дүн гарах болов? 

-Үр дүнд нь албан болоод дипломат паспорт үзүүлээд гадаадад хууль бус үйлдэл, улсын нэр хүндэд халтай аливаа үйлдэл хийх эрсдэл хумигдаж байна. Цаашид ч ГХЯ энэ чиглэлийн ажлуудаа улам чангаруулж, хяналт тавьж ажиллана. 

-ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХАД ТОГТВОРТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЧУХАЛ-

-Монголын далбаатай хөлөг онгоцны асуудал маш олон жил асуудал дагуулж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрөгч зургадугаар сард Монголын далбаатай хөлөг онгоц хар тамхи зөөвөрлөж яваад Испанид баригдсан асуудал гарсан. Энэ төрийн далбаагаа түрээслэдэг, тэр нь зэвсгийн наймаа, хар тамхины асуудалд холбогддог асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 

-Монголын далбааг хэнд, хэзээ, хэдээр ашиглуулах уу гэдэг бол өөр байгууллагын асуудал. Харин дээрх үйл ажиллагаа нь Монгол Улсын олон улсын нэгдэн орсон гэрээ болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргийг зөрчиж байгаа эсэх, Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэх бол ГХЯ-ны анхаарах ёстой асуудал. 

Дээрх гэлтгүй ер нь асуудал нь хэдийгээр төрийн бусад байгууллагын эрхлэх хүрээний асуудал ч гэсэн Монгол Улсын гадаад нэр хүнд, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэгтэй холбоотой асуудлаар гадаад яам хяналт тавих, засч залруулах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Цаашид ч ГХЯ энэ чиглэлийн ажлуудаа хийгээд явна.

-Дипломат алба гадаадаас хөрөнгө татах чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгч дорвитой ажилладаг байсан. Одоо хөрөнгө оруулалт татах асуудал унтаа болчихлоо гэх шүүмжлэл гарах болсон. Шинээр томилогдсон элчин сайдуудад энэ тал дээр ямар үүрэг чиглэл өгч, ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ? 

-Гадаадаас хөрөнгө оруулалт татахад хэд хэдэн чухал хүчин зүйлс байдаг. Нэн түрүүнд хууль тогтоомж нь хэр тогтвортой бөгөөд ойлгомжтой вэ, хууль шүүхийн байгууллагууд нь хэр мэргэжлийн бөгөөд бие даасан, хараат бусаар ажилладаг вэ гэх асуулт. Өөрөөр хэлбэл хөдөлмөрөөрөө олсон мөнгөө үржүүлэх гээд сайн мэдэхгүй харь улсад мөнгөө өгч байна шүү дээ. Жишээ нь та хүнд мөнгө зээлдүүлэхдээ тухайн хүнийг хэр сайн таних билээ, найдвартай билүү үгүй билүү, зээлсэн мөнгөө эргүүлж олж авч чадах уу гэх мэтийг тооцдог биз дээ. Яг тэрэнтэй адилхан хөрөнгө оруулагчид баталгаатай байдал хамгийн чухал. Хоёрдугаарт, оруулсан хөрөнгө нь хэр зэрэг өсөх боломжтой тухай асуудал буюу татварын хувь хэмжээ болон бусад хөнгөлөлт. Баталгаат байдал хангагдаагүй байхад хэчнээн хөнгөлөлт амлаад, сурталчилгаа хийгээд нэмэргүй.

Мэдээж дипломат албаны хийх ёстой гол ажлуудын нэг бол Монгол Улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчныг бүрдүүлэх явдал. Энэ хүрээнд гадаад улсад суух элчин сайд нарт гадаад талаас хөрөнгө оруулалт татах ажлыг хийх шаардлагыг тавьж ажилладаг. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоё. Гадаад улс бүр харилцан адилгүй. Гадагшаа хөрөнгө оруулалт хийх чадавхтай улс гэж бий. Хөрөнгө оруулалтын чадавх багатай улс гэж бас бий. Тиймээс бүх элчин сайд нараасаа хөрөнгө оруулалт тат, түүгээр нь ажлыг нь дүгнэнэ гэж шаардах нь өрөөсгөл. 

-Ярилцсанд баярлалаа.

Та бүхэнд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-11 10:50

2016 оноос хойш МАН засаг барьж байна. Цогтбаатар болон түүнээс өмнөх сайд нар энэ асуудлаа шийдэхгүй элэнцэгээ хийж байсан таарах уу?

Дэд сайдад амжилт хүсье
Дэд сайдад амжилт хүсье
2021-10-11 11:38

ГХЯ-ны нэр хүнд унаж дэлхийд муу нэр зүүж эхэлсэн нь я�##�тчгүй өмнөх үеийн дипломатуудын үе дамжин тамхи зөөж хувиа борлуулж байсан з�##�гамж х�##�аатай с�##�шгүй холбоотой. Холбоотой байсаар ирсэн улаан цагаан сүлжээний бизнесийг мэдсээр байж мэдээгүй царайлж хар тамхи зөөтөл нь муутгасан сайдуудыг буруутай гэж хардаг. Одоо л засаж з�##�руулахгүй бол хэзээ ч чадахгүй.

Зочин
Зочин
2021-10-11 12:04

Төрийн машинтай хүүхэнддэг з�##�уу мөнүү

Зочин
Зочин
2021-10-11 12:20

Одоо цагт ховорхон мундаг дипломатч з�##�уу даа!

Зочин
Зочин
2021-10-11 12:24

Зөв үйлс хийж,зоригтой хөдөлж буй з�##�уусаа дэмжихийн хажуугаар хамга�##�ж,харж хандаж байх хэрэгтэй

Бат
Бат
2021-10-11 13:11

Маш том ажлын эхлэл. З�##�уу хүн зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй

Зочин
Зочин
2021-10-11 17:37

Зочин
Хилийн чанад дахь Монгол Улсын ДТГ-т томилолт аваад дипломат паспортыг хувийн зорилгодоо ашиглаж, наймаа хийж Монголынхоо нэрийг гутааж явдаг хүмүүс үндсэндээ Гадаад яамны мэргэжлийн дипломат, үндсэн боловсон хүчин биш гол төлөв өөр байгууллагаас томилогдсон өөр ажил мэргэжлийн хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Тиймээс улс төрийн намууд хэн нэг хүнээс их хэмжээний мөнгөн хандив авчихаад тэр хүнээ хилийн чанад дахь ДТГ-т дипломат ажилтнаар томилуулах гэж ГХЯ-ыг шахаж шаарддаг явдлыг зогсоох хэрэгтэй юм даа.

Танихгүй хүэ
Танихгүй хүэ
2021-10-11 22:12

ТНБД-ын үүдэнд туслах хийж байгаад л Ерөнхий сөйдын зөвлөхболсон байх. Гадаадад ч ЭСЯ-нд ажиллаж үзээгүйцүнх баригч бишүү

Зочин
Зочин
2021-10-12 07:12

Tnbd iin tuslahiin umnu yaamnd buyu Gadaad yaamnd ajillaj bsniig ni sanaj baina, jaahn medej bj yrina shuu, ESYa-nd ch ajillaj bsn bh,ta hun aduursan baihaa..

Ахмад
Ахмад
2021-10-12 11:52

Хийх ёстой юмаа хийж байгаа хүн байна, хийх ёсгүй юмаа хийдэг, хийдүүлдэг дарга сайд нараас ялгагдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button