ЭЦА: 18.000 орчим алт олборлогч иргэдийг таслан зогсоожээ

Экологийн цагдаагийн албанаас хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэд /нинжа/-тэй тэмцэх чиглэлээр ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, 2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Өмнөговь, Завхан Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны 2, бусад 1 ашигт малтмалын илэрц бүхий газруудад 58 удаагийн үйлдлээр, давхардсан тоогоор нийт 18.000 орчим иргэд дайрч хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч үүссэн нөхцөл байдлыг хяналтад авч, таслан зогсоосноор Төв, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд аймаг дахь цагдаагийн газраас дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан.
Цагдаагийн байгууллагад урд нь гар аргаар ашигт малтмал олборлосон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй ба энэ нь шинээр шүүхийн практик болсон.
Мөн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд ихээр цугларч байгаа газрын судалгааг гаргаж энэ онд 11 газарт хяналтын пост гарган ажилласнаар Төв аймгийн Сэргэлэн, Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт 800 орчим иргэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор бүртгэгдсэн тоон мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт “Хамтын эх булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогч /нинжа/ дайран орж нөхцөл байдлыг хүндрүүлсэнтэй холбогдуулан тус албанаас 4 удаа нийт 16 алба хаагч, 6 тээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажилласан.
Мөн энэ оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 4 алба хаагчийг 1 тээврийн хэрэгсэлтэйгээр хяналтын түр постод үүрэг гүйцэтгүүлэн ажилласан. Хяналт шалгалтын ажлын хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Тод-алт” нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол, мэдээллийн материалыг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх болон хяналтын прокурорт танилцуулан гомдол мэдээллийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харъяаллын дагуу шилжүүлэн прокурорын тоо бүртгэлд хүлээлгэн өгсөн.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖИНХЭНЭ БАЙГАЛ ОРЧИН СҮЙТГЭГЧИД !!!