НИЙГЭМ

298 ажилтан 10 орчим техникээр зам талбайн цас цэвэрлэж байна

Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв?

-Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, зургаан бодис цацагч машинаар  нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгахаар 29 тонн зориулалтын бодис болон давс цацаж байна.

-Давс, бодисын нөөц хэр байгаа вэ. Өвлийн турш хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлж чадсан уу?

-Яг өнөөдрийн байдлаар манай агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс хадгалагдаж байна. Энэ нь өвлийн турш хүрэлцэх хэмжээний  нөөц.  Өнгөрсөн оны өвөл нийслэлийн хэмжээнд зөвхөн давс л гэхэд  440 тонныг хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөц  хангалттай гэсэн үг.

-Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэлтэй байгаа юу. Ажлаа төлөвлөхдөө цаг уурчидтай хамтарч ажилладаг уу?

-Бид цаг уурчдаас мэдээ, мэдээлэл авч, хамтарч ажилладаг. Энэ удаагийн цас их хэмжээтэй биш боловч өнөө маргааш хоёр өдөр үргэлжилнэ гэсэн урьдчилсан төлөв гарсан. Тиймээс манай Хот тохижилтын газрынхан уртасгасан цагаар, байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

-Зам талбайн халтиргааг гулгааг багасгах, зориулалтын бодисыг хаанаас импортолдог вэ. Хил гааль дээр саатсан тохиолдол байна уу?

-Энэ жилийн хувьд бодисыг ОХУ-аас импортолсон. Ноднин БНХАУ-аас оруулж ирсэн бодисын үлдэгдэл нөөц бас бий. Нөөц хангалттай учир хил гаалийн асуудал үүсээгүй. Бэлэн байдлаа хангасан.

-Техник хэр хүрэлцээтэй вэ?

-Машин техник хангалттай. Шүүрний машин найм, бодис цацах машин 12 бий. Халтиргаа гулгааны үед гол ачаалал нугалдаг тэдгээр машинаас гадна жижиг ногоон машинууд цэвэрлэгээнд гардаг. Нийслэлчүүд маань сайн мэднэ дээ. Тэдгээр машинуудаа өдөр тутамдаа гаргадаг. Техникийн эвдрэл гэмтлээ өөрсдөө засчихдаг учраас саатал гарахгүй.

-Гар ажиллагааг бүрэн халж чадсан уу?

-Хэдийгээр техник хүрэлцээтэй ч өдөр тутмын цэвэрлэгээ, ажиллагаанд гар ажиллагаа, хүрз ашиглах үе бий. Бүх ажлыг техникжүүлж хараахан амжаагүй. Харин бодисыг бол зориулалтын машинаар автоматаар цацаж байгаа. Өнөөдөр л гэхэд Баянхошуу, Монелийн чиглэлийн өгсүүр замд бодис цацаж байгаа гэлээ.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button