Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин шалгах ёстой хэмээн үзэж, прокурорт буцаалаа

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт боллоо. Улмаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дахин прокурорт буцаалаа.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Н.Түвшинбаяр маргаад байгаа зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд гурван тэрбумын хохирол нөхөн төлсөн. Мэдээж төлж л таарна. Цаашдаа ч төлөх ёстой. Ойлгож, ухамсарлаж, гэмшиж байгаа. Сая шүүхээс хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гээд прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаа. Маш харамсалтай хэрэг болсон” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.