Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: Эмч, эмнэлгийн ажилтнуудын зүтгэлээр Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх суурь бүрдлээ

Монгол Улсад эрүүл мэндийн улсын алба, орчин цагийн  анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, Соёлын төв өргөөнд болж байна. 100 жилийн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр,
 
Эх орныхоо эрүүл энхийн мөнхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа энх цагийн цагаан нөмрөгт үе үеийн баатрууд та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн анагаах ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
 
1921 онд орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж, 1925 онд Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар нэртэйгээр байгуулж, 1930 онд бие даасан Эрүүлийг хамгаалах яамыг байгуулснаар Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болсон түүхтэй.
 
1921 онд Монгол улс 650 орчим мянган хүн амтай байсан бол 1963 онд нэг сая, 1988 онд хоёр сая, өнөөдөр 3.4 сая хүн амд хүрсэн нь өнгөрсөн 100 жилийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн тод илэрхийлэл билээ.
 
Өнгөрсөн 100 жилд иргэдийнхээ амь нас, аюулгүй байдал, эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үе үеийн эрүүл мэндийн салбарынхандаа түүхт 100 жилийн баярын хурлын индрээс гүн талархал илэрхийлье. 


 
Эрхэм цагаан нөмрөгт баатрууд аа
 
Эрүүл мэндийн салбарын хоёр зууны солбицолд хүн төрөлхтөн дэлхийн хоёрдугаар дайнаас хойш туулж үзээгүй нэн хүнд сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлын улмаас дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэл танигдахын аргагүй өөрчлөгдлөө. 
 
Та бүхэн маань цар тахлын эсрэг тэмцэлд өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг ялгалгүй зүтгэлээ.
 
Цар тахлаас улбаалж Монгол Улсын эдийн засаг 1992 оны нийгмийн шилжилтийн цаг үеэс хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, экспорт тасалдаж, дараалсан хатуу хөл хорио тавигдсан нэн хүнд үеийг та бид хамтдаа даван туулж байна.
 
Манай улс 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж, чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувийг бүрэн тунд, зорилтот бүлгийн 47 хувийг дархлаа сэргээх нэмэлт III тунд хамруулсан байна.
 
Вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж болзошгүй эрсдлээс 40 гаруй мянган хүний амь насыг аварч чадсан та бүхэндээ Засгийн газрын тэргүүний хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
Та бүхэн зөвхөн иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалаад зогсохгүй, улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг ч давхар хамгаалж чадсаан.
 
Цагаан нөмрөгт баатрууд та бүхэндээ
 
·      Хичээл сургуульдаа явж буй оюутан сурагчдын өмнөөс
·      Хатуу хөл хориогүйгээр аж ахуйн нэгжээ эрхлэж буй хувийн хэвшлийнхний өмнөөс
·      Аюулт өвчин тусаад эмчлэгдэн эдгэсэн иргэдийн өмнөөс
·      -5.3 хувиар агшсан эдийн засгийг эргэж 3.6 хувь буюу цар тахлын 2019 оны түвшинд хүргэж улсын төсөв тасалдалгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ авч буй нийт иргэдийнхээ өмнөөс дахин талархал илэрхийлье.
 
Эмч, эмнэлгийн ажилтнууд Та бүхний хүчин зүтгэлээр Монгол Улс энгийн амьдралд үе шаттайгаар шилжиж, эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна.


 
Гэвч цар тахал цаашид хичнээн удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй байна. Цар тахал төсөөлшгүй ирээдүй, таамаглаагүй сорилтуудыг учруулсаар байна. Омикрон шинэ хувилбар гарснаар дэлхий нийт дахин түгшүүрт автлаа. Омикрон сар хүрэхгүй хугацаанд дэлхийн 110 гаруй улсад бүртгэгдлээ.
 
Манай улсад орж ирэх нь ч цаг хугацааны асуудал юмаа. Бид бэлтгэл ажлаа хангаж, дархлаажуулалтын ажлаа илүү идэвхижүүлэх шаардлагатай. Бидэнд цаашид ямар ч сорилт тулгарсан, даван туулж чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна. Яагаад гэвэл, эрүүл мэндийн салбарынхан Та бүхэн байгаа учраас.
 
Сорилт бүхэн боломжийг бас давхар дагуулдаг. Одоогоос 100 жилийн өмнө тухайн үеийн эрүүл мэндийн салбарынхан нийт хүн амаа бүрэн эрүүлжүүлэх хүндхэн сорилтыг даван туулж чадсан шиг, шинэ зууныг эхлүүлж буй эрүүл мэндийн салбарын энэ цаг үеийн баатрууд та бүхэн цар тахлын хүндрэлийг даван туулж чадах болно.
 
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарыг бүхий л талаар дэмжиж ажиллана. 2022 оноос иргэн бүрийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах тогтолцооны шинэчлэлийг хамтдаа хийнэ, иргэдийн эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг боловсролын салбартай хамтарч өөрчилнө, эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны, сүрьеэгийн, түлэнхийн, халдварт өвчин судлал болон хавдар судлалын үндэсний төвүүдийг шинээр байгуулж, амаржих газруудын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Монгол хүн эх орондоо олон улсын түвшинд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авах боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх талаар дэмжинэ.
 
Хүнд цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлдэг гэдэг билээ. Цар тахлын цаг үе түүх болон үлдэж, эмч, эмнэлгийн ажилтнууд Та бүхэн энэ түүхийн БААТРУУД болон мөнхрөнө.
 
Шинэ зууны жилд нь амжилт хүсье гэлээ.
 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button