Нийгмийн

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

Өнөөдөр /2021.12.28/ УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагаас эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн.

Эхлээд Оюу толгой ордод холбогдох тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүлсэн.

Дараа нь “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж эхэлсэн.

Ковидын гэгдэх уг хуулийн хэрэгжилтийн хугацааг зургаан сараар сунгах өөрчлөлтийг тус тогтоолын төсөлд тусгаад байгаа юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хууль сөрөг нөлөөллийг бууруулах гэсэн нэртэй ч бууруулсангүй. 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн гарсангүй. Хөдөө орон нутагт амьдралын өртөг улам нэмэгдэж байна. Ийм үед дахин энэ хуулийг баталж, дахин хориглолтын байдалд орох боломж бий болгож болохгүй. Энэ хууль чинь концепцоороо хэрэгжихгүй байна. Далимдуулж олон хууль бус томилгоо хийгдэж байна. Яахаараа ингэдэг юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлан: Улстөржиж болохгүй гээд л улстөржөөд байх юм. Энэ хууль маш сайн хэрэгжсэн. Эдийн засгийн маш их өөрчлөлт гарсан. 2020 онд 2.6 их наяд, 2021 он 2.4 их наядын ковидын үеийн төсвөөр дамжсан эдийн засгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн байдаг. Ингэж нийгэм, эдийн засгийг улам цөмлөчихгүйгээр авч ирсэн” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, айдас хүйдсээс нь салгах чухал байна. Эрүүл мэндийн сайдаас асуухад, европын асуудал чинь вакцин хийлгээгүй хүмүүстэй л холбоотой. Үүнийг өөрсдөдөө авчирч наагаад, жаахан хөдлөх гэж байгаа эдийн засгийг боомилоод байна. Хоёр жил хаалаа, боолоо. Гэртээ байгаад байвал хэн мөнгө өгөх билээ. Асуудлыг арай өөрөөр  хармаар байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид хааж, бооё гэдэг бодлого барихгүй байгаа. Энэ вирус шинээр хувьсдаг, хурдан тархдаг. Тэр хэрээр бусад байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал. Бид хөл хорио тавья гэж хэлээгүй шүү дээ. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа 2.6 хоног байгаа учраас гадаадаас орж ирж байгаа хүмүүсийг гурав хоног тусгаарлаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Би эдийн засгийн асуудалд санаа зовж байна. Эрүүл мэндийн сайдтай маргах гээд байгаа зүйл алга. Асуудлаа олон талаас нь хараасай л гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сонгон шалгаруулалтгүй, төрийн албаны шалгалт өгөөгүй 2000-аад хүн албан тушаалд очсонд л гол асуудал байгаа юм. Юу ч мэдэхгүй, сонгуулиар хэсэг дагаж явсан залуус одоо “Ах аа, эгч ээ, энийг яаж хийдэг юм бэ?” гээд сууж байна. Бүх арга хэмжээгээ нээчихээд төрийн албаны шалгалтыг ядаж цахимаар авдаг болчихгүй. Хууль буцаж үйлчлэхгүй тул наад томилогдсон хүмүүс чинь тэртэй тэргүй халагдахгүй. 3.2-оо хасчихаад л ороод ирэхгүй. Нэмэлт өөрчлөлтүүд дотор энэ асуудал багтаагүй учраас хэлэлцэж буй асуудалтай хамаарахгүй болчихоод байна. Одоо юу гэх вэ.

Гэрэл зургийг: А.Мандуул

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Хуулийг сунгах нь зөв гэж бодож байна. Цар тахал цаашид удаан үргэлжлэх шинжтэй байгаа. Харин сунгахдаа айлуудын тог, цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж байна. Мөн сонгон шалгаруулалтгүй томилгооны асуудал хэл ам дагуулж байна шүү дээ.

Үүнд Шадар сайд С.Амарсайхан: Тог, цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх асуудал Засгийн газар дээр хэлэлцэгдэж байгаа. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө эцэслэн шийдвэрлэнэ.

Ковидын хуулийн хүрээнд томилгоотой анхаарал татсан асуудал гарахгүй байлгүй дээ. Өмнө нь хийсэн томилгоогоо жинхлэх, шаардлага хангахгүй байгаад нь арга хэмжээ авах асуудал зохион байгуулагдаж байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button